Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР

Эдийн засгийн эргэлтэд оруулах ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР

Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд соёлын аялал жуучлал бие даасан төрөл болж хурдацтай хөгжих болсон. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, дэлхийд сурталчлан таниулж, хөгжүүлэх нь монголчуудын оршин тогтнохын үндэс гэж хэлж болно. Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд түүх соёлоо, аялал жуучлалын гол контент болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах том зорилт тавиад буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Соёлын яам байгуулж, өв соёлоо хадгалах, түгээх, сурталчлах ажлыг хариуцуулах болсон билээ.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өвс соёлоо дээдлэж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” гэж тусгасан.

Төв Азийн түүхтэй холбоотой  археологийн олон олдвор Хануй, Хүнүй голын сав газраас олдсон байдаг.  Энэхүү бүс нутагт буюу Орхон, Тамир, Хануй, Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн Төв Азийн түүх, соёлын голомт судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолбор байгуулахаар Засгийн газар мөрийн хөтөлбөртөө суулгаж өгсөн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолтоор ажиллаж, Орхон, Тамирын хөндийд байх Төв Азийн эзэнт гүрний эх түүхийн жимээр аялж, Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг соёлын биет өвтэй танилцаж, археологичид, эрдэмтэд, судлаачдын санал бодлыг сонсож, ажилтай нь биечлэн танилцсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн соёлын биет өвтэй танилцах томилолт Архангай аймгийн Хашаат сумын “Хөшөөт Цайдам”-д байх Түрэгийн хаант улсын Билгэ хааны танилын онгоноос эхэлсэн юм. Билгэ хааны тахилын онгон нь дэлхийн зургаан том үнэт олдворын нэгд тооцогддог ажээ. Энэ бол 15 зууны өмнөх, зургадугаар зууны үед мандан бадарч байсан түрэгүүд хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Монголын төв нутаг Хангайн уулс, Орхон голын хөндийг орд өргөөгөө барьж, төвлөрөн сууж байсан түүхэн баримт аж.

Билгэ хаан нас барахад түрэгүүд дурсгалыг нь мөнхжүүлж, Орхон голын хөндий, Хөшөө цайдамд 3.4 мерт өндөр 1.7 мерт өргөн зургаан тонн жинтэй хөшөө босгосон тухай, турк үндэстэн Билгэ хааны хөшөөнд ирж мөргөдөг тухай, энэхүү онгоныг түшиглэн аялал жуучлалын бүтээгдэхүүн бий болгох боломжтойг Шинжлэх ухааны доктор Г.Эрэгзэн сонирхуулав.

Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, бадмаараг зуусан галт шувууны дүрслэл бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгө буга, алтан уут гээд археологийн үнэт олдворуудыг тавьжээ.

Алтан титэм нь цэцгэн хээ бүхий сууринаас дээш салбарласан таван дэлбээтэй. Магнай талын гол том дэлбээнд далавчаа дэлгэсэн галт шувууг эгц урдаас нь дүрсэлж толгойг хоёр хадаасаар тогтоожээ. Уг шувуу нь тунгалаг ягаан өнгийн үнэт чулуу сүвлэсэн 4 см урт алтан утас махир хошуундаа зуусан байна. Энэ титэм нь 1958 оны малтлагаас илэрсэн Куль-Тегиний чулуун хөргийн толгойд дүрсэлсэн өмсгөлтэй төстэй талаар археологичид ярилаа.

Монгол, Туркийн эрдэмтэд хамтран хайгуул малтлага хийж, алт, мөнгө, эрдэнийн чулуун эдлэл бүхий 4000 олдвор олсон байна. Музейг Туркийн санхүүжилтээр барьжээ. Улаанбаатараас 400, Хархориноос 45 километрийн зайд байрлах Билгэ хааны музейгээр ороод гарахад гэмгүй.

Хөшөө Цайдамаас цаашлаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших “Эрдэнэ зуу” хийдээр орлоо. Тус хийд гадаад, дотоодын жуулчдын зорьж очдог аялал жуучлалын гол маршрут болсон. Гэхдээ зорьж очсон хүмүүсийн хувьд үзэж харах зүйл багатай, аялал жуулчлалын гол маршрутын хувьд “Эрдэнэ зуу” хийдийг сэргээх, ядаж л зорьж очсон хүмүүс сэтгэл дүүрэн буцахад Соёлын яамны зүгээс анхаарах нь зүйтэй болов уу.

Соёлын шинэхэн сайд С.Чулуун бол мэргэжлийн, салбарын хүн. Тэрбээр Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг соёлын биет өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадвал уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг онцолсон юм.

Соёлын өвөө “эргэж, тойрсон” Ерөнхий сайдын томилолтын гол зорилго нь эх түүхээ эдийн засгийн контент болгох, нөгөө талаар эзэнгүй юм шиг орхигдож ирсэн булш, бунхан болон археологийн олдворуудаа төр хамгаалан, эзэнжүүлэхэд чиглэгдсэн.

Шунахайн сэдлээр нутгийн иргэдтэй хамжин, булш, бунхан тоногчид болон хууль бусаар археологийн үнэт олдворуудыг гадагш гаргаж буй хүмүүстэй төр хатуу тэмцэнэ гэж Ерөнхий сайд археологичид, эрдэмтэд, судлаачдын өмнө амлалаа.

Архангай аймгийн Хотонт сумын нутагт Өгөдэй хааны зуны ордны туурь оршдог аж. Энэ туурийг Япон, Монголын эрдэмтэд Өгөдэй хааны “Гэгэчаган” ордны туурь мөн болохыг баталсан байна. Түүхэнд ном сударт өгүүлсэн байгалийн тогтоц байдал, мөн барилга байшингийн зохион байгуулалт зэргийг судалж шинжлээд, Өгөдэй хааны зуны ордон мөн гэж хэлэх үндэслэл байгаа хэмээн МУИС-ийн доктор У.Эрдэнэбат танилцууллаа.

Их Юань улсын судрын Тайзугийн бүлэгт “Өгөдэй 9-р он. 1237 оны улаан тахиа жилийн зун Цэцэг цагаан нуурт авлажээ. Зуны дөрвөн сард Саолин/суурин/ хотыг цогцлоод Гэгэчаган хаш байгуулжээ” гээд, уг ордон нь Хархорумаас умард зүгт 70-аад ли /40 км/ зайд байрладаг гэжээ. Уг балгасыг Монголын ууган археологич, түүхч Хөдөөгийн Пэрэнлэй судлаад, 13-14 дүгээр зууны үеийнх гэж дүгнэсэн байдаг.

Ерөнхий сайд уг туурийг цогцоор нь судлах үүргийг Соёлын сайдад өгсөн бөгөөд үнэхээр салбарын сайдын хэлснээр соёлын инноваци бий болгож чадвал түүх соёлд төдийгүй аялал жуучлалд томоохон нэмэр оруулах “үнэт өв” болох юм.

Доктор У.Эрдэнэбат “Нүүдэлчид хотын соёл мэддэггүй, зөвхөн эвдлэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан гэж зарим түүхчид дүгнэдэг. Гэтэл тийм биш. Олон эрдэмтэд, олон жил явуулсан археологийн судалгаагаар Монголын эзэнт гүрний үед дайн байлдаан, эвдрэл сүйтгэл болсны дараа тухайн хотыг хөгжүүлэх, эдийн засгийг тэтгэх талаар монголчууд маш нарийн бодлого явуулж байсан олон баримт байдаг” тухай ярьсан юм. Археологичдын хувьд бүгдийг нь нээн илрүүлэхээс илүү дараа үедээ хадгалж үлдээх, түүхийн үнэт олдворуудаа хадгалах, хамгаалах, сурталчлан таниулахад анхаарахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Үргэлжлэл бий

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж