Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцжуулах төсөл бодит уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцжуулах төсөл бодит уу?

Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцжуулах төсөл бодит уу?

“Орон сууцтай болох гэж олон жил мөрөөдсөн. Эцэст нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд өөрт байгаа бүх зүйлээ зарж, хувь лизингээр нэг өрөө байртай болсон ч залилуулсан. Хэдийгээр хоёр талын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 20 сая төгрөг өгч, сар бүр 500 мянган төгрөгийн зээл төлсөн ч нэг л өдөр их хэмжээний мөнгө нэхэж, байрнаас минь гаргасан” гэж иргэн Н.Ариунтунгалаг ярив. Тэрбээр Монголын мянга мянган өрх толгойлсон ээжийн төлөөлөл. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн шалгуурт хангаж чадахгүйгээсээ болоод хувь лизингийн луйварчдад залилуулжээ. Н.Ариунтунгалаг Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуульд биологийн багшаар ажилладаг.

ХУВЬ ЛИЗИНГЭЭР БАЙР АВЧ ГУДАМЖИНД ГАРАХ ДӨХСӨН

Боловсролын байгууллагад амьдралынхаа 18 жилийг зориулсан тэрбээр саяхан шинэхэн хоёр өрөө байранд оржээ. Урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр ердөө 500 мянган төгрөг төлөөд, “Хос цайз-2” хотхонд өөрийн гэсэн орон сууцтай болжээ. Түрээсийн байранд төлөх мөнгөө “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар өгсөн байна. Улмаар гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор байраа сонгохдоо өөртөө ч итгээгүй гэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд байрныхаа түлхүүрийг тэрбээр хүлээж авсан байна.

 “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компаниас Монголын багш нарын “Шинэ зуун” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-т хамрагдаж, орон сууцтай болсон эхний 30 багшийн нэг юм. Н.Ариунтунгалаг багштай адил байрныхаа түлхүүрийг гардан авснаас хойш сар ч болоогүй байгаа Х.Будхүү багшийнд зочиллоо.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Хос цайз-2” хотхонд Х.Будхүү багш мөн хоёр өрөө байртай болжээ. Шинэ гэртээ ороод нэг сар ч болоогүй байгаа тул хараахан төвхнөж амжаагүй байв. 

Х.Будхүү багш боловсролын байгууллагад 41 жил ажиллаж, одоо тэтгэвэртээ гарсан ч хувиараа багшилдаг аж. Хөгжмийн багш мэргэжлээр 30 гаруй жил багшилсан байна. Түүний хэлснээр багш нарын нийгмийн асуудал маш хүнд, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай болно гэдэг бараг л боломжгүй зүйл аж.

БАГШ НАР ОРОН СУУЦТАЙ БОЛНО ГЭДЭГ МӨРӨӨДӨЛ БАЙСАН

 Доктор, профессор Х.БУДХҮҮ: 

-Монголд орон сууцтай болоход маш бэрх. Ипотекийн зээл, хувь лизингээр орон сууцтай болсон ч төлбөрийн нөхцөл маш өндөр. Нэн ялангуяа хувь лизинг бол маш хэцүү юм билээ. Хүү маань хувь лизингээр орон сууцтай болсон, ажиглаж байхад төлбөр нь маш өндөр гардаг юм билээ. Багш нар хувь лизингээр байртай боллоо гэхэд төлбөрийн нөхцөл нь өндөр учраас амьдрахад бэрх шүү дээ. Бидний хувьд орон сууцтай болно гэдэг мөрөөдөл байсан. Харин төрөөс хамаарахгүйгээр залуу багш нар орон сууцтай болж байгаа нь маш азтай хэрэг. Монголын багш нарын “Шинэ зуун” ТББ байгуулагдаж, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ТББ-тай хамтран багш нарыг орон сууцанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм билээ.

Энэ хөтөлбөрт хамрагдаж орон сууцандаа орсон эхний 30 багшийн нэг болсондоо ч баяртай байдаг. Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авахдаа багш нар их судалсан. Миний хувьд 43.7 м2 бүхий 79 сая төгрөгийн байрны урьдчилгаа төлбөр 4 сая төгрөг төлөөд байрандаа орсон. Одоо сар бүр зээлийн хуваарийн дагуу 500 мянган төгрөг төлж байна. Надтай хамт түлхүүрээ гардсан багш нарын тухайд салбартаа 6, 7 жил ажилласан “залуу”-д тооцогдоно. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд байртай болж байгаа нь маш азтай хэрэг гэдгийг л хэлье. Хөтөлбөрт хамрагдаж орон сууцтай болохоор зорьж буй багш нар ч гэж өөрсдөө сайтар судалсныхаа дараа гэрээгээ байгуулах хэрэгтэй болов уу. Дараа нь асуудал гарвал өөрсдөө л хариуцлага хүлээх болно.  

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН  30 БАГШ "ХОС ЦАЙЗ-2" ХОТХОНД БАЙРАНД ОРЖЭЭ

“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-иас Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-тай  хамтран “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-ийг энэ оны наймдугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь багш нарыг орон сууцжуулах, хөрөнгөжүүлэх зорилготой бөгөөд 5000 багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байгаа аж. Уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломж бүрдэж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан 900 гаруй багшаас эхний 30 нь түлхүүрээ гардаж, ийнхүү “Хос цайз-2” хотхонд орон сууцтай болжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” хувьцаат компани 1975 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх Эрдэнэт хотын Улаантолгойн сангийн аж ахуйгаас компанийн эхлэл тавигдсан ба 1991 онд “Жаргалант Үйлс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Дөрвөн жилийн өмнө "Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. Тус компани нь “Орон зай” худалдааны төвд байрладаг. Гэхдээ “Хувьцаат орон сууц хөтөлбөр” төслийн хүрээнд Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-тай хамт нэг дор үйл ажиллагаа явуулж буй аж. Тодруулбал, “Тэнгис” кинотеатрын дэргэд байрлах MN тауэрт төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд байрлаж, багш нарын хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Төслийн хүрээнд эхний ээлжид боловсролын байгууллагад ажиллаж буй багш, уран бүтээлчид хамрагдах боломжтой бол цаашид хувь хүн ч төсөлд хамрагдаж, орон сууцтай болох боломжтой аж.

Гэвч урьдчилгаа төлбөр, нийгмийн даатгал шаардахгүйгээр, хүүгүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах энэ төсөл эргэлзээ хардлага дагуулж байгаа юм. Учир нь, Хадгаламж зээлийн хоршооноос эхлээд Жи тайм зэрэг сүлжээ залилангийн дуулиант хэргүүд олон гарсан. Олон хүн эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохироод үлддэг харамсалтай хэргүүд цөөнгүй бий. Тиймээс багш нарыг оронсууцжуулах төсөл бас нэг залилан байх вий гэсэн үүднээс төслийг хэрэгжүүлэгчидтэй уулзаж, тодруулга авсан юм.

ЦУГЛАСАН МӨНГӨӨР БЭЛЭН БАЙР АВЧ, БАГШ НАРЫН ОРОН СУУЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ

“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Н.АЛТАНСҮХ: 

-Хувьцаат компанийн хувьд иргэд хөрөнгөө нэгтгэж, ажил амьдралаа өөд нь татдаг. Ийм л зарчмаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол дэлхий нийтэд төдийгүй Монголд ч байдаг схем. Сүүлийн үед орон сууцны борлуулалт мөнгө хүүлэгч нарын гараар орж, заавал банкаар дамжиж байна. Мөнгө хүүлэгч нар байгаа учраас зээлээр орон сууцтай болоход заавал байрны урьдчилгаа төлбөр, өндөр хүү төлөх шаардлагатай болж байгаа юм. Манай компанийн үндсэн хөрөнгө оруулагч нар нь багш нар өөрсдөө. Тиймээс мөнгө хүүлэгч, банкны хүү, урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй. Багш нар манай компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа учраас хөрөнгөө нэгтгэж, хувьцааны ашгаар орон сууцны асуудлаа шийдэж байна. Хувьцаа эзэмшигч болсон бол 500 мянган төгрөгийн төлбөрөө төлөөд, дугаарынхаа дагуу байрандаа орно.

Хувьцаа эзэмшигчдийн цугласан мөнгө болон компанийн хөрөнгийг нэгтгэж ашиглалтад орсон болон орж байгаа хөөсөнд дарагдсан боломжийн үнэтэй орон сууцыг худалдан авах байдлаар багш нарын орон сууцны асуудлыг шийдэж байгаа юм. Эхний 30 багш 500 мянган төгрөгийн төлбөрөө төлөөд байрандаа орсон. Энэ бол ердөө түрээсийн байрны нэг сарын л төлбөр шүү дээ.

Ерөнхийдөө манай компани гурван жилийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, манай компанитай гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд багш нарыг орон сууцжуулах асуудлыг бид хариуцна. Гэхдээ гурван жилийг бид эрсдлээ тооцож нөөцөлсөн хугацаа гэж харж байна. Хүмүүсийн багтаамжийг 5000 гэж тооцож байгаа юм. Гэрээ байгуулсан багш нар өөрсдийн дугаар хүртэл сар бүрийн төлбөр болох 500 мянган төгрөгөө төлнө. Ингэж л байрны урьдчилгаа, төлбөр бүрдэж байгаа юм. Төсөл эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд 30 багш байрандаа орсон, хүсэлт гаргасан 200 нь байрныхаа сонголтыг хийгээд байна. Товчхондоо, багш нарын хуримтлуулсан мөнгө барилгын салбар луу орж, эргээд өөрсдөө орон сууцтай болж байна.

Хүмүүс хүүгүй, урьдчилгаагүй гэхээр л компани ашиггүй ажиллаж байна гэж ойлгодог. Манай компани алдагдал хүлээж ашиггүй ажиллах нөхцөл байхгүй. Харин ч ашигтай. Хувьцаа эзэмшигч нэмэгдэж байна гэдэг нь өөрөө маш том ашиг.

Хувьцаа эзэмшигчид нэмэгдэхийн хэрээр хувьцааны эрэлт нийлүүлэлт нэмэгдэнэ. Бид хөрөнгөө нэгтгэж, барилгын компаниудын үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад компанийн үнэ цэнэ өсч байгаа юм. Бидний гол шаардлага бол багш нар хугацаандаа л зээлээ төлөх төлбөрийн сахилга баттай байх юм.  

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 5000 БАГШИЙН ОРОН СУУЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, журам нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тул эрсдэл байхгүй болохыг компанийн зүгээс тодотгож байв. 5000 багшийг орон сууцжуулах төслийн өртгийг дунджаар 400 тэрбум байхаар тооцжээ. Санхүүжилтийн 10 хувь багш нараас гарч байгаа бол үлдсэнийг нь тус компаниас гаргаж байгаа аж. Төслийг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн жилийн өмнөөс судалгаа хийж, тооцоо гаргаж эхэлсэн байна. Цаашид төсөл амжилттай хэрэгжвэл хувьцаа эзэмшигч болсон хэн ч хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах боломж нээлттэй аж. Тус компанийн нэг ширхэг хувьцаа нь 95 төгрөг юм байна.

Аливаа банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалан төрийн албан хаагч болох багш нар байртай болох асуудал хүндрэлтэй байдаг. Иймд багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ хувь нэмрээ оруулж байгаа ч 1000 орчим багшид учирч болзошгүй эрсдлийг тооцсон уу гэдэг бас л анхаарал татаж буй юм.

5000 БҮҮ ХЭЛ 5 БАГШИЙГ Ч ЭРСДЭЛД ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ

Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал С.САРАНТУУЛ: 

-Төрөөс багш нарын нийгмийн асуудлыг шийдэхийг харж хүлээсээр байтал өр зээлд баригдаж байна, орон сууцтай болох гэж залилуулах асуудал ч цөөнгүй байна. Бид яагаад өөрсдөө төрөөс хамааралгүй, багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж болохгүй гэж. Ийм нөхцөл боломжийг л бид эрэлхийлж, судалсны үндсэн дээр “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХКтай хамтран ажиллахаар болж, “Хувьцаат орон сууц” төслийг наймдугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн бүртгэлийг Баянзүрх дүүргээс эхлүүлж, бүртгэлээ цахимаар авч байна.

Мэдээж эргэлзээтэй олон асуудал бий. Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд хамруулна гэхээр мөнгө угаах арга, залилан, сүлжээ зэргээр нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Гэтэл “Хувьцаат орон сууц хөтөлбөр” бол зөвхөн боловсролын байгууллагад ажиллаж буй хүмүүст л хамаатай. Багш мэргэжилтэй, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй байх шаардлага тавьж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд багш нараа орон сууцанд хамруулахад ахмад багш нарын орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарч байна. Бас залуу багш нарыг ч харгалзан үзсэн. Түрээсийн байраар олон жил амьдарсан, өөрийн гэсэн орон байргүй, гэр бүлээрээ багшаар ажиллаж буй хүмүүсээ хамруулж байна. Өөрөөр хэлбэл, багш нарынхаа амьжиргааны түвшнийг судалсны үндсэн дээр хөтөлбөрт хамруулж байгаа юм.

Бид хувийн гэрээт компаниудтай гэрээ байгуулах боломж байсан. Хувьцаат компани сонгосон учир нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, тодорхой зэрэглэлтэй юм. Бид 5000 багшийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй, таван багш ч эрсдэлд ороход хүнд биз дээ.

Гэтэл хувь компаниудтай гэрээ байгуулаад хохирсон багш нар цөөнгүй. Урьдчилгаанд 10 сая төлсөн ч зургаан жил байрандаа орж чадаагүй багш маань хөтөлбөрөөр байртай болж байна. Бид саналаараа нэгдэж, нэгийнхээ амьдралыг өөд нь татаж болно шүү дээ. Нийслэлд орон сууцны асуудал маш хүнд байгаа энэ үед багш нар нэгдэж, орон сууцныхаа асуудлыг шийдэж болно. Бидний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ямар нэгэн байдлаар хэн нэгэн хохироогүй байх. Цагдаагийн байгууллагаас ч бас эрх зүйн хүрээнд биднийг буруутгаж болохгүй.

САЛБАРЫН ЯАМАНД ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ ГЭВ

Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөлөөс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-ийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад төрийн байгууллагуудад танилцуулсан, хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах зөвлөмж өгсөн гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин салбарын яамнаас төслийн талаар тодорхой мэдээлэлгүй байгааг хэлж, багш нарыг орон сууцжуулах талаар асуудалд анхаарал хандуулж байгаа гэв. Харин аливаа эрсдлийг тооцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага дээрх төслийг хяналтад авсан эсэхийг тодруулахад “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй” гэлээ.

ДАВХАР ТҮРЭЭС, ХУВЬ ЛИЗИНГЭЭР ОРОН СУУЦ АВАХ ГЭЭД ЗАЛИЛУУЛСАН ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ

Сүүлийн жилүүдэд орон сууцны эрэлттэй холбоотойгоор иргэд түрээслэх болон хувь лизингээр орон сууц худалдан авах гээд залилуулсан тохиолдол цөөнгүй. Иймд орон сууц худалдан авахдаа иргэд сэтгэлийн хөөрлөөр шийдэхгүйгээр сайтар судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.

ЦЕГын хошууч Х.АЛТАНБААТАР: 

-Улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дийлэнхийг хулгай, залилан, авто осол, дээрэм эзэлдэг. Тэр дундаа хулгай болон залилан, бусдын эд хөрөнгийг өмчлөх хэрэг маш их гардаг. Орон сууцтай холбоотой залилангийн хэргээс харахад давхар түрээслэх болон түрээслэж буй байраа бусдад зарах тохиолдол маш их. Мөн сүүлийн үед хувь лизинг маш их болсон. Орон сууц худалдан борлуулахад олон хохирогчтой тохиолдол цөөн. Жишээ татахад, “Тэнгэрийн охин” компани нийгмийн даатгал шаардахгүй, өндөр хүүгүй гэж урьдчилгаа авч, маш олон иргэнийг хохироосон. Одоо энэ хэрэг шийдэгдээгүй, шалгагдаж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар 18 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 36 хувь нь залилах гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь маш их хугацаа алддаг. Хамгийн багадаа нэг жилийн дараа хүн хохирогч болсноо мэддэг. Тиймээс иргэд орон сууц худалдан авахдаа албан ёсны байгууллагад хандах, сайтар судалсны үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Ер нь иргэдийг хүүгүй, урьдчилгаагүй байранд оруулснаар тухайн компанид хэр ашигтай вэ, компанийн эдийн засгийн чадамж хэр вэ гэдгийг л бодолцох ёстой. Өнөөдөр Монголд өөрсдийн хөрөнгөөр захиалагчдаа хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд оруулж байна гэлээ. Тийм их хөрөнгөтэй байгууллага хэр их байдаг вэ гэдэг эргэлзээтэй. Тиймээс иргэд зөв шийдвэр гаргаж, сонголтоо хариуцлагатай хийх ёстой.

Ийнхүү “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-иас Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөл ТББ-тай  хамтран хэрэгжүүлж буй  “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-т 900 гаруй багш хамрагдаж, 30 нь орон сууцтай болж, 200 нь байрныхаа сонголтыг хийсэн гэх. Гэхдээ энэ талаар цагдаагийн газар, салбарын яам ч тодорхой мэдээлэлгүй сууна.  Тиймээс “Жи тайм” шиг эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь, олноороо сүлжээ бизнесийн хохирогч болсон хар мянган жишээ бий. Зарим эд хөрөнгөөрөө хохирч, зарим нь хууль, шүүхээс ял авсан тохиолдол олон. Тэгэхээр хаана, хаанаа болгоомжтой хандахгүй бол эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл бий гэдгийг сануулахад илүүц болохгүй биз ээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж