Оросын Самара мужийн Орон сууцны хяналтын алба барилгын засварын ажилд дрон ашиглах болсон байна. Барилгын дээвэр, барилга хоорондын хана, гадаад өнгөлгөө зэргийг дроноор хянахад илүү үр дүнтэй байгаа талаар Самара мужийн захиргааны цахим сайтад мэдээлсэн байна.
Барилгын чанарыг өндрөөс дрон ашиглан хянах нь хяналтын байцаагчдын ажлыг ихээхэн хөнгөвчилж байгааг мужийн Орон сууцны хяналтын албаны дарга Мария Пономарева хэлсэн байна. “Засвар шаардлагатай болсон, эвдэрсэн хэсгийг дроноор шууд таних боломжтой байгаа нь бидний ажлыг ихээхэн хөнгөвчилж байна” хэмээн Мария Пономарева хэллээ.
Тус албаны ашиглаж байгаа дрон нь газраас дээш 500 метрийн өндөрт нисэх хүчин чадалтай ажээ. “Манай Самара мужийн хамгийн өндөр байшин нь 120 метр. Дроноор бид гэрэл зураг авч, мөн Full HD форматаар юидео бичлэг хийж байна. Багахан хэмжээний цууралтыг хүртэл илрүүлэх боломжтой боллоо. Өмнө нь мэргэжлийн шинжээчдийн хүрч чаддаггүй байсан барилгын хэсгүүдийн доголдлыг шууд илрүүлэх боломжийг олгож байна” хэмээн Орон сууцны хяналтын албаын ерөнхий инженер Дмитрий Лукашов хэллээ.
Самара муж нь барилгын чанарын хяналтын ажилд дрон ашиглаж эхэлсэн анхны муж бөгөөд одоо Оросын хэд хэдэн мужид тэдний жишгээр дрон ашиглаж эхэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ