Үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий болтол борви нугалах завгүй ажилладаг хүмүүс бол ТҮК-ийн зам талбай цэвэрлэгчид. Тэр дундаа Монгол Улсын нүүр царай Сүхбаатарын талбайг ямар хүн, хэрхэн цэвэрлэдэг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй сонирхол татна.
Сүхбаатарын талбай бол Улаанбаатар хотын зүрх. Тэнд хонхны баяр, хурим найр, төгсөлтийн баяр, болзоо, уулзалт, тоглолт, жагсаал гээд хэзээд хөл хөдөлгөөн тасрахгүй ч өглөө бүр улсын маань төв цэг цэвэр цэмцгэр угтдаг. Бидний тэр бүр анзаараад байдаггүй энэ хариуцлагатай ажлыг хийдэг зам талбайн цэвэрлэгчдийн нэг бол О.Батболд юм.
Зам талбайн цэвэрлэгчээр найм дахь жилдээ ажиллаж буй тэрбээр “Ах нь өөрөө ОХУ, Украинд байсан хүн болохоор Кремлийн талбайд очиж үзсэн хүн. Монгол Улсын зүрх нь болсон төв талбайгаа Кремлийн талбайтай зүйрлэж, ганц ширхэг тамхины ишгүй цэвэрлэе гэж боддог” хэмээн ярих нь түүнийг ажилдаа хэр чин сэтгэлээсээ ханддагийг илтгэнэ.
Түүний ажил хүмүүсийн хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө өглөөний 05.30 цагт эхэлдэг. Өглөөний 04.30 цагт гэрээсээ гарч, өдөрт дор хаяж 10-15 км алхах нь энүүхэнд гэлээ. Сүхбаатарын талбай нийтдээ 40 мянган метрийн хэмжээтэй бөгөөд талбайг тойрсон 14 хогийн сав байрладаг гэнэ. Б.Батболд өглөө эртлэн төв талбайгаа цэвэрлэж, хогийн савнуудаа суллана.
“Манай Хот тохижилтын газрын долдугаар бригад төв талбайгаа хариуцдаг. Өвлийн улиралд цас ороход цэвэрлэх ёстой бусад гудамж талбайгаа түр орхиод хамгийн түрүүнд талбайгаа цэвэрлэдэг. Монгол Улсын төв цэг гэдэг утгаараа бид их анхаарал тавьж ажилладаг. Шаардлагатай үедээ хамт олноороо ажиллана. Монголын нүүр царай болохоор төв талбайд маань гадаад дотоодын олон жуулчин ирдэг. Тиймээс ч төв талбай цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг гэж боддог” тухайгаа хэлж байв.
“Хүмүүс зажилсан бохио ил задгай хаячих юм. Бид тэрийг нь цэвэрлэх гэж хусч, зүлгэж угаана. Бас нэг юм хэлэхэд гинжтэй арслангууд дээр гадаадаар янз бүрийн үг биччих юм. Тэр болгоныг арчиж арилгадаг. Тийм болохоор хүмүүс минь түүх соёл, дурсгалдаа хүндэтгэлтэй хандаарай” гэж хэлэхийг хүсч явдагаа нуусангүй.
“Нэг үеэ бодоход хүмүүсийн ухамсар сайхан болжээ. Залуус маань бидний ажлыг хүндэлж хогоо хогийн саванд хийдэг болсон байна. Орчин үед ажлыг минь хөнгөвчлөх тоног төхөөрөмж, машин техник ч олон болж” хэмээн Б.Батболд хийж буй ажлаараа бахархан өөрт тохиолддог бэрхшээл, хүндрэлийн талаар ярихыг хүссэнгүй. Тэрбээр “Амар ажил гэж байхгүй. Мэргэжил бүхэн сайхан. Зам, талбайгаа цэвэрлэчихээд эргээд харахад маш сайхан байдаг” хэмээн өгүүлэв.
Тэрбээр 1979 онд ОХУ-ын Хар далайн эрэг дээрх Одесс хотын цэргийн сургууль төгссөн офицер цолтой нэгэн. Амьдралынхаа 13 жилийг салаан даргаас штабын орлогч хүртэлх албыг хашиж явсан тухайгаа дурсан ярьсан юм. Залуугаасаа дарга цэрэг явсан тэрбээр бор дарсанд орсон ч сайн ханийн буянаар энэ бүхнийг даван гарч чадсан гэнэ. Тиймээс ч энэ ажлыг анх хань нь санал болгожээ.
“Би чинь ОХУ-д цэргийн сургууль төгссөн хүн. Өөрийгөө сэхээтэн, дарга хүн гээд бодчихсон байсан. Тэгсэн миний хань энэ сайхан буянтай газар ажилд орох саналыг надад анх тавьсан. Би “Чи надаар зам цэвэрлүүлэх гэж байгаа юм уу. Залуудаа ийм ажил хийж явсангүй” гэж үнэрхэж байгаад ажилд орж байлаа. Эхэндээ хүнээс ичиж санаа зовоод маск, нүдний шил зүүдэг байсан. Одоо бол Монгол Улсынхаа нүүр царай болсон гудамж, талбайг цэвэрлэж яваагаараа бахархдаг” хэмээсэн юм.
Ингээд түүний цайны цагаар Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоох гэрт нь хамт очлоо. Гэрийн үүдээр ормогц түүний хийсэн бүтээлүүд гэрийн ханыг чимнэ. Тэрбээр архинаас гарснаасаа хойш шигтгээ урлал хийж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг болсон тухайгаа ярилаа. Чингис хааны хөрөг, найман шарга морь, ганган тогос шувуу зэрэг өнгө өнгөөр алаглах жаазтай бүтээлээ нэг бүрчлэн танилцуулж өглөө. Ах дүү, найз нөхөд нь түүнийг дэмжиж, хийсэн бүтээлийг минь худалдаж авдаг гэдгээ хэлсэн юм. Тэрбээр нэг бүтээлийг 10 гаруй хоногт л хийчихдэг гэнэ.
Түүний ханийг Г.Бямбацэрэн гэдэг. Тэрбээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад саяхан гавьяаныхаа амралтыг аваад буй. Тэд ханилаад 30 жил болж байгаа бөгөөд гурван сайхан хүүтэй айл.
Түүний хань Г.Бямбацэрэн “Анх гадаадад цэргийн сургууль төгссөн хүн ийм ажил хийхгүй гэж хэлж байлаа. “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэдэг дээ. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж, тэндээс аз жаргал, баяр баяслыг авдаг гэж боддог. Олны зам засч, цэвэр, сайхан орчинд байлгахын төлөө ажиллана гэдэг чинь их буянтай ажил. Тийм учраас ханиараа бахархаж, их дэмждэг” тухайгаа хэлж байв.
Хань нь зам талбай цэвэрлэдэг болохоор гэргий нь гудамжаар явахдаа тамхины иш их хаясныг хараад эмзэглэдэг гэлээ. Заримдаа хүн багатай байвал тэр хогийг нь аваад хогийн сав руу хийнэ. Цонхоороо харж байгаад л “Энд ийм хог хаячихсан байна аваарай” гээд л хань руугаа утасдаж хэлдэг гэнэ.
“Хань маань их ажилч хичээнгүй, гэр орон гадна талбай их сайн цэвэрлэнэ. Өдөр болгон ажлаасаа ирээд орой хувцсаа угаана. Замын цэвэрлэгч гэхээр заавал халтар хувцастай байх ёсгүй. Ийм насны хүн бусдадаа үлгэр дууриалалтай байх хэрэгтэй. Гудамжинд ажиллаж байхад нь ах дүү, найз нөхөд, шавь нар нь тааралдана. Хүн харахад цэвэрхэн байхыг хичээдэг” гэдгийг хэлж байв.
Б.Батболд жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байгаа ч залуу ажилчдадаа зөв үлгэр дууриаллыг үзүүлж, чин сэтгэлээсээ ажлаа хийхийг захиж сургахыг хүсдэг нэгэн. Бидэнтэй хэсэг ярилцан суусан тэрбээр “Сүхбаатарын талбай дээрээс амьдралын маш олон өнгийн харж, залуу насаа дурсан, аз жаргалыг мэдэрдэг” гэлээ. Гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийг анзаарах сөхөөгүй ажилладаг шар хантаазтай нэгэн эгэл эрхэмтэй танилцахад нэг ийм байна.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ