Эрт цагаас алт нь үнэ цэнийн илэрхийлэл байж ирсэн. Хүн төрөлхтөн үеийн үед шар металд дурлаж ирсэн нь алтыг үнэ цэнэтэй байлгадаг төдийгүй хямралын үед тогтвортой байдлын баталгаа болж иржээ. Хятадад гарсан коронавирусийн халдварт өвчний цар тахал дэлхий дахиныг хамарснаар алтны ханш 2011 оны наймдугаар сарын рекордыг эвдэн өссөн юм. АНУ, Хятадын хооронд худалдааны дайн үргэлжилж, дэлхий дахин цар тахалд нэрвэгдэн, олон улсын эдийн засагт хямрал нүүрэлснээр бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд хөрвүүлэж эрсдлээс хамгаалахыг оролдож байна. Энэтхэг нь алт худалдан авалтаараа Хятадын дараа хоёрдугаарт ордог. Энэтхэг дэх алтны үнэ дэлхийн төв банкууд болон засгийн газруудын урьд өмнө байгаагүй урамшууллын дунд өрнөсөн дэлхийн жагсаалыг дагаж 30 орчим хувиар өсчээ.
Гэхдээ алт цаасан мөнгөний системийг орлоход ганц сул тал нь саад болдог. Энэ нь тээвэрлэлт гэж шинжээч Дэвид Лавант дүгнэжээ. Ялангуяа, коронавирусийн цар тахлаас болж олон улс нислэгүүдээ зогсоож, уурхайнуудаа хааж, хилээ хаасан нь алтны тээвэрлэлтэд саад болжээ. Алт олборлох компанийн хувьцаа эзэмшсэнээс гулдмай эзэмших нь илүү аюулгүй байдаг. Учир нь алтны хувьцаа нь алтны ханш болон хувьцааны зах зээлээс хамааралтай байдаг учир савалгаа их байдаг аж.
ОХУ коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг бүртгэснээр алтны ханш унци нь 2000 ам.доллар хүрэхээсээ өмнө тогтворжив. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сангаас энэ долоо хоногийн сүүлээр мөнгөний бодлогын талаар чухал шийдвэр гаргах хүлээлт нь алтны ханшийн өсөлтийг сааруулжээ.
Энэ долоо хоногийн эхээр алтны хаш зах зээл дээр унци нь 1941.11 ам.доллар байна. Бусад үнэт металуудын хувьд мөнгөний ханш 0.3 хувиар унаж, унци нь 26.68 ам.доллар, цагаан алтны үнэ 0.4 хувиар өсч 928.61 ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ ам.долларын ханш өрсөлдөгч валютуудын эсрэг суларч эхэлснээр алтны ханшийг бусад орны мөнгөн тэмдэгтийн эсрэг сулруулжээ. Алтны хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэрийг ажиглаж байна. Тус сангаас инфляцийг дунджаар хоёр хувьд барих шинэ зорилтыг зарласнаас хойш төв банк анх удаа уулзалтаа хийх гэж буй юм. Таваарын зах зээлийг судлах “TD Securities” байгууллагын шинжээчдийн мэдээлснээр тус сангаас 2023 оныг хүртэл баримтлах бодлогодоо урт хугацааны алтны шинэ трендийг тогтоох гэнэ.
Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр дэлхийн улс орнууд өнгөрсөн хугацаанд нийт 197,576 тонн алт олборлосны багагүй хэсгийг төв банкууд эзэмшиж байна. Тухайлбал, засгийн газрууд болон төв банкууд нийт алтны 17.2 хувийг нь гулдмай эсвэл зоос хэлбэрээр хадгалж байгаа бол хувийн хөрөнгө оруулагчдын гарт 21.6 хувь, 47 орчим хувь нь үнэт эдлэл хэлбэрээр, 14.2 хувь нь цахилгаан бараанд ашиглагдах зэргээр хэрэглэгдэж байна.
Эх сурвалж: Economic times, live mint, money control
Холбоотой мэдээ