Т.Мөнхсайхан: Харшлаас сэргийлэх ажлыг цогцоор хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.14-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан: Харшлаас сэргийлэх ажлыг цогцоор хэрэгжүүлнэ

Т.Мөнхсайхан: Харшлаас сэргийлэх ажлыг цогцоор хэрэгжүүлнэ

Жил ирэх бүр харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил харшлын өвчлөл улсын хэмжээнд 19195 байжээ. Орчны бохирдол, хоол ундны зохисгүй хэрэглээ зэрэг олон зүйлээс шалтгаалан үүсдэг уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлэх ажээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-наас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтууд зохион байгуулж байгаа билээ. Ээлжит уулзалтаа Арьс, өвчин судлалын үдэсний төвд зохион байгуулахдаа энэ талаар дурдсан юм.

АЙМАГ БҮРТ БИЕ ДААСАН ТАСАГ БАЙХ ЁСТОЙ БОЛОВЧ ДӨРВӨН АЙМАГТ Л БАЙНА

Энэ үеэр АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг танилцуулгадаа “АӨСҮТ нь хагас бие даасан байдалд шилжээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эмчилгээ, оношилгоог нотолгоонд тулгуурлах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Аймаг бүрт 2-10 орыг арьсны бие даасан тасаг байх ёстой боловч дөрвөн аймагт бие даасан тасаг ажиллаж байна. Орон нутгийн эмч нарын харшлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах шаардлагатай. Үүнийг ажил болгохоор ирэх жилүүдийн төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн дотоод зохион байгуулалтаа сайжруулж, гүйцэтгэлийн удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн удирдлагыг оновчтой болгох тал дээр анхаарч ажиллах гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний үр дүнд үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эмч, ажилтны цалинг нэмэх боломж бүрдэнэ гэж харж байна. Хоёр талт эмийн сан байгуулах, эмийн бар код нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

ХАРШИЛ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ. Манай улсад харшлын өвчлөл жил ирэх тусам өсч байгаа, түүний үндсэн шалтгаан болох орчны бохирдол, хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй нь уялдуулан сэргийлэх, харшил төрүүлэгчийг илрүүлэх, оношлох харшил судлалын лабораторийг байгуулах шаардлагатай.

Өнгөрсөн 2019 оны байдлаар харшлын өвчлөл улсын хэмжээнд 19195, АӨСҮТ-д 5352 бүртгэгдсэн байна. Тиймээс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах тал дээр үндэсний хэмжээнд, салбар дундын оролцоог хангах, хамтран ажиллах шаардлагатай. Өнөөдрийн уулзалтаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд албаны хүмүүсийн хэлсэн саналыг бодлогодоо тусгахад анхаарах, ЭМЯ-ны зүгээс бодлогын хувьд зангидах, дэмжих ажлуудаа хэлэлцэж гаргана.

Өнөөдөр бид нэг эмнэлэг, нэг байгууллагын үйл ажиллагаатай биш, тухайн салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцаж, салбарын дунд хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Болохгүй байгаа зүйлээ бид гаргаж ярьж байж асуудлыг шийднэ” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж