Коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хамгийн өндөр хүлээлт үүсгэж буй вакцин бол Их Британийн Оксфордын их сургууль болон амийн технологийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй вакцин билээ.
Тус вакцины туршилтад оролцогчдын нэгнийх нь бие муудсаны дараа уг вакцины туршилтыг өнгөрсөн долоо хоногт зогсоогоод байсан билээ. Туршилтын явцад нэг л хүний биед тодорхойгүй шалтгаанаар сөрөг нөлөө илэрвэл туршилтыг түр зогсоох ёстой гэж журамд заасан учир ийм шийдвэр гаргасан байна.
Тэгвэл өчигдөр /2020.09.12/ хараат бус мэргэжилтнүүдийн багийн дүгнэлт гарч, Их Британийн эрүүл мэндийн удирдах газар вакцины туршилтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна.
“AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтарсан вакцины төсөл нь хүн дээр хийх сүүлийн буюу гуравдугаар шатны туршилт дээрээ явж байгаа бөгөөд уг туршилтад Их Британи, АНУ, Бразил, Өмнөд Африкт 30,000 орчим сайн дурынхан оролцож байгаа юм. Энэхүү вакцин 2020 оны сүүлч гэхэд бэлэн болох төлөвлөгөөтэй байгааг албаны хүмүүс мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters