Сагсан бөмбөгчид 10-аад жилийн дараа хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид 10-аад жилийн дараа хуралдана

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл, тамирчид, дасгалжуулагчид болон Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


 

САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

Монголын сагсан бөмбөгийн холбоо Төрийн бус байгууллага нь сагсан бөмбөгийн спортыг өөрийн оронд хөгжүүлэх зорилготой, үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, багийн эзэд, сонирхогчдыг нэгтгэсэн байгууллага байх учиртай. Гэтэл сүүлийн жилүүдэд холбоо нь зорилго чиглэлийнхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа огт явуулахгүй байна. Холбооны удирдлага, зохион байгуулалт нь тодорхойгүй, маргаантай байж, мөн дүрмэнд заагдсан бүх гишүүдийн хурлаа огт хийхгүй явсаар, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байгаа юм. Үүний улмаас тус холбоо хариуцан 2015 онд оролцуулах ёстой байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа оролцуулаагүй, ид үедээ тоглож байгаа тамирчдыг болон Монгол Улсаа маш том хохироосон гэж сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл болон тамирчид, дасгалжуулагчид мэдэгдлээ.

“Зууны мэдээ” мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал хэлэхдээ “Бидний зүгээс Монголын сагсан бөмбөгийн холбоог үйл ажиллагаанд нь оруулья гэсэн зорилготой байна. Учир нь 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр явагдсан ээлжит бус хурлыг Монгол Улсын шүүх шалгаж, улмаар хууль бус хурал болсныг тогтоон хүчингүйд тооцсон. Тиймээс бид Монголын сагсан бөмбөгийн холбоог байхгүй болгох санаархал, эзэмшээд авах зорилго энд байхгүй байгаа юм. Гол нь 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилыг хурлаа хийгээд өгөөч гэж хүсэж байгаа юм. Бид 10-аад жил хуралдсангүй. Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гээд хоёр хуваагдчихаад яваад байгаа нь бид бүхний цаашлаад Монгол Улсын шигшээ багийн тамирчдын олон улсад үзүүлэх амжилтад нөлөөлөөд байна. Албан ёсны хурал, өөрсдийн үйл ажиллагаагаа зөв явуулах юм бол тамирчид болон сонирхогч нарын хувьд дэмжээд л явна шүү дээ. Түүнээс биш эзэмшээд, хувьчилаад авчихсан зүйл энд байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбоо албан ёсных болоод дотоод болон гадаадад болох тэмцээндээ амжилттай оролцох нь чухал байна. Сагсан бөмбөгийн холбооны татвар, гишүүнчлэл байхгүй учир хуралд оролцох бүх хүмүүст мэдэгдэж, хуралдаа оролцоорой гэж хэлсэн байгаа. Мөн сагсан бөмбөгийн спортын төлөө сайхан зүйл хийх сонирхол байгаа хэний ч өмнө энэхүү хурал нээлттэй” гэсэн юм.

Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ нь 2005 онд сонгогдсон ерөнхийлөгч болон удирдах зөвлөл, дүрэм журам нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг гэдгийг Монгол Улсын дээд шүүх баталсан. МСБХ-ны дүрмийн дагуу холбооны дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх учиртай юм. Мөн тус холбооны дүрмийн 3,5-д зааснаар ерөнхийлөгчөөс гадна, тэргүүлэгч гишүүдийн хүсэлтээр ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж болно гэж заажээ. Иймээс тус холбооны тэргүүлэгч гишүүд болох Ж.Оджаргал, П.Батсайхан, С.Баярцогт, Ц.Баатарсайхан, Ц.Цэвэрбал, С.Дамба, Б.Чулуунбаатар нарын долоон тэргүүлэгч гишүүний шийдвэрээр тус холбооны бүх гишүүдийн хурлыг ирэх бямба гаригт буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр МҮЭСТО-д зарлан хуралдуулахаар болсныг бид дэмжиж тус хуралд оролцохоо мэдэгдэж байгаагаа энэ үеэр хэллээ.

Хоёрдугаар сарын 6-ны өдөр болох хурлыг

  1. Монголын сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг
  2. Монголын залуучуудын шигшээ баг
  3. Үндэсний супер лигийн эзэд бүх тамирчид, дасгалжуулагчид
  4. Эмэгтэй супер лигийн бүх тамирчид, дасгалжуулагчид
  5. Сонирхогчдын спрайт лигийн бүх багийн тамирчид, дасгалжуулагчид
  6. Сагсан бөмбөгийн бүх гишүүд
  7. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын төлөөлөл
  8. Орон нутгийн нийт дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл
  9. Спортын мастерууд
  10. Ахмад тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

 

Мөн энэ цагт "Монгол Ньюс" мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Ингээд МСБХ-ны тэргүүлэгч гишүүн, гавьяат тамирчин Ц.Шаравжамцаас зарим зүйлийг тодрууллаа.

ХУРАЛ ХИЙНЭ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛЫГ ХИЙХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

-Сагсан бөмбөгийн бүх гишүүдийн хурлыг хийхээр тов гаргачихлаа. Та бүхэн энэхүү хурлын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар ээлжит бус чуулганыг хийхээр болсонтой холбогдуулан бид мэдээлэл хийж байна. Тэдний хувьд МСБХ-ны бүх гишүүдийн хурлыг хийх боломж байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгдэх гэсэн асуудлууд нь хүчингүй юм байна гэсэн шийдвэр гарсан. 60 гаруй жилийн түүхтэй сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Б.Тамир ажиллаж байна. Хуучин Ч.Ганхуяг ерөнхийлөгчийн үед байсан удирдах зөвлөлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн. Хоёрдугаар сарын 6-д хурал хийнэ гээд байгаа тэд удирдах зөвлөлд байхгүй. Тэдний хувьд бид удирдах зөвлөлийн гишүүн учраас хурал хийнэ гээд явж байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос бүх гишүүдийн хурлыг хийх сураг байна. Энэ хурал хэзээ болох вэ?

-Бидний хувьд ээлжит хурлаа сар шинийн баярын дараагаас хийнэ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчтэй явж байгаа. Тиймээс бид хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонгоно.

-2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй сагсчид оролцож чадсангүй. Үүний буруутаныг МСБХ гэж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Зүүн Азийн АШТ-ээс эрхээ авах учиртай. Энэ эрхийн тэмцээн нь Япон улсад болох ёстой байсан юм. Манай баг Хонгконгийг хожвол тивийн аваргад өрсөлдөх эрхийг авах байсан. Гэтэл тэрхүү тэмцээнийг Японы талаас зохион байгуулах боломжгүй боллоо гэсэн. Ингээд тэр тоглолт цуцлагдаж, Дэлхийн сагсан бөмбөгийн холбоонд чансаатай ХонгКонгийн баг Азийн аваргад оролцох эрхээ авсан. Энэ талаарх мэдээллийг сагсан бөмбөгчид бүгд мэдэж байгаа. Тухайн үед бид чансаагаараа өндөр байгаа ХонгКонгийн баг Азийн аваргад явах болсон талаар хэлж байсан. Тиймээс бидний буруугаас тамирчид хохироод байгаа юм байхгүй.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж