Орон нутгийн сонгуулийн чимээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн чимээ

Орон нутгийн сонгуулийн чимээ

Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох, иргэдийн амьжиргаа, амьдралд хамгийн ойр байдаг төлөөлөгчдийн сонгох сонгууль хаяанд иржээ. Аймаг, дүүргийн төлөөлөгчид иргэдийн амьдралд илүү ойр байж, тэдний амьдрал ахуйд хэрэгтэй шийдвэрийг гардаж, үзэглэдэг учраас орон нутгийн сонгууль хамгийн ач холбогдолтой.

2020 оны сонгуулиар сонгогчид МАН-д дахин итгэл үзүүлсэн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажилд нь дүн тавьсан гэсэн үг. Мэдээж Засгийн газрыг хэн тэргүүлж, бодлогыг аль нам гаргаж байгаагаас төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай. Ялангуяа нэг нам дангаараа эрх барьж байгаа үед төрийн дээд, дунд, доод шатны төлөөлөгчид нь ч мөн нэг нам байж төрийн шийдвэр бүх шатандаа жигд хэрэгжинэ.

Гэхдээ эрх баригч намд сөрөг хүчнээс гадна, ард түмний хяналт маш чухал. Тиймээс орон нутгийн сонгуульд сонгогчид хамгийн их ач холбогдол өгөх ёстой юм. УИХ-ын сонгуулийн сүүдэрт “дарагдчих” гээд байдаг учраас сонгогчид ч намууд ч орон нутгийн сонгуульд анхаарал бага хандуулдаг жишиг бий. Тиймээс өнгөрсөн удаад Орон нутгийн сонгуулийн хуулийг батлахдаа сонгуулийг ирцийг тооцож 07.00-20.00 цаг хүртэл, сурталчилгааны өдрүүдийг 15 болгож багасгасан. Түүгээр зогсохгүй орон нутгийн сонгуульд ирц хамаарахгүй гэж зохицуулсан нь өөрөө сонгогчдын идэвхийг бууруулж буй нэг хэлбэр гэж харах хүмүүс бий.

Орон нутгийн сонгуульд иргэд хэрхэн ач холбогдол өгөх ирэх дөрвөн жил бидний юу хүлээж байгаа, бидний амьдралд юу хэрхэн нөлөөлөх вэ гэдэг маш чухал. Ялангуяа УИХ-д олонх болсон намд итгэл үзүүлж, орон нутгаа өгөх үү, эсвэл сөрөг хүчин ялах уу гэдэг том сонголтын өмнө байна. Өнгөрсөн удаагийн туршлагуудаас харахад нэг нам дангаараа УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нь хоёр талтай. Мэдээж, төрийн бодлого шат шатандаа хэрэгжээд, нэг намын бодлого, нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээд явах, төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зэрэг давуу талууд олон бий. Үүнийг хүсч байгаа сонгогчид ч олон бий.

Гэхдээ нөгөө талдаа ямар нэг хяналтгүй, сөрөг хүчингүй, иргэний нийгмийн дуу хоолойг сонсохгүй хүч түрэн зүтгэх аюул бий. Парламентад олонх болсон эрх баригч намыг орон нутгийн сонгуульд багаар нь дэмжих нь өөрөө сонгогчдын амьдрал ахуйд хамгийн их нөлөөтэй боловч нөгөө талдаа сонгогчийн, иргэний нийгмийн, сөрөг хүчний дуу хоолой “боомилогдох” эрсдэл ч үүснэ.

Тиймээс сонгогчид орон нутгийн сонгуульд  хариуцлагатай, идэвхтэй оролцох хамгийн чухал үе ирээд байна. Таны хайхрамжгүй, хариуцлагатай хандаагүй сонголт төрийн бодлого тогтворгүй, талцал хуваагдалд нэрмээс болохоос нэмэр болохгүй шүү гэдгийг сануулъя. Ялангуяа дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, тогтвортой, улс төрийн тэмцэл, хагаралгүй ухаалгаар даван туулахад төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал юм шүү, сонгогчдоо!

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж