Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны бус ажилтнууд өнөөдөр сургалт зөвлөгөөнд хамрагдлаа. 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын ассамблейгаас есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн “Цэвэр агаартай цэлмэг тэнгэр” өдрийг тэмдэглэхээр болсон. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Есдүгээр сарын 7-оос эхлээд бүх нийтлэг үйлчилгээний төвүүд болон мэдээлэл инновацийн төв нийт 11 газарт ногоон зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслүүдийг сурталчлах ажлыг иргэдэд зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүнийг нийлүүлж болохоор байгаа тухайг хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудад мэдлэг олгохыг зорьсон. Ингэснээр иргэн, банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болно. Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааны асуудлыг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаар сарын 7-ыг хүртэл иргэд нийтлэг үйлчилгээний төвүүд, мэдээлэл инновацийн зургаан төвд очоод ямар банкны хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг хараад маш бага хөнгөлөлтийн шалгуураар 20 гаруй компаниудын бүтээгдэхүүнээс авч болно” хэмээлээ.
Өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Алтанзул “Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хас банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул “Ногоон зээлийн хэрэгцээ, шаардлага” сэдвүүдээр илтгэл тавьсан бол ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Цахилгаан халаагуурын шийдлүүдийн танилцуулга” сэдэвт сургалтыг орсон юм. Мөн Дулаан шийдэл төслийн санхүүгийн зуучлалын зохицуулагч Т.Уламбаяр “Амины орон сууцны дулаалга, ач холбогдол”, Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсанаа “Хас банкны Эко хэрэглээний зээлийн шалгуур” сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хүргэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ