200 сая ам.доллароор бүтсэн Мулан зардлаа нөхөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.09.15-нд нийтлэгдсэн

200 сая ам.доллароор бүтсэн Мулан зардлаа нөхөх үү?

200 сая ам.доллароор бүтсэн Мулан зардлаа нөхөх үү?

Уолт Дисней компанийн 1998 оны Мулан анимейшны уран сайхны хувилбар  өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийх тов зарлаж үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн. Таван жилийн хугацаанд 200 сая ам.долларын өртөгөөр бүтсэн ч Мулан киноны нээлт коронавирусийн цар тахлаас болж хоёр удаа хойшлогдсон ба олон улсад онлайнаар цацагдав. Мулан кино нь есдүгээр сарын 4-нд АНУ зэрэг Диснейн шууд цацах үйлчилгээтэй орнуудад  цахим хэлбэрээр нээлтээ хийсэн бол Хятад зэрэг олонх оронд кинотеатруудад гарч байна.

Үүний зэрэгцээ “Мулан” кино ирэх Пүрэв гаригт Өмнөд Солонгосын театруудад нээлтээ хийх гэж байхад цахим ертөнцөд бойкотлох хөдөлгөөн эрчимжиж байна. Өмнөд Солонгосын идэвхтэн залуус Хонгконгийн ард иргэдтэй хамт гэдгээ илэрхийлэн “Мулан” киног бойкотлохыг уриалж байна. Тэд өмнө нь өнгөрсөн долдугаар сард гудамжид жагсаж, Мулан киног үзэхгүй байхыг уриалж байв. Киноны гол дүрийг бүтээсэн хятад жүжигчин Лю Ифэй нь өнгөрсөн жил Weibo-д Хонгконгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг үйлдлийг дэмжсэн мэдэгдэл хийсэн нь шүүмжлэлийн бай болжээ. Хятадад төрсөн ч АНУ-ын иргэншилтэй Лю Ифей нь “Би Хонгконгийн цагдааг дэмжиж байна. Хонгконг ямар ичгүүртэй юм” хэмээн англи хэлээр “Би бас Хонгконгийн цагдааг дэмжиж байна. Одоо та нар намайг зод л доо” хэмээн хятадаар бичжээ. Түүний жиргээг олон хятад хүн дэмжсэн ч олон улс даяар түүнийг шүүмжилж, Мулан киног бойкотлох хөдөлгөөн эхэлсэн юм. Үүний зэрэгцээ Өвөрмонголд хичээлийн хөтөлбөр, сурах бичигт өөрчлөлт орж, монгол хэлийг хөтөлбөрөөс хассан гэх дуулианаас үүдэн Муланыг бойкотлох хөдөлгөөн газар авч байна.

 

Түүнчлэн Мулан киноны зураг авалтын зарим хэсгийг хийсэн Шинжаан-Уйгурт хүний эрхийг ноцтой зөрчиж буйг эсэргүүцэн бойкот хөдөлгөөн өрнөжээ. “Disney” компанийн албаныхан киноны нээлтийн дараа Шинжааны Засгийн газарт болон тус бүс нутгийн Турпан хотын нийгмийн аюулгүй байдлын товчоонд талархал илэрхийснээр олны анхаарлыг татсан аж. Шинжаан-Уйгурын зүүн хэсэгт оршдог Турпан хотод байрладаг хэд хэдэн сургалтын хуаранд киноны зураг авалтыг хийжээ. Хятадын засгийн газраас сая шахам исламын шашинт уйгуруудыг албадан боловсрол олгох нэрийн дор хорьж, хөдөлмөрийг нь мөлжиж, хүчирхийлж, тарчлаан тамлаж, хөнөөж буй хэмээн барууны хэвлэлүүд бичих болсон юм. Хятадад зураг авсан 20 байршлын нэг нь 2018 оны наймдугаар сард Шинжаан-Уйгурын сургуулилтын хуаранд байрлажээ.

Мулан киноны гол зах зээл нь Хятад. Хоёр цаг шахам үргэлжлэх Мулан кино хятадын үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт Уолт Дисней итгэлтэй байжээ. Тиймдээ ч киноны гол дүрүүдэд Хятадын үзэгчдийн сонирхлыг татах жүжигчдийг сонгосон аж. Мөн хятад зөвлөхийн зөвлөснөөр кинонд Хятадын аль нэг гүрнийг онцолж харуулахгүйг хичээжээ.

Уолт Дисней студийн захирал Алан Ф.Хорн хэлэхдээ “Мулан Хятадад амжилт олохгүй бол бидэнд асуудал үүснэ” хэмээн мэдэгджээ.

Хятадад коронавирусийн цар тахал намжсаны дараа 70 мянган кинотеатр үйл ажиллагаагаа сэргээсэн. Гэвч халдвар тархахаас сэргийлэн кинотеатрууд хүчин чадлаа 50 хувь бууруулан ажиллаж байгаа аж. Хятадад Мулан нээлтээ хийсэн эхний өдрөө 13 сая ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн онд гарсан “Араатны хаан арслан” киног тэргүүлжээ. “Араатны хаан арслан” кино Хятадад нээлтээ хийсэн өдрөө найман сая ам.долларын ашиг орлогыг цуглуулсан байв. Хятадын үзэгчид Доубан гэх вэбсайтад Мулан киног үнэлэхдээ 10 одноос 4.7 од өгчээ. Гэтэл Мулан анимейшн 1998 онд нээлтээ хийснийхээ дараа 7.8 од авч байв. Гэсэн ч Мулан нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд тус улсын бокс оффист 23.2 сая ам.долларын орлого олсон нь хүлээлтээс бага байна. Мулан кино долоон улсад нээлтээ хийснээс хойш өнгөрсөн Ням гаригийн байдлаар нийт 37.6 сая ам.долларыг олжээ. Хятадын үзэгчид улс төрийн маргааны бай болоод буй Мулан киног янз бүрээр хүлээн авч байна. Дисней компани таван жилийн өмнө Мулан киног бүтээж эхлэхэд АНУ, Хятадын хооронд улс төрийн нөхцөл байдал эрс өөр байсан юм. Түүнчлэн киноны хүлээлт үзэгчдийн дунд өндөр байж, шүүмжлэгчид ч зураг авалт, тулааны хэсгүүдэд ам сайтай байв. Өдгөө АНУ, Хятадын хооронд худалдаа, хүний эрх, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт зөрчил, маргаан хурцадсан байна.

Сонирхуулахад кинонд аавынхаа оронд нууцаар цэргийн албанд мордохдоо Хуа Мулан үсээ тайрдаг хэсгийг киноноос хассан нь гол мессежийг алдагдуулсан гэж анимейшн хувилбарт дуу оруулсан жүжигчин Минг На Вэн мэдэгджээ. Түүний үзсэнээр Хуа Мулан үсээ тайрснаар ялдам бүсгүйгээс цэргийн дүрд шилждэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж