Гүрж модель “Armani”-ийн нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Гүрж модель “Armani”-ийн нүүр царай боллоо

Фото: Armani Collezioni

Италийн Armani Collezioni брэндийн нүүр царайгаар Гүржийн 17 настай загвар өмсөгч Тако Нацвлишвили сонгогджээ гэж “Гүржийн мэдээ” портал мэдээлэв.

“Armani Collezioni брэндийн нүүр царайгаар сонгогдсоноо мэдээд маш баяртай байна. Мөрөөдөл биелж байна” гэж бүсгүй Facebook хуудсаараа зарлажээ. Нацвлишвили нь Гүржийн Look Models  гэдэг моделийн агентлагийг нээсэн, загвар өмсөгч Нино Цкитишвилийн охин ажээ. Тэрээр олон тооны үзүүлбэрт оролцон Versace, Christian Dior, Dolce & Gabbana, Yohji Yamamoto зэрэг нэртэй орднуудын хувцсыг үзүүлж байлаа. Өнгөрсөн онд  бүсгүй Парисын загварын долоо хоногт оролцжээ.

Фото: Armani Collezioni

Giorgio Armani s.p.a. компанийг 1975 онд итали загвар бүтээгч Жоржо Армани, ажил хэрэгч Сержо Галлеоти нар үүсгэн байгуулжээ. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас, цаг, үнэртэн ба гоо сайхны бүтээгдэхүүн, тавилга чимэглэл зэргийг  Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa брэндийн нэрийн дор гаргадаг.  Армани анхны үзүүлбэрээ 1974 онд үзүүлж байсан бол  2005 онд загварын өндөр шалгуур бүхий  Armani Privé шугамаа бий болгожээ. Загвар бүтээгч нь Италийн хамгийн том баячуудын нэг бөгөөд  түүнийг 7,6 тэрбум евроны хөрөнгөтэй гэж Forbes сэтгүүл үнэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж