П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд хүлээлгийн танхим хүрэлцэхгүй, хүйтэн шатан дээр хоног төөрүүлж байгаа тухай тайлбартай зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, олон хүнийг бухимдуулж, төр засаг нь хайхардаггүй эрүүл мэндийн салбарт хэмээн хаяглах иргэдийн бухимдалтай сэтгэгдэл хөвөрч байгаа билээ. Бид бодит байдлыг тус эмнэлгээс сурвалжлан хүргэж байна.
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ЗУРГИЙГ АШИГЛАН ИРГЭДЭД ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН НЬ ТОГТООГДСОН
УНГЭ-тэй холбоотой сөрөг мэдээлэл сошиалд тархсан байсан бөгөөд ар гэрийнхэн байрладаг өрөөний будагтай байх үеэр авсан өнгөрсөн жилийн зургийг ашиглан Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт үйлчлүүлэхэд хүндрэлтэй байна хэмээн III, IV хүлээлгийн өрөө ашиглалтад орохоос хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкт тавьсан болохыг эмнэлгийн удирдлагууд тогтоосон. Ингэснээр иргэдийг төөрөгдүүлэн, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан асуудал үүсгэж байгаа тул холбогдох байгууллагад шат дараатайгаар шилжүүлсэн гэх тайлбарыг тус эмнэлгийн Бодлого төлөвлөлт, маркетинг эрхэлсэн орлогч дарга Х.Бат-Ирээдүй өглөө.
НЭГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ 2-6 ХҮН, НЭГ ӨВЧТНИЙГ ХАГАЛГААНД ОРОХОД АР ГЭРИЙНХ НЬ 10-15 ХҮН ДАГАЖ ИРДЭГ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээний тасгийн ахлах сувилагч Ч.Байгалмаа: “Миний хувьд сэхээний тасгийн ахлах сувилагчаар ажилладаг. Манай тасгаар үйлчлүүлж буй эмчлүүлэгчдийн кейс дээрээс үзвэл нэг хүнийг үзүүлэхээр ар гэрийнх нь 2-6 хүн ирдэг жишиг тогтсон. Түүнчлэн нэг өвчтөн хагалгаанд ороход 10-15 хүн ирж байгаа нь ар гэрийнхэн байрладаг өрөөний хүрэлцээтэй байх эсэх асуудлыг хөндөж байгаа юм.
Эмч, сувилагчдын болон эмнэлгийн байгууллагын зүгээс иргэд, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сентрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэг, дотоод нөөц бололцоогоор эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан 91.6м2 талбай бүхий хоёр хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижуулан энэ сарын 8-нд ашиглалтад оруулсан.
Уг өрөөнд ар гэрийнхэнд нь тусгайлан зориулсан эд зүйлсээ хадгалах, байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан, сандал, ширээ, эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, самбар, камержуулалт, суурин утас болон ариун цэврийн өрөө, тээш хадгалах хэсэг зэргийг гарган тохижуулсан. Гэвч зарим иргэд хүлээлгийн өрөөнд бус өвчтний эмчлүүлж буй нийтийн эзэмшлийн, зориулалтын бус хэсэгт олноор цугларсаар л байгаа юм. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд зориулсан өрөөг нэг үйлчлүүлэгчийн хамаарал бүхий 10 хүнд зориулан гаргаагүй шүү дээ. Иймд иргэд эмнэлгийн байгууллагаар ухамсартай, соёлтой үйлчлүүлэх нь зүйтэй” гэв.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БУС, ЗОРИУЛАЛТЫН ӨРӨӨНД ХҮЛЭЭХ НЬ ИРГЭДИЙН УХАМСРЫН АСУУДАЛ
Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг гэхэд нийт 67 ортой байна. Эдгээр эмчлүүлэгчдийн ар гэрээс тус бүр 2-5 хүн ирснээр хүлээлгийн өрөөний ачаалал нэмэгддэг аж. Тухайлбал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар орон нутгаас ирсэн нэг иргэнийг 2-5 хүн ачаа, тээштэйгээ дагаж ирдэг болохыг эмнэлгийн ажилтнууд хэлж байв. Энэ нь хүлээлгийн өрөөний ариун цэвэрт нөлөөлөх төдийгүй бусад үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн байрлах орон зайд хүндрэл учруулдаг байна.
Ийнхүү ар гэрийнхний байрладаг өрөөнөөс зарим иргэд татгалзаж, зориулалтын бус нийтийн эзэмшлийн талбайд олноор байрлах тохиолдол гардаг аж. Гэхдээ эмнэлгийн зүгээс цар тахлын халдварын эрсдэл өндөр үед ар гэрийнхэнд нь аль болох гэр гэртээ байх хэрэгтэйг зөвлөж, шаардлагатай тохиолдолд холбогдож, дуудах болно гэдэг боловч иргэдийн ухамсаргүй хандлага эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайг сахиж зогсоход хүргэдэг байна.
УЛСЫН ЭМНЭЛЭГ ДАРААЛАЛ ИХТЭЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ САЙТАЙ
Иргэн А.Оюун-Эрдэнэ: “Улсын эмнэлэгт үзүүлэх цаг олддоггүй, дараалал ихтэй байдаг ч үйлчилгээний хувьд маш сайн гэж боддог. Гуравдугаар эмнэлэгт аав минь хоёр дахь удаа хэвтэн эмчлүүлж байна. Ар гэрийнхний байрладаг өрөө өмнө жилийнхээс илүү тав тухтай болсон санагдлаа. Өчигдөр энэ өрөөнд 10-аад хүн хамт хоносон. Бүгд гэр бүлийнхээ гишүүнийг хүлээж байгаа учир хувцас, хоол ундны сав аа хийх шүүгээ зэргийг бэлдсэн байгаад сэтгэгдэл өндөр байна” гэлээ.
Иргэн Н.Цэгмид: “Миний хувьд нэг өвчтөний ар гэрээс ирж байгаа хүмүүс хэтэрхий олон санагдаж байна. Орон нутгаас ирж байгаа хүмүүст байрлах газар байхгүй тул энд байрлах нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ үүнээс болоод эмх замбараагүй байдал үүсэх, хэт дуу шуугиантай байх зэрэг асуудал үүсдэг шиг байгаа юм. Ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд ажилчид нь маш сайн ажилладаг санагдсан. Үүдээр орж ирэх хэсэгт халуун хэмжиж, амны хаалт зүүхийг сануулдаг ч нэг гэрээс ирж байгаа ар гэрийнхний тоог хянахгүй байх нь асуудал үүсгэдэг байх. Түүнээс өрөө, сандал, буйдан, үзэх харах материал хангалттай байна” гэсэн юм.
Тус эмнэлгийн хувьд иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулан 2017 онд нэг давхрын 16 м2 талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг өргөжүүлэн тохижуулж, 2019 онд хоёр давхрын 12м2 талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөнүүдийг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулан тасралтгүй ажиллуулж байгаа аж. Иймд сошиалд тархаж буй худал, ташаа мэдээллийг нягтлалгүй байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байхыг эмнэлгийн ажилчдын зүгээс хүссэн юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ