Шатахууны үнэ цаашид ч буурах боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ цаашид ч буурах боломжтой

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улс анх удаа нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэ нь нефть боловсруулах үйлдвэр барихаар олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байсаар өнөөг хүрсэн үед “чимэгтэй” мэдээнд тооцогдсон. Харин байршлын хувьд Бор-Өндөрийн нутагт барих нь эдийн засгийн үр ашигтай хэмээн үзэж 2.5 сая тонн шатахууны  хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон.

Монгол Улсын хувьд нефтийн салбарт ахиц гарахуйц үйл явдал тохиож буй энэ үетэй зэрэгцэн өнөөдөр “Газрын тос ба Монгол Улсын эдийн засаг” олон улсын хурал болж байна. Хуралд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Аргус медиа” компанийн ахлах шинжээч Анастас Гатунок тэргүүтэй албаныхан оролцож байна.

Хурлын эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох талаар олон жил ярьсан. Харин олон жилийн турш яриа, хэлэлцээрийн төдий байсан зүйл өнөөдөр биеллээ олж, ажил хэрэг болж эхэлсэн нь томоохон дэвшил” гэдгийг онцлон дурдаж байлаа.

Монгол Улсын хувьд жилд 1 200 000 тонн шатахуун гаднаас импортолдог. Нефтийн үнэ өндөр байх үед импортын шатахуунд тэрбум гаруй ам.долларыг зарцуулдаг гэх тооцоо бий. Ийнхүү шатахуунаа гаднаас авч хэрэглэдэг нь эргээд эдийн засгийн хараат байдалд орж, олон эрсдэл дагуулдаг хэмээн салбарынхан хэлдэг. Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн “2008 оны жишээг дурдъя. Тухайн үед Монгол Улс шатахууны гурав хоногийн нөөцтэй болсноос нийтийн тээвэр, авто замын үйлчилгээг бүрэн зогсоож, зөвхөн галын болон түргэний тэргийг л шатахуунаар хангахаас аргагүй нөхцөл үүссэн үе бий” хэмээн онцолсон юм.  Ялангуяа зах зээлд эдийн засгийн хүндрэлтэй үе ирсэн энэ үед хямралд амархан өртөхгүй, тогтвортой байдлаа хадгалдаг болох шаардлага тулгарсныг талууд хэлэлцсэн юм. Энэ үед Монгол Улс боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодынхоо хэрэгцээг бага ч гэсэн хангах эхлэл тавигдаж буй нь томоохон алхам болохыг дурдаж байсан юм. Бор Өндөрт барих боловсруулах үйлдвэрийг өөрийн улсын нөөц бололцоо дээр тулгуурлаж барихыг зорилгоо болгож байгаа юм.

Монгол Улсын хувьд жилдээ гурван олборлолтын талбайгаас 1 100 000 тонн түүхий тос боловсруулдаг. Энэ нөөцөө бүгдийг боловсруулбал дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах боломжтой хэмээн албаныхан тайлбарлалаа.

Мөн энэ үеэр онцолсон асуудал нь шатахууны үнэ цаашид буурах боломж бий юу гэдэг байв. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байна. Гэтэл Монголд шатахууны үнэ төдийлөн буурахгүй байгаагийн учир юу вэ? Мэдээж энэ нь эргээд боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбогдоно. Хэдий тийм ч шатахууны үнийг бууруулах тал дээр шат дараалсан ажил хэрэгжүүлсний дүнд нийслэлд 150 төгрөгөөр, мөн орон нутагт ч тодорхой хувиар буурсан гэдгийг албаны хүн тайлбарлалаа. Цаашид баррель нефтийн үнэ 15 ам.доллар хүртэл буурвал Монголд шатахууны жижиглэнгийн үнэ үргэлжлэн буурах боломжтой гэлээ. Ер нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ үргэлжлэн буурвал шатахууны үнэ багасах боломжтой гэдгийг тодотгосон юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж