1848 оны хувьсгалын эхлэл ба чөлөөлөх хөдөлгөөний өдрийн улсын баярыг Унгарт тэмдэглэнэ. Энэ өдөр Пештэд хувьсгал эхлээд түүнд оролцогсод парламентын өмнө хариуцлага хүлээдэг өөрийн Засгийн газрыг байгуулах мөн Австриас тусгаарлах зорилттойгоор тэмцлээ эхэлжээ. Австрийн эзэн хаан гэрээнд гарын үсэг зуран Унгарын анхны парламентыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ намар нь Унгарын сайн дурынхан болон Австрийн байнгын армийн хооронд дайн эхлэв. Эзэн хааны арми унгарчуудаас дөрөв дахин их тоотой байсан ч ялагдал хүлээн Вена хот хүртэл шахагдан ухарчээ. Оросын арми Австрид туслахаар ирж босогчдыг арай ядан дийлсэн байна. Оросууд техникээр давуу, хүний тоогоор босогчдоос тав дахин их хүчтэй байлаа. Бослогын ойг унгарчууд тусгаар тогтнолоо бүрэн сэргээсэн 1919 оноос хойш тогтмол тэмдэглэж ирэв.
Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди 1961 оны энэ өдөр Конгресст үг хэлэхдээ хэрэглэгчдийн үндсэн дөрвөн эрхийг тогтоож өгсөн байна. Үүнд аюулгүй байдал, мэдээллийн эрх, сонголт ба өөрийгөө сонсуулах гэсэн эрхүүд оржээ. Дараа нь тэдэн дээр хохиролоо нөхүүлэх, хэрэглээний боловсрол эзэмших, үндсэн хэрэглээгээ хангуулах, эрүүл хүрээлэн буй орчинд амьдрах зэрэг дөрвөн шинэ эрхийг нэмсэн байна. 1983 оноос энэ өдрийн олон улсын хуанлийн тэмдэглэлт өдөр болгохыг санал болгожээ.
Фальяс (Las Fallas) гэх хаврын баярыг Испанийн Валенсийн нийгэмлэг тэмдэглэдэг. Энэ сарын 20 хүртэл уг хотод хэдэн сая жуулчид очин уг баярыг сонирхдог ажээ.
Үйл явдал
1311 он. Грекийн Алмиросын дэргэдэх тулалдаанд Афинын захирагч V Вальтер Бриеннскийн (1275–1311) арми бут цохигдов. Ингээд загалмайтны дөрөвдүгээр аяны дараа 1204 онд байгуулагдсан Афинын загалмайтнуудын вант улсын төгсгөл иржээ.
1892 он. Шар айргийн үйлдвэр ба зочид буудлын эзэн, бизнесмен Жон Холдинг өөрийн төрлөх хотдоо “Ливерпуль” клубыг байгууллаа. Тэр өмнө нь Британийн арлын хамгийн нэртэй “Эвертон” багийн Ерөнхийлөгчөөр 1884 онд сонгогдсон байв. Санхүүгийн зөрөлдөөнөөс болон тэрээр уг багаас холбоогоо таслан гарахдаа хөл бөмбөгчидгүй сайхан талбайтай үлджээ. Холдингр шотланд мэргэжлийн тоглогчдоор нэг баг байгуулж, өмнөхөө санагалзан “Эвертон атлетик” гэж нэрлэсэн боловч түүнийг бүртгэхээс Английн хөлбөмбөгийн холбоо нэр ижил гээд татгалзсан байна. Эцэст нь тэр төрсөн хотынхоо нэрээр клубаа нэрлэн бүртгүүлжээ. Энэ клуб 18 удаа Английн аварга болж байсан түүхтэй.
1917 он. Энэ өдөр Швейцарийн Цюрих хотод байсан Владимир Ильич Ленин Женев хотын ойролцоо амьдарч байсан нууц амраг Иннеса Армандад захиа илгээн Орост хувьсгал гарсаныг мэдэгдэж байлаа. “Өнөөдөр Цюрихт бөөн дуулиантай. Zurcher Post ба “Neue Zurcher Zeitung”-т цахилгаан мэдээгээр Питерт хувьсгал ялсаныг дамжуулсан байна… Хэрэв немцүүд худал хэлээгүй бол энэ яг үнэн” гэж Ленин бичихдээ швейцаричуудыг немцүүд гэсэн байв. Ленины “немцүүд” худал хэлсэнгүй аж. Гуравдугаар сарын 14-нд Оросын эзэнт улсад хуввьсгал гарч дараагийн өдөр нь Псков хотноо штабын вагонд II Николай хан өөрөө болон залгамжлагч хүү Алексейн өмнөөс хаан ширээнээс татгалзан их ван Михаил Александровичид эрх мэдлээ шилжүүлж байлаа. Михаил ванд бодит хүч байхгүй байсан учир тэрээр хаан ширээнд суулгүйгээр гуравдугаар сарын 16-нд засгийн бүх эрхийг Түр Засгийн газарт дамжуулан өгсөн юм.
1990 он. Гуравдугаар сарын 15-нд ЗХУ-ын Ардын депутатуудын ээлжит бус их хурлаар Зөвлөлтийн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачевыг Зөвлөлтийн түүхэн дэх хамгийн анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэрээр энэ тушаалд бараг хоёр жил болоод Зөвлөлт задарсаны дараа 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд огцрон эрх мэдлээ татан буулгажээ.