Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хорооны хөгжил –Төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2020 оны 09 дугаар сарын 12,13-ны өдөр буюу амралтын өдрүүдээр алслагдсан бүс болох 12,13,14 дүгээр хороо болон Нисэхийн 9,10,16,21 дүгээр хорооны иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.
Явуулын нэг цэгийн үйлчилгээг дүүргийн Засаг даргын 16 хэлтэс, албадын 140 гаруй төрийн албан хаагчид өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу 100 орчим нэр төрлийн төрийн үйлчилгээг давхардсан тоогоор 5093 иргэнд хүргэж ажиллалаа.
Ялангуяа алслагдсан хорооны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг бөгөөд хорооны байран дээрээ ирж төрийн бүх төрлийн үйлчилгээ хөнгөн шуурхай авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэгүй хамрагдан, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө мэдээлэл авч байна.
Тус үйлчилгээг хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл шуурхай хүргэсэн. Мөн дүүргийн удирдлагууд иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.
Эх сурвалж: ХУД