Чуулганаар 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Чуулганаар 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.02.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс хуулийн төслийн санал асуулгын журам, зохион байгуулалт, хугацаатай холбоотой зарим заалтыг Сонгуулийн тухай хуультай уялдуулах, цахим хэлбэрээр санал асуулгыг явуулах болон сонгогч илээр саналаа өгөхтэй холбогдсон зохицуулалтыг төслөөс хасах, түүнчлэн хууль зүйн техникийн шинжтэй өөрчлөлт хийх талаар бусад зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Төслийн 4.4 дэх хэсгийн “санал асуулга явуулах асуулгын тоо” гэснийг “санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоог УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчлөх, төслийн 3.7 дахь хэсгийг “Сонгогч саналаа нууцаар гаргана” гэж өөрчлөх, 7.1 дэх хэсгийг “Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулахаар УИХ товлон зарлана” гэж өөрчлөх, төсөлд “Санал асуулгыг УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгын санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсэн 7.7 дахь хэсэг нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр, төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгагдсан техник хэрэгсэл нь онцгой албан татвар ногдуулдаг бараа биш тул төслийн 2 дугаар зүйлээс "техник хэрэгслийн" гэснийг хасах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ч.Улаан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Ш.Түвдэндорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хийх үеэр ""Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Улаан импортын барааны гаалийн татварыг "Нэгжид мөнгөн илэрхийллээр" ногдуулах гэснийг хасах, дээрх хууль болон тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2016 оны 3 дугаар 01-ний өдрөөс гэж өөрчлөх гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн өдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нар төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого Ирээдүйн өв санг бүрдүүлэх эх үүсвэрийн нэг хэсэг байх шаардлагагүй тул төслийн 7.1.1-ээс "төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого" гэснийг хасах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн дээрх гишүүд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан хуулийн заалтын алдааг залруулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга асууж тодруулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.7 хувийн саналаар баталж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэдэх “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо”-г “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо” болгон өөрчиллөө.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал дэмжигдсэн байна хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийн төслийг батлав.

Органик хүнсний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн хэмээн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хороогоор дэмжигдсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа нарын бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэгтэйгээр байгуулан ажиллуулжээ.

Ажлын дэд хэсгээс “Хүүхдийн төлөө ногоон карт” аяныг 2015 оны 06 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд улс даяар зохион байгуулж, нийтдээ 24.000 гаруй саналыг хүлээн авсан байна. Мөн ажлын хэсгээс зарим яам, агентлагаас албан ёсоор дахин санал авч, саналыг хуулийн төсөлд тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулсан юм.

Тэрбээр, ирүүлсэн саналуудыг багцлан, хуулийн төслийн талаар холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 150 хүний хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийн талаар телевизээр 18 удаагийн ярилцлага, нэвтрүүлэг явуулсныг мөн дурдсан. Ажлын дэд хэсэг 12 удаа хуралдаж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 24, найруулгын чанартай 11 саналыг бэлтгэсэн хэмээн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав.

Тэрбээр, Тєрийн байгуулалтын байнгын хороо уг төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлын хүрээнд хэлэлцээд санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн хэмээлээ.

Байнгын хороо хуралдаанаараа бусад Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналууд болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан байна.

Байнгын хороодоос ирүүлсэн саналуудаас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа нарын “Төсөлд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах агуулга бүхий заалтуудыг төслийн холбогдох зорилтуудад нэмж тусгах”, “Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нарийвчлан авч үзэх, ялангуяа ядуурлын үзүүлэлтүүдийг бодитой тооцох” гэсэн зарчмын зөрүүтэй санал, УИХ-ын гишүүн М.Сономпилийн гаргасан ”Байгаль орчин, ногоон хөгжил, хүний аюулгүй байдалтай холбоотой утаа, хүлэмжийн хийг бууруулах зорилтыг 2016-2020 онд 2 хувь, 2021-2025 онд 7 хувиар бууруулахаар тооцсон хувь хэмжээг өндөрсгөх, илүү үр дүнд хүрэх боломжийг тооцох”, “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой газрын доройтлын үр дагаврыг 2026-2030 онд бууруулахаар тусгасныг 2020-2025 онуудад эхлэх зорилт тавих, үүнтэй холбогдуулан байгалийн баялаг ашиглахтай холбоотой газрын эвдрэл, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилт шинээр тусгах” гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны гишүүд хэт ерөнхий, тогтоолын төсөлд шууд тусгах болохгүй томьёолол тул санал хураах боломжгүй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн А.Бакей төслийн үр дүнг илэрхийлэх үзүүлэлтэд “Орлогын тэгш бус байдлын үзүүлэлт”-ийг “суурь төвшин – 36.5, зорилтод төвшин – 30.0” гэж нэмж тусгах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг, УИХ-ын гишүүн С.Баярцогтын үзэл баримтлалын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүдийн зорилтот түвшингийн хэмжээг 2014-2030 хүртэлх хугацаанд үе шаттайгаар тооцоолон тусгах саналыг тус тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаярын гаргасан тогтоолын хавсралтын холбогдох хэсэгт “I үе шат “/2016-2020/ онд Улаанбаатар хотыг утаагүй болгоно” гэж нэмж тусгах, “сэргээгдэх эрчим хүч” гэсэн нэр томьёог “мөнхийн эрчим хүч” гэж өөрчлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүн олонх дэмжээгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж дуусан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороодод шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй эсхүл, төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалтыг хуульд нэмэх, 4.6 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа боловсронгуй болж, Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж буй юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй юм байна. Хуулийн төсөл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, С.Бямбацогт нар байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Тэрбээр, УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.15 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.13 дахь хэсэгт “Сум, дүүргийн сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй” гэж тус тус заасныг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах шаардлага бий болсонтой холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Төсвийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн өдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль, тогтоолын төслийн танилцуулга болон, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалагдах Байнгын хороодод шилжүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж