Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг тодрууллаа.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч байна. Зарим аймгуудын уулархаг газраар нойтон цас орж, эхэллээ. Есдүгээр сард цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Завхан, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгийн уулархаг газраар нойтон цас орсон байна. Мөн Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Улаанбаатар орчмын Богд уул, Тэрэлжийн уулархаг газраар анхны нойтон цас орсон гэж хэлж болно. Зүүн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгаар харьцангуй дулаавтар байна. Өчигдрөөс Хөвсгөл, Архангай аймгийн хойд хэсгээр нойтон цас орлоо. Энэ байдал үргэлжлэн нам дор газруудад ч нойтон цас орох төлөвтэй байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө Төв аймгуудын ихэнх, зүүн аймгуудын баруун хэсэг, говийн аймгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, өмнөх хоногоосоо харьцангуй сэрүүснэ. Урьд шөнийн байдлаар баруун аймгуудын нутгаар -9 хэм хүртэл хүйтэрч хоносон.

Есдүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна. Өчигдрөөс эхлэн баруун аймгуудаар цаг агаар харьцангуй дулаарч эхэлсэн.

-Тэгвэл есдүгээр сарын сүүлчээр цаг агаар харьцангуй тогтвортой байх нь ээ?

-Гэхдээ энэ сарын 19-нөөс эхлэн дахин баруун аймгуудаас эхлэн хүйтэрнэ. Энэ өдрүүдэд баруун болон төв аймгийн зарим газраар, 21-нд баруун аймгийн зүүн өмнөд, төв аймгийн нутгийн зарим газраар, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас дахин орох төлөвтэй байна.

Салхины хувьд төв, говь, зүүн аймгуудын нутгаар энэ сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар харьцангуй салхитай байна. Зарим газраараа секундэд 15-17 м/сек хүрч ширүүсэх бол энэ сарын 18-нд Алтайн салбар уулс, энэ сарын 20, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 м/секунд, зарим үед 12-14 м/секунд хүрч ширүүснэ.

Ургац хураалтын ажил ид өрнөж байна. Газар тариалангийн бүс нутгаар хур тунадас хэр их орох төлөвтэй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ойрын өдрүүдэд уулархаг нутгаараа хасах градус хүрч байгаа ч газар тариалангийн бүс нутгаар цаг агаар харьцангуй тогтвортой байна. Энэ бүс нутагт шөнөдөө -4 хэмээс 1 хэмийн дулаантай байгаа. Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө ихэнх нутгаар 0 хэмээс доошоо орж, хүйтэрнэ. Хүйтэн байдаг газруудаар -9 хэм хүрсэн гэдгийг хэлсэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын Хүрэн бэлчир гэх мэт газруудаар шөнөдөө гурван хэмээс -8 хэмийн хүйтэн хонох бол өдөртөө 5-10 хэм дулаан байна. Говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -4 хэмээс нэг хэм дулаан хонох бол өдөртөө 8-10 хэм дулаан хононо.

Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар хур тунадас татрахгүй, хүндрэлтэй байна. Энэ сарын 16-наас 19-ний өдрүүдэд хур тунадас бага орох бол 20-ноос эхлэн дахин хур тунадас орж эхэлнэ. Энэ өдрүүдэд харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа боловч газар тариаланчид маань цаг агаарын мэдээг тухай бүрт шинэчлэн авч, ажлаа зохицуулахыг зөвлөе.

-Энэ жил цаг агаар эрт хүйтэрч байна. Есдүгээр сард хур тунадас ихтэй, эхнээсээ нойтон цас унаж эхэллээ. Ирэх сард хур тунадас ямар байх бол?

-Хугацааны дунд үеэс эхлэн өдөртөө бага зэрэг дулаарна. Энэ өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4 хэм хүйтнээс нэг хэм дулаан хонож, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө шөнөдөө 7-12 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан байх төлөвтэй.

Өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад энэ жил харьцангуй сэрүүхэн байгаа. Өнгөрсөн жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байсан. Гэхдээ олон жилийн дундажаар онцгой намрын сар бол биш. Есдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүд болон аравдугаар сарын урьдчилсан төлвөөр газар тариалангийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундажаар хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас нь олон жилийн дундажийн орчим байна. Одоогийн байдлаар цаг агаарын урьдчилсан төлөв ийм байна. Есдүгээр сарын сүүлчээр аравдугаар сарын цаг агаарын мэдээ шинэчлэгдэх болно.

-Улаанбаатар хотод өнөөдөр цаг агаар ямар байх вэ?

-Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж