Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.09.14/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн хоёрдахь өдөр маэгаширагийн нэгүгээрт эрэмбэлэгдсэн Такаоношотой барилдсан ч ялагдал хүлээлээ. Энэ удаагийн башёд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан озэки Асанояама ийнхүү эхний хоёр өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодлоо. Харин барууныг манлайд бичигдэж байгаа озэки Такакэйшо хоёрдахь өдөр комүсүби Окинумитай тааран барилдаж ялалт байгууллаа. Тэрбээр башёг хоёр даваатай тэргүүлж байна. Өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хоёр өдөр дараалан ялагдлаа. Түүний хувьд өчигдөр сэкивакэ Митакэүмитай тааран барилдсан ч харамсалтай нь өвдөг шороодсон байна.
Монгол бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил болон Хошорюү Бямбасүрэн нар ялагдал хүлээсэн бол Ичиножо Ичинноров анхны ялалт байгуулжээ.