Хавдартай иргэд жилд нэг удаа үнэгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Хавдартай иргэд жилд нэг удаа үнэгүй зорчино

Өнөөдөр дэлхийн хавдартай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан  өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс төмөр зам дагуу байрладаг таван аймгийн хавдартай иргэдийг жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчуулах болсон тухай мэдээллээ. Энэ хүрээнд өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын захирал Б.Цэцэгсайхантай санамж бичиг үзэглэсэн юм.

Төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдана. Учир нь эдгээр аймагт жилд 800 орчим хүн хавдар өвчтэй хэмээн шинээр оношлогддог байна. Орон нутагт хавдрын эсрэг эмчилгээ, мэс заслын үйлчилгээний  хүртээмж муу байдгаас тэдгээр хүмүүс Улаанбаатарыг зорьдог. Иймээс эдгээр иргэдийг жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчих нөхцөлийг хангаж байгаа ажээ.

Гэхдээ үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаар тавьжээ. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүүхэд, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах юм байна. Энэ ажлыг ирэх сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ “Хавдрын үндэсний зөвлөл”-ийнхөн эдгээр аймгийн эмнэлгүүдтэй хамтарч, хавдрын өвчлөлтэй иргэдийн мэдээлэл солилцоно. Энэ хүрээнд иргэдийн мэдээллийг авч, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулна. Тиймээс хавдартай иргэд орон нутгийн эмнэлэгтэйгээ уялдаа холбоо сайтай ажиллах хэрэгтэй юм байна.

Дашрамд дуулгахад, хавдрын өвчлөлтэй иргэдэд нийтийн тээврийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ олон улсад элбэг байдаг. Харин Монгол Улсад ийнхүү хэрэгжүүлэхээр эхлэл тавьж байгаа нь энэ юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж