Mommy comedy: Ээж, хүүхэд хоёрт ээлтэй хот төлөвлөлт алга

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Mommy comedy: Ээж, хүүхэд хоёрт ээлтэй хот төлөвлөлт алга

Mommy comedy: Ээж, хүүхэд хоёрт ээлтэй хот төлөвлөлт алга

Mommy comedy” цахим  хуудсыг  үүсгэн байгуулагч М.Сугартуяатай ярилцлаа.


-Анх Mommy comedy” цахим  хуудсыг  нээх санаагаа хэрхэн олж байв гэдгээс яриагаа эхлэх үү?

-2016 онд дунд хүүгээ тээж байх хугацаанд “Аз жаргалын хоёр зураас” гэсэн эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн нэвтрүүлгийг санаачлан “Star” телевизтэй хамтран хийж байлаа.  Жирэмсэн байх хугацаандаа нийт 20 дугаар хамтран хийгээд амаржсан. Дунд хүү маань ой гарантай байх үед "Mommy Comedy" хуудсыг нээх санаа анх толгойд буусан. Өөрт тохиолдож буй зүйлсээ зураг болгон буулгаад, гэр орны аахар шаахар мэт гэрийн ажлаас үүдэх ядаргааг бага ч болов хөнгөлж чадах  ээжүүдийн нэгдсэн талбар болгох юмсан гэж маш их зорьсон. Гэвч чухам яаж эхлэх, за эхэллээ гэхэд  ээжүүдийн хандлага эерэг эсвэл сөрөг байх болов уу, намайг яаж хүлээж авах бол гэсэн тоо томшгүй айдсаасаа болоод нэг хэсэгтээ л мунгинасан.

-Тэгээд  2019 онд айдастайгаа нүүр тулж  Mommy comedy” хуудсаа идэвхтэй хөтөлж эхэлсэн байх нь ээ?

-Тийм ээ. 2019 оны тавдугаар сард  зориг гарган "Би ээж болоод " цуврал өгүүлэмж бүхий пост оруулсан нь нэг сая гаруй хандалт, хорин мянга орчим шэйр авсан. Анх цахим хуудсаа нээхдээ хандалтыг чухалчлаагүй ч гэсэн эхлэл нь ийм  сайхан байсан болохоор надад  маш том урам зориг өгсөн. Ер нь 2019  оноос эхлэн пежи хуудсаа идэвхтэй хөтөлж эхэлсэн. Постуудаа цуврал хэлбэрээр хүмүүст хүргэх нь илүү үр дүнтэй бөгөөд comedy гэсэн өнцөгөө алдахгүй байхыг хичээдэг.  Хамгийн гол нь  ээжүүд харагдах байдлаасаа ондоо, амьдрах нийгмийн давхарга өөр боловч хүүхдүүдээ өсгөхдөө даван туулж, мэдэрч  байгаа зүйлс адилхан. Тиймдээ ч  би өөрийнхөө  амьдралд  тохиолддог энгийн зүйлсийг пост хийхэд олон ээжид хүрдэг байх.

“Mommy comedy” цахим хуудасыг нээсэн гол зорилго маань  гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдийнхээ ядаргаа, бухимдлыг хуримтлуулалгүй, уйтгарлаж гуних үед нь хамтдаа гэдгийг мэдрүүлэх гэж, ганцаардаж, шантарсан үед нь эерэг цэнэгээр дүүргэхийг хичээхэд оршино.

 Та анзаарсан бол “Mommy comedy” хуудсанд сөрөг зүйлс нийтлэгддэггүй учраас эерэг, урам зориг өгсөн ээжүүдийн сэтгэгдэлүүд их байдаг. Гэхдээ  цахим  хуудас хөтөлнө гэдэг амаргүй ажил юм байна.  Ойр, ойрхон сануулж пост хийхгүй л   бол мартагдчих гээд байдаг талтай.  Тийм болохоор байнгын шинэ санаа ирэлхийлдэг. Багыгаа хөхүүлээд гурван томыгоо ажиглаад сууж байхад  шинэ санаа орж ирэх нь бий.  Тэгээд тэрийгээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваад ажил хэрэг болгодог доо./инээв/

-Та 20 настайдаа хоёр ихэр хүүгээ өлгийдөн авсан. Тухайн үед хоёр ихэр гэдгийг сонсоход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Анх бие давхар болсноо мэдээд эхо-д харуулахад эмч чигчий хурууны өндөгний дайтай ганцхан хар цэг рүү заагаад “За энэ хөөрхөн жижигхэн цэг бол та хоёрын хүүхэд. Одоо таван долоо хоногтой байна” гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр хэсэг аз жаргалын шоконд орж бие биерүүгээ нулимстай нүдээр хараад дуу ч гарахгүй  байж билээ. Тухайн өдрөөс хойш сарын дараа хэвлий орчмоор үе, үе хатгаад байхаар нь эхо-д харуултал ихэр ураг тээж байгааг минь хэлснээр дахин шоконд орсон. Манай хоёр нэг эсийн ихэр болохоор анхны эхо-д харагдаагүй юм байна лээ.  Хоёр хүү маань 3150 грамм, 3050 грамм төрсөн. Аарцаг яс жижиг, өөрөөрөө төрвөл аарцаг ясаа хадуулж, хоёр сар орчим хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэж эмч нар хэлсэн учраас эмч нарын зөвлөгөөнөөр ороод кесар хагалгаагаар төрсөн.

-Дөрвөн эрэгтэй хүүхэд өсгөж байгаа залуухан ээжид асуудал тулгардаг байх. Тэднийг хүмүүжүүлэх арга барилаасаа  ярихгүй юу?

-Одоо бодох нь ээ, хэцүү зүйлээс илүү хүүхдүүдийн маань нялх төрхүүд нүдэнд харагдаад байдаг болж. Нас явж байгаагийн шинж юм уу даа. Тухайн үед залуугаараа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн учраас бэрхшээлтэй зүйлс тохиолдож байсан. Гэхдээ нөхөртэйгээ хамт  хүүхдүүдийнхээ живхийг сольж, угжиж, усанд оруулах зэрэг бүхий л зүйлийг хамтдаа хийсэн учраас ард нь гарч чадсан. 

Манай ихрүүд есөн настай. Дунд хүү маань таван настай бол отгон хүү маань долоон сартай.  Хүмүүс залуу байгаа дээрээ хүүхэд төрүүл гэж ярьдаг даа. Үнэхээр би  залуу байгаа тулдаа энэ бүхнийг  давж гарч  байна даа гэж хааяа боддог юм.

Хэрэв 30 насан дээрээ анхны хүүхдээ гаргасан бол энэ бүх  зүйлийг амжуулж чадахгүй байх. Ер нь хөвгүүд маань  их хөдөлгөөнтэй. Үүнд ээжийн тэвчээр бас их шаардана. Хааяа чангахан хэлэх үе байна. Хөвгүүд болохоор яалтчгүй өндөр дуугаар ярихгүй бол болохгүй үе зөндөө бий.  Хүүхдүүдээ хамгийн гол нь зөв хүн болоосой, хүнд тусалдаг, бусдыг хайрладаг байгаасай гэж хүсдэг. Хүнийг хайрлаж, зөв бурууг ялгаж сурвал зөв голдиролдоо орчихно. Мэдээж боловсрол хэрэгтэй. Гэхдээ мундаг онц дүн аваад байдаг хэрнээ дээрэлхүү зантай байснаас биеэ зөв аваад явдаг, бусадтай зөв харилцдаг байгаасай гэж боддог. Хүчирхэг, зөв бодолтой, хайр дүүрэн хүмүүс болоосой гэж хүсдэг дээ.

АЛХАМ БҮРЭЭ АНЗААРААД ХАРВАЛ

-Эцэг эх бүрт тулгардаг нэг бэрхшээл бол хүүхдээ салхилуулах орчин. Улаанбаатар хотод  хүүхдээ салхилуулах, тоглуулах талбай хомс? Таны есдүгээр сарын 9-нд оруулсан “Алхам бүрээ анзаараад харвал” нэртэй пост олон хүнд хүрсэн шүү дээ. Өдгөө бүр “Бартаат замын тэрэгчид” нэртэй аян  өрнөх хүртлээ  нийгэмд хүчтэй давалгаалж байна?

 -Алхам бүрээ анзаараад харвал" гарчиг доор нийтэлсэн пост маань явган хүний зам нь энхэл донхол, бартаа саад ихтэй учраас хүүхдээ тэрэгтэй нь түрээд зорчиход үнэхээр тохиромжгүй байгааг зургаар харуулсан. Бас явган хүний замын хөвөө ихэвчлэн намсгагчгүй байдаг. Олон нийтийн үйлчилгээний газар, төрийн байгууллага, орон сууц зэрэгт хүүхдийн тэрэгтэй болон тэргэнцэртэй хүмүүс ороход тохирсон налуу зам байдаггүй.  

“Mommy comedy” хуудсыг 49 мянган хүн дагадаг. Яагаад  эдгээр хүмүүсээрээ дамжуулаад  нийгэмд  нөлөөллийн ажил хийж болохгүй гэж.  Үүнийг ганц удаа сэвээд орхилгүй, ажил хэрэг болгон цааш үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн.

Тиймдээ ч  ээжүүд бид дуу хоолойгоо нэгтгэн, хүүхдээ тэргэнд нь түрээд дэгэн догон замаар сэгсчүүлэн явах биш амар тайван алхах боломжтой орчинг бий болгохын тулд нэгдэх цаг ирсэн гэж бодож байна. Ямар ч улсын хот төлөвлөлт юун түрүүнд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэд суурилах ёстой. Ийм ч учраас тодорхой тооны хүн амын дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөж, ингэхдээ дээр дурдсан эрхийг хангах үүднээс заавал мөрдөх ёстой стандарт тавьдаг. Гэтэл манай улсад хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт алга. Үүний үр эцэг эхчүүд хүүхдээ тэврээд, тэрэгтэй нь түрээд энхэл донхол болсон замаар тохь тухгүй явж байна. Тиймээс Японд ажиллаж амьдардаг найзтайгаа ярилцаж байгаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хангахыг шаардсан “Бартаат замын тэрэгчид” нэртэй аян”-ыг зохион байгуулж байна.  Найз маань гадаад улсад амьдарч буй ээжүүдийгээ маш сайн уриалж байгаа. Ээжүүд ч тэр хэрээр сайн дурын үндсэн дээр бидэнтэй нэгдсэн. Гэхдээ бид нар шийдвэр гаргах түвшний хүмүүсээс үнэхээр инээдтэй зүйл хүсч байна л даа. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж