БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудын нэгдүгээр ангиас хятад хэлний хичээлийг оруулах болсон талаар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйтэй ярилцлаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа юм.
–ӨМӨЗО-нд бага сургуулийн нэгдүгээр ангиас хятад хэлийг заах болсон нь Өвөр Монголд ч, Монголд ч маргаан мэтгэлцээн дагуулж байна. Энэ шийдвэрийн талаар эхлээд тодруулъя?
-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндэсний сурах бичгийн комиссийг 2017 оны долдугаар сард байгуулсан бөгөөд тус комисс нь их, дээд, бага, дунд сургуулийн сурах бичиг гаргах менежмэнтийг сайжруулах зорилготой. Үндэсний сурах бичгийн комисс нь бага, дунд сургуулийн Хэл бичиг, Ёс зүй ба хуулийн засаглал /Улс төр гэж нэрлэж байсныг ийнхүү өөрчилсөн/, Түүх гэсэн гурван хичээлийн нэгдсэн сурах бичгийг гаргасан. 2017 оны есдүгээр сарын 1-нээс энэхүү сурах бичгийг Хятад улсын хэмжээнд бүх бага болон дунд сургуульд нэгдсэн журмаар хэрэглэж эхэлсэн. Ингэхдээ үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургалт бүхий мужуудад шат дараатай хэрэгжүүлж эхэлснийг дурдах хэрэгтэй. Энэ дагуу 2017 оны есдүгээр сарын 1-нээс Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд, 2018 оны есдүгээр сарын 1-нээс Төвөдийн Өөртөө засах оронд сурах бичгийг хэрэглэж эхэлсэн. Энэ 2020 оны есдүгээр сарын 1-нээс ӨМӨЗО болон Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычуань гэсэн зургаан мужид хэрэглэж эхэлж байна. Ингэхдээ ӨМӨЗО-ны удирдлагын хүсэлтээр гурван сурах бичгийг нэгэн зэрэг биш шат дараатай нэвтрүүлэхээр болсон. Тухайлбал, энэ онд Хэл бичиг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал, 2022 оноос Түүхийн сурах бичгийг нэвтрүүлэх юм.
ӨМӨЗО-ны сургуулиудад нэгдүгээр ангиас Монгол хэл, хоёрдугаар ангиас Хятад хэл /одоо энэ сурах бичиг Хэл бичиг нэртэй болсон/ заадаг байсан бол нэгдүгээр ангиас аль аль хэлийг хосолж заана. Дээр дурдсан гурван хичээлээс бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, мөн монгол хэлний хичээлийн цаг хуучин хэвээр байгаа юм.
Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Сурах бичиг нь улсын хүсэл зоригийг илэрхийлж, ард түмэнд тулгамдаж буй асуудлыг тусган, Хятад улсын шилдэг соёл, хүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшилтэт ололт, амжилтыг өвлүүлэн, ямар хүнийг төлөвшүүлэх, хэрхэн төлөвшүүлэх, юуны төлөө төлөвшүүлэх гэсэн үндсэн асуултуудыг шийдвэрлэхэд чухал тээвэрлэгч болдог бөгөөд намын боловсролын чиглэлийн хэрэгжилт хийгээд боловсролын зорилгын биелэлттэй шууд холбогддог.
Үндэсний хэлээр хичээл заадаг бага, дунд сургуулиуд Хэл бичиг гэсэн нэгдсэн нэг сурах бичиг хэрэглэснээр улс даяар хэрэглэх хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр. Улс нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсрол, сурах бичгийг сайжруулснаар үндэстний нутаг янз бүрийн үндэстнүүдэд илүү эрх тэгш, илүү чанартай боловсрол олгох давуу талтай бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой.
–2020 оны есдүгээр сарын 1-нээс шинэ сурах бичгийг нэвтрүүлж эхэлнэ гэдгийг ӨМӨЗО-ы сургуулиуд, эцэг эх мэдэж байсан уу?
-Мэдэж байсан, бэлтгэл ажил ч хийгдсэн. Хэл бол хүн хоорондын харилцаа, ойлголцлын чухал хэрэгсэл. Хэл нэвтрэлцэхгүй бол харилцахад хэцүү. Үндэстний цөөнхийн хүүхдүүд улс нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах, нийгэмд хөл тавихад нэн тустай.
Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл, бичгийн эрхийг хамгаалдаг. Дэлхийн бусад улс орны нэгэн адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэх хэл, бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Нэгдсэн сурах бичгийг нэвтрүүлж, улсын нийтээр хэрэглэх хэл, бичиг дээр сургалт явуулах нь нийтээр хэрэглэх хэл, бичгийн хэрэглээний түвшинг дээшлүүлэх, үндэсний цөөнхийн боловсролын хөгжлийг ахиулахад тустай. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг юм.
–Яг одоо ӨМӨЗО-нд бага, дунд сургуулийн хичээл хэвийн явагдаж байгаа юу? Барууны зарим хэвлэлээр энэ шинэчлэлийг дэмжихгүй байгаа монголчуудыг баривчилсан, цуглааныг сурвалжилсан гадаадын сэтгүүлчийг цагдаа нар байцаагаад Бээжин рүү буцаасан, жагсаал цуглаанд уриалсан, анхны мэдээллийг түгээсэн хүмүүсийн нэрсийг илчилсэн хүмүүст 1000 юанийн шан амалсан гээд мэдээллүүдийг дэлхийн зарим улс орны мэдээллийн сувгууд дамжуулсаар байна. Эдгээр мэдээлэл бодитой юу?
-Хэсэг өөр санаатай хүчнүүд эрээ цээргүй, зөв бурууг хольж, Хятадын эсрэг шуугиулж, Төвөд, Шинжаан-Уйгур, Хонкогтой холбоотой асуудалтай холбож худал цуурхал тарааж, Хятад-Монголын харилцааг өдөөж байна. Үүний зорилго нь Хятад улсыг харлуулах явдал юм. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай.
Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд билээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашигт нийцнэ. Манай хоёр улсын харилцаанд шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй бөгөөд хөгжлийн хандлага сайн байгаа. Ялангуяа энэ онд хоёр тал харилцан ойлголцож, харилцан дэмжиж, халдварт өвчинтэй хамтран тэмцэж хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж чадлаа. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал, харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Бид үүнийг хамтдаа нандигнан хамгаалах хэрэгтэй. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалгаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.
–БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалын талаар мэдээлэл өгнө үү?
-Ван И сайд есдүгээр сарын 15-ны үдээс хойш Улаанбаатар хотод бууна. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийнэ, мөн хоёр улсын Гадаад харилцааны яамдын хамтран ажиллах хоёр жилийн төлөвлөгөөг зурна. Эдийн засаг, техникийн тал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Энэ гэрээний дагуу Хятадын талаас Монголын талд 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох юм. Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухайн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилнэ. Мөн COVID-19-ийн оношлуурыг унших аппарат, эмч нарын зориулалтын 100 мянган амны хаалтыг хандивлана.
Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэх шаардлагатай болсон. Хилээр нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, төмөр замын гарцын тухай заалтууд нэмэгдэн орж байгаа.
Бас Монголоос Хятад руу хөх тарианы гурил экспортлох протокол зурагдана.
COVID-19-тэй холбоотойгоор Монгол, Хятадын хилээр нэвтрэх “Ногоон гарц”-ын түр журам хэрэгжиж байна. Энэ журмыг Хятадтай хиллэдэг улс орнуудаас ганцхан Монгол улстай хэрэгжүүлж байна. Энэ дагуу нүүрсний экспорт богино хугацаанд, чирэгдэл багатай явагдаж байгааг онцлон хэлье. Анх өдөртөө 20-40 нүүрс тээврийн машин нэвтэрч байсан бол одоо өдөрт нэвтрэх машины тоо 2000 давж байна. Үнэндээ халдварт өвчинтэй холбоотойгоор эдийн засаг хумигдаж, Хятадын дотоодод нүүрсний хэрэглээ багассан. Гэсэн ч Монголын талын хүсэлтээр бид нүүрсний импортыг нэмэгдүүлж байна. Өмнө нь Монголд нүүрсний овоолго үүсдэг байсан бол одоо Хятадад нүүрсний овоолго үүсч байна. Түр журмын дагуу хилээр нэвтрэрч байгаа жолооч нараас COVID-ийн шинжилгээ давхардуулж авахгүй байх, машины ариутгалыг түргэвчилсэн байдлаар хийх, боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг зохицуулалтыг Хятадын тал хийж байна.
–Оросоос Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан тавих төсөл хэрэгжих нь тодорхой болсон. Хятадын талаас энэ төсөлд хэрхэн оролцож байна вэ?
-Орос, Монгол, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх хамгийн том төсөл нь магадгүй энэ хийн хоолойн төсөл болох байх. Энэ төслийн талаар гурван талын эхний шатны яриа хийгдсэн. Хэдийгээр гурван тал тохирсон ч халдварт өвчний улмаас бага зэрэг саатаад байна. Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос хийн хоолойн ТЭЗҮ-г боловсруулах эрхийг төрийн өмчит CNPC /Ардын газрын тосны корпорац/ компанид өгсөн.
–COVID-19 нь дэлхий нийтийн харилцааны дэг жаягийг өөрчлөх нь тодорхой боллоо. Ялангуяа эдийн засгийн харилцаа. Энэ нөхцөлд БНХАУ-ын санаачлан хэрэгжүүл буй “Бүс ба зам” төслийн хэтийн стратегид өөрчлөлт орох болов уу?
-“Бүс ба зам” бол дэлхийн олон туйлт эдийн засаг, эдийн засгийн глобалчлалын чиг хандлагын дагуу Хятадын дэвшүүлсэн дэлхий дахины чөлөөт худалдааны тогтолцоо, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хамгаалах санаачилга юм. Цар тахлын үед дэлхийн эдийн засаг доргиж, “Бүс ба зам” санаачилга дагуух улс орны хөгжилд сорилт дагуулж байна. Улмаар “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа болон цогцолбор бүтээн байгуулалтуудад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Харин “Бүс ба зам” хамтын ажиллагаанд цар тахлаас үүдэлтэй ноцтой зогсонги байдал бий болсонгүй. Хятад-Европын олон улсын галт тэрэгний ээлжийн тоо болон бараа, үйлчилгээ тээвэрлэлт эрс нэмэгдсэн. Энэ нь олон улс оронд халдвартай тэмцэхэд дэмжлэг болж, дэлхийн аж үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнд онцгой үүрэг гүйцэтгэлээ.
Энэ оны эхний хагаст “Бүс ба зам” санаачилгын дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт хамгийн хурдацтай нэмэгдэж, санхүүгийн бус хөрөнгө оруулалт 8.12 тэрбум ам.доллар давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 19.4 хувиар өссөн дүн юм. Хятадын дотоодын үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт ахихын хэрээр Хятадын гадаад дахь эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэн тогтворжиж, “Бүс ба зам” хамтын ажиллагааны дараагийн хөгжилд үндэс суурь, итгэлийг бий болгож өгч байна.
Ши Жиньпин даргын онцолсончлон “Аюул дунд боломж бий болдог, өөрчлөлт дунд шинэ нөхцөл байдал эхэлдэг”. Монгол бол “Бүс ба зам” санаачилга дагуух чухал улс. Өнөөгийн цар тахлын улмаас үүссэн төвөгтэй хүчин зүйлс, сорилтыг даван гарахын тулд бид Монголын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, шинэ агуулга хэлбэрийг санаачлан, “Бүс ба зам” болон Монголын талын стратегийн уялдаагаа бэржүүлж, талуудын цах тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх тал дээх харилцаа холбоо, бодлогын зохицуулалтад түлхэц өгөхөд бэлэн байна. Цаашлаад “Бүс ба зам”-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна. Иймээс Монголын талыг Хятадын талын “Бүс ба зам” салхийг хөлөглөн, хамтын хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцахад таатай байх болно.
-Танд баярлалаа.
Холбоотой мэдээ