Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн 2016 оны эхний хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс, тус зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газрын зүгээс “Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Гацууртын ордыг эргэлтэд оруулах асуудал чуулганаар эцэслэн батлагдлаа. Цаашид Таван толгойн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийднэ. Бид хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг дэмжих бодлого баримталж, далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн олон ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлснээр өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөг төвлөрөөд байна. Мөн НӨАТ-ын 2 хувийг буцаан олгох хуулийг хэрэгжүүлж эхэлснээр далд эдийн засгийг нээлттэй болгоход багагүй үр өгөөжөө өгч эхэлсэн. Монгол банкны зүгээс мөнгөний бодлогоо зөөлрүүлж бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн. Засгийн газрын зүгээс хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагт шилжих бодлогыг баримталж Ипотекийн зээл, Үйлдвэрлэл дэмжсэн зээл, Малчны зээлийг дэмжих бодлого баримталж ажиллана” гэдгийг онцоллоо.

Хурлын эхэнд татварын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, цаашид авах арга хэмжээний тухай  Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв танилцуулга хийлээ. Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулгаар зарим ойлгомжгүй нэр томъёонуудад өөрчлөлт оруулан, хуулийн зохицуулалтын хоёрдмол утга, тодорхой бус байдлыг арилгасан. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-ийн татвар төлөх тайлагнах үйл явцыг хялбаршуулж, төлсөн татварын 90 хувийг буцаан олгох зэрэг зохицуулалт нэмж оруулсан гэв.

БНЭУ-ын  Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар 1.0 тэрбум ам.долларын зээл олгох боломжтойг мэдэгдсэн. Энэтхэгийн Эксим банк чадавхийг сайжруулах болон ур чадварыг дамжуулах, худалдаа болон дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд зээл олгодог бодлого баримталдаг байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг  тус улсын Гадаад хэргийн яам, Экзим банкны төлөөлөлтэй уулзаж, зээлийн ерөнхий нөхцөлийн тохиролцоонд хүрснээр хүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, усан хангамж, санхүү, барилга, аялал жуулчлал зэрэг зургаан салбарт 50 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй төслүүдийг санхүүжүүлэхээр болжээ. Нийт 63 төслийн саналыг холбогдох яамд болон аж ахуй нэгжүүд Хөгжлийн банкаар дамжуулан ирүүлсэн байна.

Монголын эдийн засгийн форум-2016 “Сорилт, сургамж, шийдэл” сэдвээр ирэх 3 дугаар сарын 30-31-ны хооронд зохион байгуулагдах тухай Эдийн засгийн зөвлөлийн гишүүн, “Монголын эдийн засгийн Форум” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Лакшми танилцууллаа.  Мөн эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр АНУ-ын Мянганы сорилтын корпорацид хүргүүлсэн Монголын талын ерөнхий саналын хүрээнд Монгол Улсын өрсөлдөх чадварт тулгуурласан экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Мянганы хөгжлийн корпорацид хүргүүлж буй ерөнхий саналд хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн тогтвортой байдал бүрдүүлэх бодлого, хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг хөгжүүлэх, уул уурхайн бус салбарын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн кластерыг дэмжих тухай тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж