Монголын бурхны шашны сүм хийд, сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл өнөөдөр (2020.09.14) Гадаад харилцааны яамны холбогдох мэргэжилтнүүдэд монгол бичгийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ.
“ӨВӨРМОНГОЛД ҮҮСЭЭД БУЙ АСУУДАЛ НЬ НИЙТ МОНГОЛ ҮНДЭСТЭНД ХАМААТАЙ”
“ЮНЕСКО-гоос 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгэсэн. Лам хувраг хүмүүсийг соёлын биет бус өвийг тээгч гэж үздэг. Учир нь бурхан шашны ном судалж буй лам хуврагууд 15 дугаар зуунаас эхлэн босоо монгол бичгээс хөрвүүлсэн ном, судар судалсан байдаг. Аливаа улс үндэстний хэл гэдэг ард түмний оюуны дархлаа. Ард түмэн хэлээрээ дамжуулан ойлголцож, харилцдаг. Хэрвээ ойлголцож чадахгүй бол бурхны шашинд мунхаг бүгдээс зовлон гарна гэж үздэг.
БНХАУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд “Үндэстэн бүр өөрийн хэл, бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун, зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчиж байна. Мөн БНХАУ-ын нэгдэн орсон 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, 1966 оны Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт, 1989 оны Хүүхдийн эрхийн тухай конвенц болон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1992 оны Үндэсний болон угсаатны, шашны болон хэлний хувьд цөөнхөд харьяалагдах хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалын үндэсний цөөнхийн боловсролын эрхийн тухай заалтуудыг зөрчиж байгаа тул бид уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” хэмээн Залуу лам хуврагуудын холбооны тэргүүн Д.Номуундалай хэлэв.
“Үржин шадивлан“ хийдийн Сургалтын албаны дарга М.Дарханмандал “Өвөрмонголд үүсээд буй асуудал нь нийт монгол үндэстэнд хамаатай. Өнөөдөр Монголын бурхны шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбоод нэгдэн Өвөр Монгол дахь монгол үндэстний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамаар дамжуулан өргөх бичиг хүргүүллээ. Бидний зүгээс БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ, факт, конвенц, хуулиа зөрчиж байгааг сануулж байгаа юм” гэв.
“БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЧЛАЛЫН ДАРААГААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ”
“Монгол Улсын Гадаад харилцааны яамны Өвөр монгол дахь монгол үндэстний хэл, боловсролын орчинд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-нд Монголд айлчлах үеэр улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Айлчлал болсны дараагаар манай талаас энэ асуудлыг хэрхэн тавьж, БНХАУ-ын талаас хэрхэн хандаж, ямар тохироонд хүрснийг айлчлалын дүнгийн хурлаар танилцуулна. БНХАУ өөрөө Үндсэн хуультай. Монгол Улс Үндсэн хуультай улс. Хоёр улс найрсаг хөршийн харилцаатай учраас бие биедээ хүндэтгэлтэй хандаж, асуудлыг харилцан ойлгож, хамтран ажиллах нь зүйтэй” гэсэн хариултыг Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Сэрээжав өглөө.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ