Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өчигдөр (2020.09.13) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Асанояама, барууныг озэки Такакэйшо нар манлайлах болсон.
Сумогийн түүхэнд 37 жилийн дараа анх удаа башё ёкозүна цолгүй бөхтэй эхэлж байна.
Зүүнийг манлайлж буй Асанояама Аки башёгийн эхний өдөр комүсүби Эндотой тааран барилдсан ч ялагдал хүлээлээ. Харин барууныг манлайлж буй озэки Такакэйшо эхний өдөр өнгөрөгч нагоя башёгийн аварга маэгашира Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй барилдаж давав.
Өдгөө 24 настай Такакэйшо 2018 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлж, анхны эзэн хааны цомоо хүртэж байсан билээ.
Маэгашира Тамаваши Мөнх-Оргил энэ өдөр сэкивакэ Дайэшотой тааран барилдаж, ялалт байгууллаа. Мөн Кирибаяама Лхагвасүрэн Точиношинг давсан бол энэ намрын Аки башёгоос эхлэн дээд зиндаанд эрэмбэлэгдэж буй Хошорюү С.Бямбасүрэн дээд зиндааны анхны барилдаанаа Ичиножи Ичинноровын эсрэг хийж, анхны ялалтаа авлаа.
Энэ жил 21 настай Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёорюүгийн авга дүү бөгөөд 16 настайдаа сүмо бөхөөр хичээллэхээр арлын Япон улсыг зорьж байжээ.
Холбоотой мэдээ