АХБ: Монголын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агших төсөөлөлтэй байна | News.MN

АХБ: Монголын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агших төсөөлөлтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

АХБ: Монголын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агших төсөөлөлтэй байна

АХБ: Монголын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агших төсөөлөлтэй байна

Азийн хөгжлийн банк өнөөдөр (2020.09.15) 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэчилсэн төлвөө цахимаар танилцууллаа. Энэхүү цахим хуралд Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий, Ахлах эдийн засагч Сандагдоржийн Болд нар оролцов.

Азийн Хөгжлийн Банк (АХБ) шинэ тайландаа “Covid-19” цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, Монголын эдийн засгийн агшилтыг 2020 онд гүнзгийрүүлэх, эдийн засаг 2021 онд алгуур сэргэх хүлээлттэй байгаа талаар дүгнэжээ.

“Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2020 Шинэчилсэн төсөөлөл”-өөр Монголын эдийн засаг 2020 онд -2.6%-иар агших төсөөлөлтэй байна. Энэ нь 2020 оны зургадугаар сард хийсэн -1.9% төсөөлөл болон дөрөвдүгээр сарын байдлаарх 2.1%-ийн төсөөллөөс тус тус буурсан үзүүлэлт болсон байна.

Эдийн засаг 2021 онд 5.1% болж, алгуур сэргэх төлөвтэй байна. АХТ тайлан нь АХБ-наас жил бүр боловсруулан нийтэлж, олон нийтэд танилцуулдаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн чухал баримт бичиг юм.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улс цар тахлын болзошгүй тархалтаас амжилттай сэргийлж чадаж байгаа бөгөөд энэ хүрээнд хязгаарлалтын арга хэмжээ авсантай уялдан эдийн засгийн буюу бодлогын зардал зайлшгүй гарна. Гадаад орчны нэн сөрөг нөлөө нь дотоодын эдийн засгийг огцом агшуулж макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг илүү ухаалаг, болгоомжтой удирдах шаардлагыг бий болгож байна. Энэ нь цар тахлын дараа эдийн засаг сэргэх зайлшгүй чухал нөхцөл болох юм” хэмээн онцлон тэмдэглэв.

“Covid-19” цар тахлын улмаас экспорт, гадаад валютын орох урсгал огцом буурч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оны эхний хагаст 9.7%-иар агшсан. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг бууруулсан бол зөвхөн хөдөө аж ахуйн салбар л өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Оны эхний долоон сард барааны гадаад худалдааны эргэлт 16.6%-иар буураад байна.

2019 оны эхний хагаст 7.1% байсан жилийн инфляцийн дундаж түвшин энэ оны эхний хагаст 6.1% болж буурсан бөгөөд Төв банкны зорилтот түвшин болох 8.0%-иас доогуур түвшинд байх төсөөлөлтэй байна. Энэ нь хүнсний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон, дотоодын эрэлт буурсан, тээврийн болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ буурснаар тайлбарлагдана.

Дотоод эрэлт бага байхтай уялдан инфляци 2020 онд өмнөх төсөөллүүдээс буурах, харин нийт эрэлт нэмэгдэх, импортлогдох инфляци өсөх хүлээлттэй уялдан 2021 онд инфляци өсөх төлөвтэй байна.

Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, зэс, алтны үнэ мэдэгдэхүйц өсч байгаа нь энэ оны хоёрдугаар хагаст уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт эхний хагас жилтэй харьцуулахад сайжрахад нөлөөлнө. Гэхдээ эдийн засгийг идэвхжүүлэх төсвийн бодлогын орон зай 2020 онд хязгаарлагдмал байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид учирч буй дарамт нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид сулруулах боломжийг мөн хязгаарлаж болзошгүй.

Энэхүү шинэчилсэн төсөөллийг бууруулж болзошгүй дараах эрсдэлүүд байна. Үүнд, цар тахлыг хязгаарлаж, хяналтад оруулахад илүү их цаг хугацаа шаардагдах, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэргэх хугацаа хойшлогдох, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх, гадаад, дотоод санхүүжилт тогтворгүй болох, макро эдийн засгийн бодлого харилцан уялдаагүй байвал төлбөрийн тэнцэлд нэмэлт дарамт учруулах зэрэг болно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт хэт ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Азийн Хөгжлийн Банк 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн Шинэчилсэн төлвийг танилцуулж байна

Posted by Asian Development Bank Mongolia Resident Mission on Monday, September 14, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж