Засгийн газрын өнөөдөр (2020.09.14) хуралдаанаас бүх төрлийн цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг хамруулах шийдвэр гаргажээ. Өмнө нь Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргаад байсан юм.
Гэвч 80 гаруй мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ харах, ажлаасаа чөлөө авах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байв. Тиймээс хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд хоёр настай хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч, хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол буюу улсын, хувийн цэцэрлэгт хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Хоёр настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй учраас хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ