Бөхчүүд хоорондоо "бяртай бол яртай, яртай бол бяртай" гэж ярих нь бий. Учир нь, допинг хэрэглэсэн бөхчүүд бяр хүч нь сагахын хэрээр бие нь яр шархандаа баригддаг аж. Наадам болгоны дараа допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн дуулиан дэгддэг нь барагг "уламжлал" шахуу болжээ. Харамсалтай нь допинг хэрэглэсэн бөхчүүдийнхээ асуудлыг Монголын төр шийдэж чадахгүй дараа жилийн наадамтай золгодог болсон нь худлаа биш.
Үүсээд буй нөхцөл байдал
Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүр түрүү булаалдсан болон шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу хэд хоногийн өмнө Монгол Улсад ирсэн байна. БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хянагдаж, хариу нь гардаг монгол бөхчүүдийн допингийн шинжилгээгээр гурван бөхөөс сэргээш илэрсэн гэх дуулиан дэгдээд байна.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Нэр бүхий гишүүдээс допинг илэрсэн нь үнэн” гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд нь дээрх допингийн шинжилгээнд илэрсэн гэгдээд буй бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд А сорьцоос нь допинг илэрсэн бөх хариугаа хүлээн авснаас 10 хоногийн дотор В сорьцын шинжилгээ өгөх эрхтэй. Тиймээс дахин В сорьцын шинжилгээ ил гартал бөхчүүдийн нэрс албан ёсоор ил болгодоггүй хуультай юм.
Өнгөрсөн жилийн допингийн асуудал эцэслэгдээгүй хэвээр
Өнгөрсөн 2019 оны наадамд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудал одоо ч эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр энэ асуудлаар Монголын шүүхэд хандсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга цолыг нь хураахаар шийдвэрлэсэн. Гэвч Э.Оюунболд Улсын дээд шатны шүүхэд хандсан бөгөөд түүний барилдах эрхийг хассан шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаагүй хэвээр байгаа юм.
Допингийн сүлжээ Монголд дэлгэрсэн нь
2002 оноос хойш зохион байгуулагдсан 19 улсын их баяр наадмын 12-т нь допингтой бөхчүүд зодоглосон гэсэн бараан үзүүлэлт байна. Ялангуяа 2016, 2017, 2018, 2019, 2020 гээд таван улсын их баяр наадам дараалан допингтой бөхчүүд илэрсэн гэхээр Монгол Улсад энэ төрлийн бизнес хүчээ авсан нь тодорхой. Одоогийн байдлаар Монголын тамирчид, бөхчүүдээс илэрч буй станазол, тренболон хэмээх эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн “гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад орсон бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүргэгдээгүй бодисууд юм. Үүнийг зөвхөн улсын хилээр хууль бусаар нууж, эсвэл эмчилгээний журмаар үндэсний допингийн эсрэг байгууллагаас болон олон улсын холбооноос нь олгодог байна.
Авлигатай тэмцэх газраас Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсан, түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай ярьсан.
Энэ хэрэгт Биеийн тамир спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний их эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбатыг холбон шалгаж байгаа юм байна. Эндээс допингийн сүлжээнд спортын багш, дасгалжуулагчдаас эхлээд эмч, мэргэжилтэн, дээгүүр албан тушаалтнууд холбоотой болох нь харагдаж байна. Хамгийн сүүлд Э.Оюунболдын хувийн чатны мэдээлэл задарч, тэнд чөлөөт бөхийн багш ОУХМ Д.Батнямын тухай дурддаг. Э.Оюунболдын хамтаар допингийн шинжилгээнд бүдэрсэн Д.Цэрэнтогтох ч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Батням багш нэг ширхэг нь 100-150 мянган төгрөгийн үнэтэй булчин, шөрмөс, зөөлөн эд бэхжүүлдэг, эдгэрэлт түргэсгэдэг цагаан тариа хийлгэчих гэж зөвлөсөн” хэмээн ярьсан билээ.
Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа бөгөөд давхардлыг нь арилгавал 109 бөх байгаа аж. Эдгээр 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана гэж АТГ-аас мэдээлж байсан.
Допингийн шинжилгээний сорьцыг хөлдөөгөөд 10 жил хадгалж болно.
Үндэсний бөх спорт уу, шоу юу!
Энэ асуулт бөх сонирхчдын дунд тавигддаг. Хэрэв спорт бол энэ асуудалд хатуу чанга хандах ёстой. Харин шоу бол өөр хэрэг.
Бөх хүнд ард олныхоо итгэлийг алдалгүй цолоо ахиулах, цолоо батлах гэсэн хоёр том зорилго бий. Улсын цолтой бөхчүүд нь зорилгынхоо төлөө допингийн хэрэглэгч, хохирогч болж байхад аймаг, сумын цолтой бөхчүүд дунд энэ явдал хавтгайрсан гэх яриа учир мэдэх хүмүүсийн дунд гарчээ. Допингийн асуудалтай олон жилийн турш тэмцэж ирсэн Монгол Улсын аварга Ч.Санжаадамба “Одоогоор 1000-аад сумын заан барилдаж байна. Эдгээрийн нэгээс нь л шинжилгээ авахад допинг илэрч байна. Тэгэхээр допин ямар хэмжээнд оччихсон байна вэ гэдэг нь эндээс харагдаж байна” хэмээн ярьжээ.
Үнэн хүчийг үзээд дийлэхгүй, допинг хэрэглэхгүй бол хэцүүдэх гээд байгаа бөхчүүд Монголоор дүүрсэн нь харамсалтай. Нөгөө талаараа байгалиас заяагдсан бяр тэнхээгээ зохих ёсоор нь үнэлүүлж, гайхуулж чадалгүй "тариа"-ны хүүхдүүдэд дарлуулж байгаа өнөө цагийн хүчтэнүүдэд хэцүү тусч байгаа биз ээ.
Үнэхээр энэ допингийн хэрэглээг эртхэн зохицуулахгүй бол удахгүй “олныхоо жишгийг дагана” гэгчээр допинг хэрэглэх бөхчүүдийн тоо нэмэгдэж, допингийг хүлээн зөвшөөрсөн анхны спортын төрлөөр Монголын үндэсний бөх тодрох нь байна. Гамшиг ч гэх юм уу, дэвшил ч гэх юм уу зүйл гарч болзошгүй байгааг хүмүүс анзаарахгүй байх шиг. Найраа ч дүүрсэн хэрэг, аль ч спортод ил, далдаар байдаг л асуудал. Манай бөхчүүд ч найраагаа “Сайн дүүгээ дэмжсэн л хэрэг” гээд хаацайлаад өнгөрдөг. Энэ асуудалтай бол тэмцээд ямар ч гаргалгаа олж чадалгүй хана мөргөх нь ойлгомжтой. Харин энэ допингийн асуудлаа яах вэ? Бөх сонирхогчдын дунд Их эе хурлыг хурдан хуралдуулж, допингийн асуудал дээр хатуу шийтгэл оногдуулж, хариуцлага үүрүүлэх тухай ярьж байна.
Холбоотой мэдээ