Яндангаа хөөлж чаддаггүй гэр хорооллынхон ичиг, ичиг

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

Яндангаа хөөлж чаддаггүй гэр хорооллынхон ичиг, ичиг

Яндангаа хөөлж чаддаггүй гэр хорооллынхон ичиг, ичиг

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч, гэр хорооллын айлууд гал түлээд эхэлжээ. Харамсалтай нь, гал түлж эхэлсэн эхний өдрүүдэд л угаартсан иргэдийн олон дуудлага, мэдээлэл ирэх болов. Тодруулбал, энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө  38 хүн угаартжээ.

Энэ мэтчилэнгээр галлагааны улиралд олон хүн угаартаж, нас барсан талаарх харамсалтай мэдээлэл тасралтгүй үргэлжилэх болсон. Үүний эсрэг угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлсэн. Сонсоход энгийн, инээдэмтэй бас хувь хүний арчаатай холбоотой асуудал. Гэвч яндангаа хөөлөөгүйгээс, галаа буруу галласнаас үүдэн жилд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт хандаж, 200 орчим нь хэвтэн эмчлүүлж, 15-20 хүн энддэг. Ингээд бодохоор тоолгүй орхиж болохгүй сэдэв. Яндангаа хөөлөөгүйгээс, бүрэн бүтэн бус пийшинтэйгээс, буруу галалснаас үүдэн түлш дутуу шатаж, угаарын хий үүсч олон хүн хордож, цөөнгүй хүн нас барж байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэгч “Тавантолгойн түлш” ХХК-аас яндан хөөлөх мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ. Одоогоор 300 хүнийг яндан хөөлөгчөөр бэлтгэсэн ба нийтдээ 400 хүнийг бэлтгэх зорилго тавьжээ.

Гэтэл иргэд яндан хөөлөгчдөөр яндангаа үнэгүй хөөлүүлэх гээд залхуурч суугаа бололтой.  Учир нь, аян эхэлснээс хойш өчигдрийн /2020.9.14/ байдлаар 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 5765 иргэн яндангаа хөөлүүлэх дуудлага өгчээ. Үүний 984 айлын яндан, ханан пийшинг л хөөлсөн байна. Учир нь, яндан хөөлөгчид дуудлага өгсөн айл бүрт очиж ажиллахгүй. Зөвхөн өндөр настай, хэвтрийн хүнтэй зэрэг бүл чадал муутай, үнэхээр яндангаа хөөлөх боломжгүй айлуудад дуудлагаар очиж янданг нь хөөлөх юм. Хэрэв гэр хорооллын 220 мянган өрхийн янданг бүгдийг нь хөөлнө гэвэл 400 яндан хөөлөгч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Мөн эрүүл саруул хэр нь бусдаар яндангаа хөөлүүлэх гээд сууж байх нь зохисгүй хэрэг.

Ямартай ч хөхөө өвлийн хүйтэн жавраар гал түлж дулаацах нь ойлгомжтой. Ингэхдээ гэр бүл, хайртай хүмүүс, өөрийгөө хамгаалахын тулд галлагааны аюулгүй байдлыг хангаж, өвлийн бэлтгэлээ найдвартай базаах шаардлагатай байна. Бусдаар бүгдийг бэлдүүлээд, зүгээр сууж болохгүй ээ. Өнгөрсөн жил нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхөд нэг удаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулсан. Мөн есдүгээр сарын 7-ноос нийслэлийн алслагдсан таван хорооны 9750 айл өрхөд угаар мэдрэгчийн суурилуулахаар ажиллаж байна. Угаарын хий мэдрэгчид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зургаан тэрбум төгрөг зарцуулсан. Мөн яндан хөөлөгчдийг сарын 700 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Яндан хөөлөгчид хоёр хоёроороо бригад болон ажилладаг бөгөөд ачаалал их байгаа тул дуудлага өгснөөс хойш 2-3 хоногийн дараа очдог гэх.

Хэрэв танд яндан хөөлсөн туршлага байхгүй бол мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө авснаар яндангаа өөрөө хөөлж болно. Яндан хөөлөх нь энгийн мэт болов ч туршлага, зөвлөгөө шаардах нь бий. Яндангийн худаг хаана байгаагаас шалтгаалан аль хэсгээс нь хөөлөх, хаана нь нүх гаргаж хөөг авах, янданг хуучин хэвэнд нь хэрхэн оруулах, яндангийн өрлөгийг хэрхэн хийх зэргийг мэргэжлийн хүнээс нь асууж, заалгаж  болох юм.

Яндангаа хөөлснөөр яндан, пийшингийн таталт сайжирч, түлш дутуу шатаж, угаартах зэрэг эрсдэл үүсэхгүй. Товчхондоо яндангаа сайн хөөлснөөр та гэр бүлийнхэн, хайртай хүмүүс, өөрийгөө угаартах эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн төгс гаргалгаа нь мэдээж гэр хорооллыг орон сууцжуулах. Гэхдээ 220 мянган өрх бүгд орон сууцанд ортол удна. Тиймээс богино хугацаанд хамгийн боломжтой хэлбэрээр агаарын бохирдлыг бууруулах арга нь одоогийн байдлаар түүхий нүүрсийг халж, сайжруулсан шүлш ашиглах л байна. Сайжруулсан түлш ашигласнаас хойш буюу өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулсан. Энэ жил 80 хувь бууруулах зорилго тавиад байгаа. Тиймээс галлагаандаа анхаарч, пийшингийн бүрэн бүтэн байдлаа хангаж, яндангаа хөөлж, өвлийг угаарын хийнд хордолгүй давах шаардлагатай байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж