SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

SPEAK OUT: Хаана байна, Аз жаргалтай Улаанбаатар?

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол энэ онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, явган хүний гарц, дугуйн замтай бухимдалгүй стрессгүй хот болох байсан юм. Тэгвэл “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд  танилцуулсан нь олныг талцуулахад хүргэв. Сонирхолтой нь, хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар. Гэтэл Нийслэлийн удирдлагууд хөтөлбөр хэрэгжихэд тулгамдсан олон асуудал байна гээд яриад байгааг нь сонсохоор хэрэгжилтийнх нь хувь хэмжээ яагаад ч 92.5 хувьд хүрсэн байх боломжгүй байгаа юм.

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлснээр:

-Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, Бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн эрхэм зорилгыг тавьж байсан түүхтэй. Тэгвэл дээрх том зорилтуудыг сонсох төдийд л бодит байдал дээр өөр дүр зураг таны санаанд бууж байгаа болов уу.  

Үүгээр ч зогсохгүй  нийслэлээс “92 хувь жаргаж үхлээ” нэртэй  фото, видео бүхий уралдаан зарлажээ.

Сэдэв нь:

  • түгжрэлгүй,
  • утаагүй,
  • хоггүй,
  • авто зогсоол элбэг, 
  • хүүхдэд ээлтэй, сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй, 
  • ус зайлуулах хоолойтой,
  • хальтиргаагүй,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй, 
  • агаар хөрсний бохирдолгүй Улаанбаатар гэнэ.

Ёстой л нийслэлийн удирдлагууд  мөрөөдлөө бичсэн гэлтэй. НИТХ-ын дарга Р.Дагва хэвлэлийнхэнд хандахдаа “Аз жаргалтай хот төсөл яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар. Хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох, аз жаргалтай байлгах олон ажил хийсэн. Улаанбаатар хотод хүмүүсийн амарч, зугаалах тав тухтай газрууд бий болгож байна” гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд амжсан.

Тэгвэл нийслэлийн иргэд үнэхээр аз жаргалтай амьдарч чадаж байна уу?

Монгол бол  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн ээлгүй улс гэж хэлж болно.  Гудамж талбайгаар явах, автобус унаагаар үйлчлүүлэх, хувийн болон төрийн байгууллагаар ороод гарахад олон, олон хүндрэл  учирдаг. Төр засаг нь ч  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хөсөр хаячихсан нь худлаа биш. Нийгэмд оролцоо багатай, төр засаг нь төдийлөн тоодоггүй тэдний төлөөлөл Ч.Ариунзул  ийнхүү ярьж байна.

ХОТООР ТЭРГЭНЦЭРТЭЙ ЯВАХАД ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ  ИХ  ТУЛГАРДАГ

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид бусдын тусламжгүйгээр амьдарч чадахгүй.  Тиймээс ихэнх нь нийгэмд эзлэх байр суурьгүй эцэг эх, ах дүүгийнхээ тусламжтайгаар амьдарч байна. Өнөөдөр банкны зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл ажилгүй, барьцаанд тавих хөрөнгөгүй. Тиймээс олонх нь гэр хороололд амьдардаг.  Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна гэх боловч энэ нь халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлагддаг. Харамсалтай нь, халамжийн тэр мөнгөөр хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн өмнө тулгардаг олон олон асуудал шийдэгдэхгүй.  Би хааяа хөл өвдөөд байхаар тэргэнцэртэй явдаг юм. Хотоор тэргэнцэртэй явахад дэд бүтцийн асуудал үнэхээр их тулгардаг.

Автобус болон байгууллагын шат,  босго, довжоо, хаалгаар зорчино гэдэг маш хүндрэлтэй. Эсвэл зам, талбай, гарцыг хааж машин таглаад тавьсан байх жишээтэй.

Гадуур явахдаа 1-2 хүний тусламжийг зайлшгүй авдаг.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгө өгөөд, гэрт нь байлгах ёстой гэдэг социализмын үеийн сэтгэлгээ одоо хүртэл ард иргэдэд байсаар л байна. Энэ утгаараа төрийн бодлого, хийж байгаа дэд бүтцийн төлөвлөлт нь үнэхээр муу. Улаанбаатар хотод олон гоё шинэ барилгууд баригдаж байна. Хүмүүс тэнд орж амьдарч, үйлчлүүлэх ёстой. Бид бас хүн шүү дээ. Бид бусадтай адил дэлгүүр орж, ресторанд сууж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл тэр дэд бүтцүүд нь байдаггүй.

НИЙСЛЭЛ ХОТ ХЭЗЭЭ Ч ТҮГЖРЭЛЭЭС САЛАХГҮЙ ЮМ БАЙНА 

Иргэн  Ө.Ирээдүй:

-Хичээл сургууль орсон учраас түгжрэл маш их байна. Орой ажил тарах цагаар дүүрэн хүнтэй автобусанд  байрнаасаа ч хөдөлгөх боломжгүй шахцалдаж, хүн бууж суухад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно.  Арайхийж түгжрэлээс гараад ирсэн автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэнэ, урд талын хаалгаар багталцахгүй алаан болно.  Орой болгон ийм түгжрэл байнга үүсдэг. Зам түгжрэлтэй болохоор нийтийн тээвэр удаан хүлээж байна. Хоёр цаг түгжирч байгаад л түгжрэлээс гардаг.

Замын түгжрэлд залуу нас минь урссаар гээд хүмүүс  шоглоод яриад байдаг ч бодит байдал ийм л байна. Нийслэл хот хэзээ ч, бүр хэзээ ч түгжрэлээс салахгүй юм байна гэсэн бодолтойгоо  би лав хэдийнэ эвлэрсэн.

Тиймээс автобусанд түгжирч, стрессдеж  цагаа үрж байхаар алхсан нь хамаагүй дээр. Уг нь  “2017 он гэхэд Улаанбаатар хот метротой болно”, “2020 он гэхэд морьтон Монгол метрогоор зорчино” зэрэг гоё амлалтууд нь биелсэн бол  өнөөдөр  иргэд автобусны хаалгаар багтаж ядан чихэлдэж, байрны гаднаас эхэлсэн түгжрэл төв замын дагуу үргэлжилсэн  дүр төрх үүсэхгүй байх байсан гэж боддог.

 УЛААНБААТАР ХОТОД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА УУ ГЭВЭЛ ҮГҮЙ

Иргэн Н.Чимгээ:

-Бороо орлоо гэхэд ус зайлуулах хоолой дутмаг учраас жолооч нар ус цацаад хэцүү. Жил бүрийн зуны гурван сар зам засварын ажил хийж байна гэдэг ч нүдэнд  харагдах зүйл ховор л санагдаж байна. Ер нь нийслэлийн дарга нар ажил  хийхээсээ илүү ярих нь их юм.  Улаанбаатар хотод аз жаргалтай амьдарч байна уу гэвэл үгүй шүү дээ. Хөдөө орон нутгаас анх хотод ирж үзсэн хүмүүс эхний долоо хоног ямар сайхан юм бэ гээд сүүл рүүгээ хөдөө буцахын хүслэн болдог. Дарга нар, борчууд бидний амьдралыг яаж ч мэдхэв дээ. Бараг автобусанд сууж ч үзээгүй биз. Дарга гээд дээр сууж захирамж гаргах бус хүмүүс дундаа ороод тэдний амьдралын нарийн зүйлсийг мэдэрч ажиллах ёстой гэж боддог.

ХОТЫН ЗАХААР ЯВАХАД Л “АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР”  БИШ ГЭДЭГ НЬ ХАРАГДАНА

Иргэн З.Төгсбаяр:

-Хотын захаар явахад л   “Аз жаргалтай Улаанбаатар” биш  гэдэг нь  харагдана.  Гэр хорооллын гудамж гэрэлтүүлэггүй, замын нөхцөл байдал муу. Шөнө орой бол золбин нохойд хүүхдүүд хөөгдөнө. Өвөл нь энд тэнд айлын угаадас дээр халтирч унана.  Угтаа бол бид гудамжаа хүртэл гэр шигээ тордож, цэвэрлэж байж эрүүл орчинд амьдарна. Даанч нийслэлийн гэр хорооллын гудамж гэдэг орхигдсон газарт анхаарлаа хандуулах хүн алга. 

 

ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ГЭР ХОРООЛЛЫН ГУДМААР АЛХААД, АВТОБУСАНД ШАХЦАЛДААД ЯВААД ҮЗ

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн:

-Би Чингэлтэй дүүрэгт арван жил амьдарч байна. Анх автобусны буудал нь сандалгүй байсан .Одоо ч тэр хэвээрээ. Гэр хорооллын тохижилтоос гадна  тэр дундаа захын чиглэлийн автобус бол их хэцүү дээ. Өглөө 07.30 цагт гэхэд багтам шахам зайгүй болчихсон, дүүрэн хүнтэй явж байдаг. Оройдоо түгжрэлээс болоод л явахгүй таг гацаж, хүрэлцээ нь мууддаг болов уу. Нийтийн тээврийнхээ үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл аль болох гэр хорооллын чиглэлүүдэд автобусны тоог нэмэх, үгүй бол түгжрэлээ багасгах хоёр арга байгаа санагддаг. Нийслэлийн дарга нар өөрсдөө гэр хорооллын гудмаар алхаад, автобусанд шахцалдаад яваад үз л дээ. Тэгээд арга, шийдлийг нь олоосой л гэж хүсч байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж