Ц.Элбэгдорж: Монгол хэл, бичиггүй бол монгол хүн байх боломжгүй | News.MN

Ц.Элбэгдорж: Монгол хэл, бичиггүй бол монгол хүн байх боломжгүй

Ц.Элбэгдорж: Монгол хэл, бичиггүй бол монгол хүн байх боломжгүй

Ц.Элбэгдорж: Монгол хэл, бичиггүй бол монгол хүн байх боломжгүй

БНХАУ-ын ӨМӨЗО-ны сурагчдыг эх хэлээрээ сурах боломжийг хязгаарласныг эсэргүүцэж буй Өвөрмонголчуудын тэмцлийг ар монголчууд ч дэмжиж байгаагаа мэдэгдсээр байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд, Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-д хандан өргөх бичиг мэдүүлж, хэдэнтээ тайван жагсаал зохион байгуулав.

Түүнчлэн монгол бичиг, үндэсний соёлд онцгой анхаарал хандуулж ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. Тэрбээр “Монгол хүн болж төрсөн бол дэлхийн хаана ч байсан энэ хүсэл эрмэлзлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол монгол хүн гэж байх боломжгүй. Монгол хэлгүй бол толгойгоор яах юм бэ, монгол бичиггүй бол гараар яах юм бэ. 300 жилийн турш монголчуудын хэл бичиг, ахуй түүхийн эсрэг байсан энэ доромжлол шинэ зуунд үргэлжлэх ёсгүй. Өвөрмонголд тохиолдсон энэ явдал маргааш Монголд тулгарах аюултай. Монгол хэл соёл, удам угсааг хадгалж үлдэхийн төлөө монгол хүн бүр дуугарах ёстой” гэсэн байр суурийг тэрбээр улстөрдчөөс ганцаараа илэрхийлсэн.

Түүний энэхүү мэдэгдлийг Хятадын хэвлэлүүд хүртэл онцолсон. Мөн сүүлд тэрбээр дахин байр сууриа илэрхийлж, "Монгол хэл бичигтэй, Монгол Улсын хууль, тусгаар тогтнол, эрх чөлөөг хүндэтгэдэг Монгол хүнийг ямар ч шалтгаанаар ирсэн тосоод авах хэрэгтэй. Энэ тухай хуулийн төсөл бэлэн. Өргөн бариад батлуулах хууль санаачлагчид олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь зүтгүүлээд бараагүй юм” хэмээн тодотгосон.

Ийнхүү ӨМӨЗО-нд үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн асуудлаар идэвхтэй дуугарч буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн байр суурийг Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй хэрхэн тодорхойлсон нь олны анхаарлыг татаад байна. Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-ы өчигдрийн /2020.09.15/ дугаарт өгсөн ярилцлагадаа "Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугиж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай" гэсэн юм.

Тэгвэл үүний хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдлэе л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Энэ бол монгол хүний амин чухал эрх ашиг. Монгол хүнийг Монгол нутаг дээр нь доош хийхийг бас тэвчихгүй. Си дарга нь ийм үйлдлийг хараад юу гэх бол? Миний хувьд бол – Persona Non Grata” хэмээн  хариу жиргэжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас  "Монгол хэл бичгийн эсрэг соёлын геноцидийг зогсооно, Өвөр Монголд дахин ийм юм давтагдахгүй,  хэл соёлоо өмөөрч шоронд хоригдсодыг суллана" гэсэн ийм гурван үгийг хүлээж байгаагаа онцлосон байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж