Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч, МҮХАҮТ-ын еренхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.
–Монгол Улсын нийт өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрч нэмэгдэж байна. Гадаад өрийн дийлэнх хэсэг болон дунд хугацааны эргэн төлөлт бүхэлдээ олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны нөхцөлтэй авсан өр төлбөрүүд байгааг эдийн засагчид хэлж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улсын нийт өр 30 тэрбум ам.долларт хүрсэн талаар саяхан Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Үүнээс ААН-үүдийн өр 18.2 тэрбум ам.доллар, үлдсэн нь Монголбанк, Засгийн газар, арилжааны банкуудын өр. ААН-үүдийн 18.2 тэрбум ам.долларын өрийн 11 тэрбум ам.доллар нь үндсэндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын зээл. Үлдсэн 7.2 тэрбум ам.доллар бол бусад компанийн сүүлийн 30 жилийн хугацаанд авсан зээл гэж ойлгож болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дөрвөн том хямралтай нүүр тулсан. Хамгийн сүүлийнх нь 2012-2016 оны хямрал, үүнээс өмнө 1997, 2009 оны хямрал. Тухайн үед эрх баригч намын хамгийн гол ажил нь дээрх зээл, хөрөнгө оруулалтыг өр болгохгүйн төлөө ажилладаг байсан. Одоогийн Ерөнхий сайдын үүрэг ч мөн адил 30 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахын төлөө ажиллах явдал юм. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын өр хувийн хэвшлийн, эсвэл төрийнх гэж байхгүй. Монгол Улсын хэмжээнд асуудлыг харах хүн нь Ерөнхий сайд шүү дээ. Тийм учраас төр, хувийн хэвшлийн өр гэж ялгахгүйгээр төрийн бодлогын хүрээнд нийт гадаад өрийн удирдлагын стратеги боловсруулан хэрэгжүүлж байх нь чухал байна.
–Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт гадаад өр 10 дахин өсч, 30 тэрбум ам.долларт буюу ДНБ-ий 220 хувьд хүрлээ. Манай хувийн хэвшил өөрсдөө эрсдэлээ даагаад, эрсдэлээ гаднынхнаар үнэлүүлээд, валютаар эх үүсвэр олж чадаж байгаа нь сайн үзүүлэлт ч гэлээ гадаад өрийн хүндрэлд ордог нийтлэг шалтгаан нь юу вэ?
-1990-2003 он хүртэл манай улс гаднаас хөрөнгө оруулалт татах боломжгүй, зөвхөн буцалтгүй тусламжийн хүрээнд буюу “амь зогоох” үйл явц дээрх онуудад явагдсан. Энэ үед манай улсын төсвийн хэмжээ ч бага байлаа. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын эдийн засаг 10 дахин өссөн. Яагаад гэвэл 2003 онд ЗХУ-д төлөх ёстой байсан 9.2 тэрбум ам.долларын өрийг 250 сая ам.доллараар Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед хааснаар, 2004 оноос эхлэн гаднаас албан ёсны хөрөнгө оруулалтууд орж ирэх үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, 2004 оноос өмнө ЗХУ-д төлөх 9.2 тэрбум ам.долларын өртэй байхад гаднын хөрөнгө оруулалтууд орж ирэх сонирхолгүй байсан. Ингээд 2005-2009 онуудад газрын хэвлийн баялаг, уул уурхайд хөрөнгө оруулах үйл явц тэсрэлт болсон үе. Үүний цаана ихэнх нь газар ашиглалтын болон хайгуулын лицензээ тавьж, гаднаас зээл авч байсан. Тухайлбал, 2008 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 51 хувийг лицензээр олгочихсон байсан. Үүний хойно 26 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зээл буюу хөрөнгө оруулалтын өрийг дарчихсан байсан.
Өнөөдрийн 30 тэрбум ам.долларын гадаад өрийг аваад үзвэл уул уурхайн лиценз барьцаалсан том хөрөнгө оруулалтууд. Энэ дунд үйлчилгээ болон уул уурхайн бус бусад салбарын зээл 100 сая ам.доллар ч хүрэхгүй.
Байгалийн баялгийн төрийн, нийтийн хамааралтай хууль гараагүй байсныг ашиглаж, төрийн эрх мэдэлд ойр, төрийн дээд албан тушаалтнууд үүгээр дамжуулж хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдсэн гэж боддог.
–Хэдийгээр хувийн хэвшлүүдийн гаднаас авсан өр Засгийн газарт хамаагүй мэт боловч төр, ард түмний мэдэлд байдаг баялаг ашиглах эрх бусдад шилжих, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх, валютын эрэлт нэмэгдэж үнэ, ханш өсөх эрсдэлтэй. Өрийн менежментийг хэрхэн зөв хийх вэ?
-Засгийн газарт хамааралгүй өр гэж нэг ч байхгүй. БШУ-ы сайд нь хувийн сургуулиудыг анхаарахгүй зөвхөн улсын сургуулиудаа авч үзнэ, эсвэл Эрүүл мэндийн сайд нь надад хувийн эмнэлгүүд хамаагүй гээд ярьдаггүй шиг бодлогын хувьд зангидаж, ААН-үүдийн гаднаас авсан хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай байлгах, өрийн менежментийг төр хийх ёстой. Засгийн газрын өрийг татвар төлөгчид л төлнө. Ирэх жил “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Энэ зээлийг мөн л татвар төлөгчид төлнө. Хямралын энэ үед том том дүнтэй хөрөнгө оруулалтуудыг унагаах уу, эсвэл нэмж хөрөнгө татах уу, үйлдвэрийг нь бариад дуусгах уу, эсвэл дампууруулах уу гэдэг эгзэгтэй үе нь байдаг. Ерөнхий сайдын санаа зовох асуудал нь энэ.
Нөгөөтэйгүүр ААН-үүд гэрээ хийсэн бол гэрээндээ үнэнч байх нь чөлөөт зах зээлийн хамгийн эрхэм зүйл. Гэрээгээ биелүүлэхийн төлөө хоёр тал хоёулаа оролцож, үр ашгийг нь тэгш хүртэх ёстой. Үүнтэй адил Оюутолгой төслийн 11 орчим тэрбум ам.долларын өрийн 3 тэрбум ам.доллар нь Монголын тал. Том хямралуудыг давж гарахад төрийн менежмент хамгийн чухал.
–Ерөнхий сайд “Чөлөөт зах зээл байхгүй гэж ойлгож байгаа. Одоо төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл үгүй болсон. Дэлхий дээр байхгүй болсон” гэж хэлсэн нь өнөөдөр нийгэмд талцал болж, шүүмжлэл өрнөж байгааг та ч гэсэн харж байгаа байх. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Иргэн хүн аж ахуйн нэгжтэй байх эрхийг 1992 оны Үндсэн хуулиар олж авсан. Нөгөөтэйгүүр “Иргэн, ААН-ийн үйл ажиллагаанд төр нийтийн сайн сайхны төлөө аль алинд нь ашигтай байхаар оролцож болно” гэсэн мөн Үндсэн хуулийн заалт бий. Хэрэв төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, ААН хохирвол төр хохиролгүй болгоно гэсэн хамгаалалтын заалт ч Үндсэн хуулийн 19-д тусгагдсан. 1990 онд хувийн ААН-үүд бүгд нэг цэгээс эхэлсэн. Өнөөдөр 200 мянган компани дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, 1 сая орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ бүхэн сүүлийн 30 жилд бий болсон чөлөөт зах зээлийн үр дүн. Төр мэдээж үүнд оролцож ч ирсэн.
Төр оролцдоггүй зах зээл дэлхий дээр хаана ч байхгүй. Төрийн оролцоо татварын бодлого, мөн нийгмийн даатгалын системээр оролцдог. Гурав дахь төрийн хамгийн том оролцоо бол лиценз.
Мөн хөрөнгө оруулалтгүйгээр нэг зоосоо хоёр болгож байгаа улс дэлхийд байхгүй. Хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөөнүүд явагдаж байна. БНХАУ 1976 оноос хойш эдийн засгийн бодлогоор хөрөнгө оруулалтууд татаж чадсан. 1990 онд манай улсын инфляц жилийн 300 хувь, банкны зээлийн хүү сарын 25 хувь байсан ийм үед иргэд ахуй амьдралаа өөд нь татах үйл явц 1990-1993 онуудад явагдсан. Дараа нь 25 сая малыг өмчлүүлснээр 1995 оны хүнд бэрхийг давсан.
1997 оны Азийн хямралаас Монгол Улс сул гарсан шалтгаан нь тухайн үеийн Засгийн газар 40 мянган орон сууцыг хувьчлуулсан. Ингэснээр үхмэл байсан орон сууцны хөрөнгө эргэлтэд орж, бүхэл бүтэн барилгын салбарын хөгжлийг бий болгосон. Хоёрдугаарт, залуучууд өөрсдийнхөө компанийг байгуулж, бусдаас хамааралгүй явсны үр дүнд өнөөдрийн том том дүнтэй эдийн засгийн ололтуудыг бий болгосон. Өнөөдөр бүртгэлтэй байгаа 200 мянган ААН-ийн 1000 орчим нь Монгол Улсын нийт татварын орлогыг 99.99 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд тоо хэмжээ, хөрөнгө нөөц, хүний нөөцөөрөө ч гэсэн том компаниудтай болж чадсан нь том дэвшил. Үүнд аль ч Засгийн газар, хэн Ерөнхий сайд байхаас үл хамааран ажлын байр олноор бий болгож байгаа эдгээр компаниа хамгаалах ёстой.
"АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ БАЙГАА КОМПАНИУДЫГ БӨӨЦИЙЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ"
–Яаж?
-Мөнгөний бодлогоор эсвэл зээл, татварын бодлогоор хамгаалж байж 1 сая хүнийг ажлын байртай болгож байгаа компаниудын үйл ажиллагааг бөөцийлөх нь Засгийн газрын үүрэг. Хэдийгээр топ 100 ААН ачааны хүндийг үүрч байгаа ч гэлээ ажлын байрны 70-80 хувь нь 1-10 ажилчинтай компани байна. Тэднийг өсгөж, өндийлгөх нь мөн л Засгийн газрын үүрэг. Засгийн газрын үүрэг гээд нэг хэсэгт нь ЖДҮ-ийн зээл өгөөд, эсвэл татварын мөнгийг буцааж хуваарилах нь бөөцийлөлт биш. Засгийн газрын үүрэг бол татвар, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтуудыг татах явдал. Өнөөдөр нийгмийн асуудлыг нарийн аваад үзвэл төсвийн нийтийн санхүүгийн дахин хуваарилалтын асуудал эмзэг цэг болчихсон.
Мөн төрийн нийтийн хамааралтай өмч буюу төрийн өмчийн ашгийн дахин хуваарилалт хэр шударга байна вэ гэдгээс өнөөдөр нийгэмд сайн, муу нь илэрч байна. Зах зээл бол хатуу тоглоом. Жаахан барьц алдахад л үгүй болдог тийм эмзэг. Тийм учраас залуучууд бизнес эрхлэхээс айж байна. Зах зээлд эцсээ хүртэл тэмцэхээс илүү төр рүү шургалахыг илүүд үздэг болсон.
ААН эдийн засгийн эрх чөлөөгөө өөрөө хангаж, тэр эрхийнхээ баяр баяслыг хүртэх нь улам багасч байна. Эсрэгээрээ тэгж явсныхаа төлөө эрүүл мэндгүй болж, эсвэл өрөнд баригдаж, төрийн янз бүрийн шалгалтад орж байна. Ажлын байр бий болгож, жаахан ч гэсэн хөрөнгө гаргасан хүн бүр эргээд дарамтад орж байна. Энэ бол бидний хүссэн зүйл биш.
"ЗАСГИЙН ГАЗАР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ХОНЬ, ЧОНЬ БАЙВАЛ НЭГИЙГ Ч ДАВЖ ГАРАХГҮЙ"
-Өрөөр бий болсон санхүүжилтийг бүтээмж муутай, үр ашиггүй ашигласан нь өнөөдөр эргээд өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа юм биш үү?
-Гаднаас зээл авахад лицензээ барьцаалах, хоёрдугаарт, өөрийн өмч хөрөнгөө барьцаалдаг. Энэ бүхэн ашиг олохын төлөө хийгдэж байгаа зүйл. Хэн ч алдъя гэж бодохгүй нь ойлгомжтой. Жишээ нь, тухайн компаниас хамаарахгүйгээр өнөөдөр зах зээлд короновирус шууд нөлөөлж байгааг харж болно. Эдийн засаг зогсолтод орлоо. 2014-2019 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа миний нүүр тулсан хамгийн хэцүү асуудал нь яаж энэ компаниудынхаа үнэ цэнийг алдахгүй байх вэ гэдэг асуудал. Энэ миний үүрэг байсан.
2014 онд эдийн засаг уначихсан, хөрөнгө оруулалтууд зогсч, маш хүнд байсан. Энэ дунд бүх хариуцлагаа үүрсэн компаниуд л зовлонгоо үүрдэг. Хэрэв хүнд үед компаниудаа бид дэмжихгүй, 40-50 хувь үнэ цэнээ алдсан компаниуд дампуурахад буцаагаад орон зайг нь, эсвэл компанийг нь ч худалдаж авахад бэлэн мөнгөтэй хүмүүс өмнөд хөршийн иргэдээс эхлээд олон бий. Тэдний туйлын хүсэл хямралд аль болох олон Монгол компани дампуураасай, тэгэнгүүт нь бид хувьцааг нь авна, эсвэл компанийг нь худалдаад авна гэсэн санаархал. Монгол эзэнгүй өмч, олсон ашиг нь өөр хүнд оногддог тэр зам руу явбал бидэнд л маш аюултай.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбогдуулаад "Нэгэнт хөлөө олчихсон, тодорхой хэмжээнд бядтай болсон компаниудаа бүү ад үз" гэж хэлмээр байна. Өнөөдөр магадгүй 50 сая ам.доллар, цаашлаад нэг тэрбум долларын хөрөнгө босгоод, ажлын байр гаргаад явж байгаа энэ компаниуд үнэндээ Засгийн газрын хийх ёстой ажлыг хийж байна. Тэднийгээ байхгүй болговол тэр орон зайг нь хэн эзлэх вэ гэдгийг төр сайтар бодох хэрэгтэй. Цар тахлын үед яаж хамтдаа давж гарах вэ гэдэг л чухал болохоос биш яаж хавчих вэ гэж болохгүй. Өмнөх туршлагуудаас харахад, төрийн зөөлөн бодлогоор хямралаас гарч байсан. Засгийн газар, МҮХАҮТ компаниудтайгаа хамтарч ажиллаж байсных. Хөрөнгө оруулалтын асуудалд ч харилцан ойлголцож, тэр орон зайг нь бий болгож байсан. Түүнээс хонь, чонь болоод, харилцан эсрэг байвал нэгийг ч давж гарахгүй.
–Та хэт нэг талыг барьж ярьж байна. Нөгөө талдаа компаниуд ч гэсэн асуудал бий шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Компаниудад асуудал байгаа нь үнэн. Энхийн цагаан тагтаа бас биш. Монголбанк, улсын төсвөөр дамжуулаад нийтийн цугласан мөнгөнөөс шударга бусаар олж авдаг, “Би амьд гарч байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүсийн хандлага хямралын үед бүр ч тод харагддаг. Тэгэхээр төрийн хараа хяналт нийтийн мөнгөнөөс олз хайдаг хүмүүс рүү чиглэгдвэл “бай”-гаа ононо. Зээл болгоны хойно төлөх эзэн, ААН нь байгаа.
Харин 10-20 жилийн өмнө орж ирсэн тусламжийн маш их хэмжээний мөнгө эзэнгүй алга болсон. Нийтийн мөнгөөр нийтэд зориулсан аливаа ажлыг чанартай хийхэд хянадаг механизм манайд байхгүй нь асуудлын гол.
-Манай улсын хувьд 2021-2024 онуудад зээлийн том төлбөр төлнө. Засгийн газрын гадаад өрд тооцогдож буй "Чингис" бонд нэг тэрбум ам.доллар, "Мазаалай" бонд 500 сая ам.доллар, "Хуралдай" бонд 600 сая ам.доллар, "Гэрэгэ" бонд 800 сая ам.доллар гэх мэт том дүнтэй өр төлбөрүүд шил даран хүлээж байна. Төлөх боломж байгаа болов уу?
-Оюутолгойн гүний далд уурхай ашиглалтад орчихвол жилийн 5-6 тэрбум ам.долларын эргэлттэй үйлдвэрлэл бий болно. Ингэснээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын 11 тэрбум ам.долларын гадаад өрийг амархан шийдэж чадна. Монгол Улсад илэрсэн байгалийн баялаг 3.5 их наяд ам.доллараар үнэлэгдсэн. Энэ бол нэлээд олон жилийн өмнөх тоо. Менежментээ зөв хийчихвэл. Жишээ нь, нүүрсээ нэг цонхоор үнэд хүргэхэд төрийн зохицуулалт жинхэнэ гарч ирэх ёстой.
Байгалийн баялгаа сэглэж, сорчилж, зөвхөн хэсэг хүний хувийн хэрэгцээг хангахад ашиглах нь ашиглалт биш. Өнгөрсөн 30 жил төрийн өмчийг олборлох, ашиглах, захиран зарцуулах бүх эрхийг хуульчлаагүйгээс дээр хэлсэн 3.8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх өмч дээр очихын тулд төрийн институтийг ашиглаж ирсэн. Төрийн өмчийг хамгаалсан хуульгүйг ашиглаж, төрийн институтийг ашиглаж очсон нөхдүүдийн хооронд дахь зодоон Монгол Улсыг тамирдуулж байгаа. Түүнээс биш уул уурхайн бус салбарууд гай огт чирээгүй.
-Цар тахлын үед ААН-үүдийн эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлд МҮХАҮТ хэр ажиллаж байна вэ?
-Танхимын үндсэн үүрэг чөлөөт зах зээл буюу ААН-үүдийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг байгууллага. Энэ эрх чөлөө рүү ямарваа нэгэн байдлаар албан тушаалтнууд үгээр, эсвэл үйлдлээр дайрвал танхим хамгаалах ёстой. Сая Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбогдуулж танхим том мэдэгдлүүд гаргах байх гэж бодож байна. Өнөөдөр цар тахлын улмаас эдийн засгаас гадна нийгмийн том хямрал болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн хямрал болгохгүйн тул аль ч орнуудад нийтийн төлөө ажилладаг бүх байгууллага хамтарч нэгдэж байна.
Нийгмийн байгууламжаа, үнэт зүйлээ авч үлдэхийн тулд төр нь тодорхой хэмжээгээр мөнгө хүртэл хэвлэж байна гаднын орнуудад. АНУ гэхэд чөлөөт зах зээлээ авч үлдэхийн тулд юугаа ч хайрлахгүй тэмцэж, өнгөрөгч гуравдугаар сард 2 их наяд ам.доллар хэвлэж тараалаа. Энэ нь нийгмийнхээ үнэт зүйлийг авч үлдэхийн тулд хийж буй золиос. Өнөөдөр бид нийгмийнхээ үнэт зүйлсийг авч үлдэхийн төлөө нэгдэх цаг нь болсон.Өнгөрсөн 30 жил олж авсан чөлөөт эдийн засгаа авч үлдэхийн тулд хөдөлмөрийн зах зээл рүүгээ мөнгө гаргах хэрэгтэй.
Холбоотой мэдээ