АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд 73 настай Терри Бранстадыг өөр хүнээр солихоор болжээ. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өөрийн твиттер дээрээ жиргэсэн байна.
Гэвч одоохондоо элчин сайдыг хэзээ, ямар шалтгаанаар сольж байгаа тухай нарийн мэдээлэл байхгүй байгаа юм. Мөн Терригийн оронд Трамп хэнийг суулгах, Терри цаашид ямар албан тушаал хаших зэрэг нь ч тодорхойгүй хэвээр байна.
Хоёр улсын харилцаа сайнгүй байгаагийн дээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Трамп ийнхүү БНХАУ-д суух элчин сайдыг солих шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байгаа аж.
Сүүлийн үед Бранстадын бичсэн зүйлийг БНХАУ-ын өдөр тутмын сонинд няцааж, маргаантай асуудал үүсгэж байсан ч тэр нь Бранстад албан тушаалаа өгөх болсны шалтгаан болоход тун хангалтгүй билээ.
“Би элчин сайд Терри Бранстадыг АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын албан тушаалыг гурван жилийн турш хашиж, эх орныхоо төлөө зүтгэсэнд талархаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг БНХАУ-тай харилцсан хэдэн арван жилийн туршлагатай тул Бээжинтэй харьцах чухал харилцаанд эх орныхоо ашиг сонирхолд үнэнч, найдвартай ажиллах хамгийн тохиромжтой хүн хэмээн сонгосон билээ. Тэрбээр хоёр улсын харилцааг тэнцвэржүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан юм. Түүний ачаар тогтсон үр дүнтэй, харилцан шударга харилцаа цаашид ч АНУ, номхон далайн бүс нутаг хоорондын харилцаанд хадгалагдсааар үлдэнэ гэж найдаж байна” хэмээн Майк Помпео жиргэжээ.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ