Иран улсын Дээд шүүх сонгомол бөхийн улсын аварга тамирчин, 27 настай Навид Афкарт ялын дээд хэмжээ оноосноо саяхан зарласан билээ. Тэрээр 2018 онд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерын амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан юм.
Түүний ялыг иргэд болон олон улсын томоохон байгууллагууд эсэргүүцэж байсан ч тус улс ялыг бямба гаригт /2020.09.12/ Навид Афкарын гэр бүлийнхний өмнө гүйцэтгэсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тамирчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд Олон Улсын Олимпийн Хороо, холимог тулааны спортын UFC холбоо зэрэг байгууллагууд Афкарт оноосон цаазын ялыг цуцлахыг Ираны Засгийн газраас шаардаж байсан ч ийнхүү тэдгээр шаардлагыг үл харгалзан түүнийг цаазалсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч Афкарийн амийг хэлтрүүлэхийг твиттер хуудсаараа дамжуулан уриалж байжээ.
Хэргийг тодруулбал, 2018 оны наймдугаар сард Шираз хотод болсон жагсаалын үеэр Навид Афкари хамгаалалтын албаны офицерыг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ба түүний ах нар болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн энэ жагсаалд оролцсоныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн хорих ял сонссон. Гурван хүү нь ийнхүү хүнд ялд унахад тэдний ээж мөн олон улсын байгууллагуудад хандаж байв.
Афкари 2019 оны есдүгээр сард өөрийг нь эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай Ираны шүүхэд гомдол гаргасан ч уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Ираны хүний эрхийн байгууллагуудын дэлгэсэн ярианы бичлэгт Афкари “Намайг буруутгах ямар ч нотолгоо байхгүй. Тэд намайг сонсохыг огт хүсэхгүй байна.Тэдний эцсийн зорилго бол намайг цаазлах гэдгийг би ойлголоо” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ