Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2020.09.14) хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 8 хувь болгох шийдвэр гаргажээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тус хорооны хурлын шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр “Мөнгөний бодлогын хороо энэхүү шийдвэрийг гаргахдаа эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тогтворгүй байдал, эрсдэл зэргийг харгалзан үзсэн. Энэхүү шийдвэрийг гаргаснаар арилжааны банкуудын зах зээлд нийлүүлж буй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн хүүгийн бууралтыг зохистой түвшинд хангах, 2020 оны наймдугаар сард батлагдсан зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэж үзлээ. Мөн эдийн засгийн сэргэлтийг дэмжих үндсэн зорилготой. Жилийн инфляци 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1,7 хувь хүрч буурсан. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч өнөөгийн бага түвшинд хадгалагдах, ирэх жилүүдэд Төв банкны зорилтот түвшнээс давахааргүй төлөвтэй байна.
Эдийн засаг цар тахлын "шок"-ийн нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жил тохиолдоогүй хамгийн өндөр агшилт болж байна. Гэвч сангийн болон санхүүгийн зохистой зохицуулалт, макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, эргэн сэргэх төлөвтэй байна.
Эхний хагас жилд дэлхийн эдийн засаг унасны дараагаар гуравдугаар улиралд сэргэлт бий болж, эдийн засгийн суурь бүтэц тогтворжих хандлагатай байна. Хөрөнгийн зах зээлийн үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс бүрэн харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв вириусийн тархалтыг хяналтдаа авахаас бүрэн хамаарч байгаа тул тодорхой бус байдал цаашид үргэлжлэх хандлагатай.
Цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүд авч, мөнгөний болон макро зохистой бодлого хэрэгжүүлж, дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад Төв банк өөрийн бодлогын хэрэгслүүдээр дамжуулж дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Мөнгөний болон макро зохистой бодлогоор банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг шат дараалан авч байна. Түүнчлэн Засгийн газраас дамжуулан хөрөнгө оруулалт болон өрхийн орлогыг дэмжих сангийн бодлогыг хэрэгжүүлэн, эдийн засгийн идэвжилтийг Төв банкнаас дэмжин ажиллаж байна” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ИМПОРТООС ДАВАХААР БАЙНА
-Бодлогын хүүг ямар үндэслэлээр нэг нэгж хувиар буулгасан бэ?
Мөнгөний бодлогын хорооын гишүүн Ц.Мөнхбаяр: Инфляцын түвшин энэ оныг дуустал тогтвортой нам түвшинд хадгалагдах юм байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт алгуур сэргэж, инфляцын түвшин нэмэгдэнэ. Гэхдээ Төв банкны зорилтот түвшинд тогтворжих юм байна.
Хоёр дахь үндэслэл нь төлбөрийн тэнцлийн дарамт сайжирсан. Бодлогын хүүг өөрчлөхөд хамгийн чухал зүйл нь гадаад секторын орчин буюу төлбөрийн тэнцлийн дарамт. Гадаадын шууд болон багцын хөрөнгө оруулалт энэ удаа өмнөх хурлын үеийнхээс сайжирсан. Хоёрдугаарт, гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхээр байна. Гуравдугаар, экспортын хэмжээ импортоос давахаар байна. Ялангуяа, нүүрс, зэсийн үнэ хэдийгээр бага зэрэг унахаар байгаа ч төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангахуйц хэмжээнд хадгалагдахаар байна. Тиймээс бодлогын хүүг нэг хувь нэгжээр бууруулахад санал нэгдэж, шийдвэрээ гаргасан.
-Ипотекийн зээлийг 6 хувь болгоно гэсэн мэдээлэл байна. Хэзээнээс хэрэгжих боломжтой вэ?
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван: Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг хүүг 6 хувь болгож бууруулах асуудлыг судалж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг 6 хувь болгож бууруулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Түүнээс биш хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргаад байгаа шиг эцэслэн шийдчихсэн юм биш. Монголбанк энэ оны тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож байна. Одоогийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоод байна. 2100 орчим иргэнд 8 хувийн зээл шинээр олгосон гэсэн үг. Ипотекийн зээлийг хэрвээ 6 хувь болговол 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.
-Манай улс ФАТФ-ийн саарал жагсаалтаас хэзээ гарах вэ?
-Энэ сард ФАТФ-аас газар дээр нь хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх баг ирж ажиллахаар төлөвлөж байна. Цар тахлын хөл хорио улс орнуудад харилцан адилгүй байгаа учраас ФАТФ-ийн шалгалтын багийг авчрах уу асуудлыг судалж байна.
Холбоотой мэдээ