Кембрижийн гэх тодотголтой 153 дугаар сургуулийг өндөр өртгөөр барьсан уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Кембрижийн гэх тодотголтой 153 дугаар сургуулийг өндөр өртгөөр барьсан уу?

Кембрижийн гэх тодотголтой 153 дугаар сургуулийг өндөр өртгөөр барьсан уу?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд шинээр баригдсан Ерөнхий боловсролын 153 дугаар сургууль нэг ээлжиндээ 960 хүүхэд авах хүчин чадалтай. Тус сургуулийг барьсан компанийн зүгээс “Сангийн яам санхүүжилтээ өгөөгүй” гэх шалтгаанаар хаалгыг нь цоожилсны улмаас сурагчид сургууль руугаа орж чадаагүй. Тухайн дүүргийн Засаг дарга болон цагдаагийн алба хаагчид өчигдөр /2020.09.14/ сургуулийн хаалгыг хүчээр онгойлгож, сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн юм.


"ЗАРИМ АЖИЛЧИД ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЭД ШҮҮХЭД ХАНДАХ БОЛСОН"

Сонгинохайрхан дүүргийн "Москва" хороолол дунд байрлах Ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийг өчигдөр /2020.09.14/ зорин очиход хаалга нь нээлттэй, багш, ажилчид хэвийн орж, гарч харагдав. Сургуулийн гадна талбайд “Сүмт өргөө” компанийн хоёр ажилтан сургуулийн хаалга цоожилсон цоожоо авахаар ирсэн байлаа. Тэд “Манай компанийн зүгээс 153 дугаар сургууль болон 287 дугаар цэцэрлэгийн барилгыг жил гаруй хугацаанд барьж, хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл улсаас санхүүжилтээ авч чадаагүй. Компаниас ажилчдадаа цалин хөлсийг нь олгож байгаа ч хүндрэлтэй байна. Зарим ажилчид цалингаа өгөхгүй байна гээд шүүхэд хандах болсон” гэдгийг хэлж байв.

Харин сургуулийн багш, ажилчид “Сургуулийн урд хаалгыг цоожилсон ч арын хаалгаараа хэвийн орж, гарч байсан. Сургуулийн үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилж, хичээл хуваарийн дагуу орно” гэлээ. Энэ талаар 153 дугаар сургуулийн захирал Д.Наранмөнхөөс тодруулах гэсэн боловч Сонгинохайрхан дүүрэг рүү явсан байлаа.

Түүнтэй утсаар холбогдоход “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллагынхан сая сургууль дээр ирж, хаалгыг онгойлсон. Маргаашаас эхлэн сургуулийнхаа үүдийг нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Манай сургуулийг барьсан компанийн санхүүжилтийн асуудлыг Сангийн яам яг одоо хэлэлцэж байгаа гэсэн. Өнөөдөртөө шийдэгдэх байх. Миний хувьд энэ асуудлаар гадуур ажилтай байна. Манай сургууль Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ, нийслэлийн Боловсролын газраас сургалтын тусгай зөвшөөрлөө аваад улсын комиссоор хүлээн зөвшөөрөгдсөн улсын сургууль” гэсэн юм.

280 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГ АРАВДУГААР САРЫН 1-НЭЭС АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

Нийслэлийн 153 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд хоёр ээлжээр 1920  хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ. Ингэснээр нэг ангид 30-35 хүүхэд суралцдаг. Харин цэцэрлэгийн хувьд 240 хүүхдийн ортой, найман бүлэгтэй. Стандартын дагуу нэг ангид 30 хүүхэд явах бөгөөд аравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлнэ гэдгийг сургуулийн ажилчид хэлж байв.

Харин "Сүмт өргөө" компанийн захирал Б.Лхагвадорж "Манай компани Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хорооны 7000 гаруй иргэн болон тус тойргоос гарсан УИХ-ын гишүүдийн хүсэлтээр сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийгмийн хариуцлагын хүрээнд барьж өгсөн.

Сургууль, цэцэрлэг барих газрыг 2019 оны тавдугаар сард гурван тэрбум төгрөгөөр худалдан авч, зээлээр уг цогцолборыг 13 тэрбум орчим төгрөгт багтаан барьсан. Бид барилгын ажлаа 2019 оны тавдугаар сараас эхлэн өдөр шөнөгүй ажиллаж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Ингээд 2020 оны нэгдүгээр сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож, ялсан. Энэ дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон бусад холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөн гэрээ хийх ажил нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оны санхүүжилтийн эрх олгох захирамжийг Сангийн яам руу өгсөн. Үүнээс хойш дөрвөн сар болж байхад санхүүжилт өгөхгүй байгаа учир өөрийн барьсан сургуулийнхаа хаалгыг түгжсэн. Сангийн яамны холбогдох албаны хүнтэй дөрвөн удаа очиж уулзсан. Учир байдлаа хэлэхээр хариу өгдөггүй, ямар үндэслэлээр санхүүжилт өгөхгүй байгаагаа тайлбарлахгүй байсан” гэдэг байр суурийг илэрхийлжээ.

"СҮМТ ӨРГӨӨ" КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТИЙН МАТЕРИАЛ ДУТУУ БАЙСНААС ХОЁР УДАА БУЦААСАН

Улсын төсөвт уг хороонд сургууль, цэцэрлэг барих төсөвт нийт 15 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багцаас гаргаж, нийслэл рүү шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлсэн. Нийслэл дээр худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад, санхүүжилтийн хүсэлтийг хоёр удаа Сангийн яаманд ирүүлсэн тухай Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж ярилаа.

Тэрбээр “Сангийн яам хууль, дүрэм журмын дагуу хатуу нягталж үзэж санхүүжилт гаргадаг. Тэр утгаараа ирүүлсэн сургууль, цэцэрлэгийн материал дээр санхүүжилтийн материалд дутуу, байсан. Тиймээс хүсэлтийг хоёр удаа буцаасан. Эхний үндэслэл нь 15 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад, санхүүжилтийн хүсэлтийг ирүүлсэн. Энэ 15 тэрбум төгрөгийн гэрээ нь магадлалын ерөнхий дүгнэлтээс хоёр тэрбумаар илүү хэтэрсэн гэрээ байсан. Тиймээс бид санхүүжилт олгох боломжгүй гэж үзэн материалыг эхний удаад буцаасан. Энэ шаардлагын дагуу нийслэлээс гэрээгээ засаад магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу 13 тэрбум төгрөгийн гэрээ болгож, санхүүжилт олгох хүсэлтийг Сангийн яаманд дахин ирүүлсэн.

Хоёрдугаарт, 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг болох тус цогцолборыг хүчин чадлаар нь авч үзээд харьцуулахад  өмнө нь 2018, 2019 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг болон одоо баригдаж буй сургууль цэцэрлэгээс өртөг нь хамаагүй өндөр байсан юм. Тодруулбал, 2019 онд ашиглалтад оруулсан 960 хүүхдийн сургууль 4.3- 5.4 тэрбум төгрөгөөр баригдсан байдаг. Одоо баригдаж буй хүчин чадал адилхан сургууль гэхэд  6.5-6.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байна. Өнгөрсөн 2019 онд 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг 2-2.3 тэрбум төгрөгийн хооронд баригдсан байх жишээтэй.

Ингээд харахаар Сонгинохайрхан дүүрэгт баригдсан сургууль, цэцэрлэгийн төсөвт өртөг өндөр байгаа тул зайлшгүй магадлах шаардлагатай гэж үзсэн. Төрийн аудитын тухай хуулиар шаардлагатай тохиолдолд аудит хийлгэх шаардлага байдаг тул бид аудитын байгууллагад хандаж, санхүүжилтийн гэрээний материалыг нь буцаасан. Хэрэв аудитын дүгнэлтээр тус сургууль, цэцэрлэг нь үнэхээр өндөр чанартай баригдсан тул ийм өртөгтэй болох батлагдвал Сангийн яамнаас санхүүжилт олгоход татгалзах зүйлгүй” гэв.

Санхүүжилтийн хувьд журмын дагуу ажлын гурван хоногийн дотор олгох ёстой. Энэ жилийн хувьд цар тахлаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор харьцангуй удааширч гарч байгаа хэдий ч 7-14 хоногийн дотор санхүүжилтийг шийдээд явж байгааг Сангийн яамны мэргэжилтэн хэлж байв.

“АДИЛХАН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ 8-9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ БАЙГАА”

Ингээд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-“Сүмт Өргөө” компанийн зүгээс санхүүжилтийн талаар хүсэлт тавихдаа сургуулийн хаалгыг цоожлох тухай мэдэгдсэн үү?

-Сургуулийн хаалгыг цоожилно гэж огт мэдэгдээгүй. Баригдаад 2020, 2021 онд ашиглалтад орох адилхан хүчин чадалтай сургууль нь 2.7 тэрбум төгрөг, 2020 онд ашиглалтад орох нь дунджаар 6-8 тэрбум төгрөгийн хооронд, 280 хүүхдийн цэцэрлэг нь 1.5-2 тэрбум төгрөгийн хооронд баригддаг. Ингээд бодохоор 8-9 тэрбум төгрөгөөс хэтрэхээргүй байгаа. Гэрээний үнийн дүн өндөр учраас зайлшгүй аудитын дүгнэлт гаргаж, санхүүжилтийг олгохоор болсон.

Компанийн хувьд мөнгө өгөхгүй байгаа шалтгаанаар сургууль, цэцэрлэгийн хаалгыг нь лацдах нь буруу. Зохих журмын дагуу асуудлаа шийдэх ёстой байсан. Шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад ийм байдал үүсгэсэн нь буруу. Бид сургууль, цэцэрлэгийг барьсан өртөг нь зөв эсэх  аудитын дүгнэлт гарсан тохиолдолд л санхүүжилтийг олгоно.

-Аудитын дүгнэлт хэзээ гарах бол?

-Аудитын дүгнэлт хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиуд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, чанартай байх ёстой. Аудитын дүгнэлтийг шалгаж байж тогтоох байх. Сангийн яамны зүгээс ийм л шаардлагыг тавьж байна. Хуулийн байгууллагаас тус сургуулийг битүүмжлэх шийдвэр гаргаагүй, тухайн компани нь өөрсдөө очоод хаалгыг нь түгжсэн юм билээ.

Санхжүүжилт хамгийн анх зургадугаар сарын сүүлээр ирсэн. Бид хянаж үзээд, гэрээнд зааснаас хоёр тэмбум төгрөгөөр хэтрүүлэн гэрээ байгуулаад ирсэн учраас долдугаар сарын эхээр материалыг буцаасан. Дахин наймдугаар сарын эхээр тухайн компани дахин санхүүжилт хүссэн албан бичиг ирүүлсэн. Бидний зүгээс өндөр үнээр сургууль, цэцэрлэг худалдан авч байгаа тохиолдолд аудитын дүгнэлт зайлшгүй гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Тус сургуулийн захирал Сангийн яам энэ асуудлаар хэлэлцэж, барилгын компани, сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзана гэдгийг хэлж байсан. Тухайн компанийн төлөөлөлтэй уулзах уу?

-Барилгын компанийн зүгээс өмнө нь “Манай компанийн санхүүжилтийг яагаад гаргахгүй байна вэ” гэж хоёр удаа ирж, уулзсан. Бидний зүгээс зарчим шаардлагаа тавьсан. Аудитын дүгнэлт гарах хүртэл ямар нэгэн санхүүжилт гаргахгүй. Хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх, дарамтлах байдлаар Сангийн яам санхүүжилтийг гаргахгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу Сангийн яам ажлаа явуулна. Тиймээс ямар нэгэн дарамт шахалтаар энэ асуудалд хандах нь буруу болов  уу.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж