Ирландын эрүүл мэндийн албаныхан Зика вирусын халдвараас сэргийлж бэлгэвч хэрэглэхийг зөвлөжээ. Латин Америк болон Карибын орнуудад гарсан Зика вирусын халдвар бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжсан тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Иймд вирусын халдвар гарсан орнуудад аялсан хүмүүс сарын хугацаанд бэлгэвчтэй хурьцал үйлдэж, цусаа хандивлахгүй байхыг Ирландын эрүүл мэндийн албаныхан зөвлөж байна. Түүнчлэн халуурах, толгой, өвдөх, тууралт гарч, нүд загатнах зэрэг Зика вирусын халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс зургаан сарын хугацаанд бэлгэвч хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Өмнө нь Их Британийн эрүүл мэндийн яамнаас гадаадад аялагчдад ХДХВ/ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчин, тэрчлэн Зика вирусын халдвараас сэрэмжлэн бэлгэвч хэрэглэж байхыг зөвлөмж гаргасан байв.
Зика вирус нь ургийн тархины хөгжлийн хөгжлийг зогсоодог тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн аюултай юм. Халдварын улмаас оюуны хомсдолтой, жижиг тархитай төрсөн хүүхдүүд насан туршдаа асаргаанд байдаг аж. Зика вирусын халдвар шумуулаар тараагддаг боловч АНУ-ын Техас муж улсад бэлгийн замаар дамжсан тохиолдол гарчээ. Бразильд өнгөрсөн аравдугаар сард Зика вирусын халдвар илэрснээс хойш Латин Америк болон Карибын 20 гаруй оронд тархаад байна. Бразильд Зика вирусын улмаас 4000 орчим жижиг толгойтой хүүхэд төрж, 1.5 сая хүн халдвар авсан байх магадлалтай аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусын халдвар тархалтад олон улсын хэмжээнд онц байдал зарлаад байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE