Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав

Хуучирсан мэдээ: 2020.09.13-нд нийтлэгдсэн

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав

Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав

News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намууд нэр дэвшигчдээ тодруулсан бол Хятадын Гадаад хэргийн сайд айлчлахаар болсон талаарх мэдээлэл, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн зэрэг олон үйл явдал өрнөжээ.


ХЭЛМЭГДЭГЧДЭЭ ДУРСАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш 25 жил болж байна. Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2 дахь заалтад тусгагдсан 500.0 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгосон байна

ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД АЙЛЧИЛНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2020 оны хоёрдугаар сард цар тахал гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү манай улсад хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Мөн цар тахал гарч эхэлснээс хойших гадаадын томоохон айлчлалын нэг болж буй.

ГУРВАН БӨХӨӨС ДОПИНГ ИЛРЭВ

Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд тунасан болон шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу уржигдар/2020.09.09/ БНСУ-аас ирсэн тухай бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн. Тэгвэл хариу ирсэнтэй холбогдуулан гурван бөхийн шинжилгээний хариунаас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн мэдээлэл бий.

Одоогоор Үндэсний баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл өгөөгүй ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Ш.Пүрэвгарьд нараас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны V Их Эе хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогджээ. Энэ тухай МҮБХ-ноос мэдэгдсэн бөгөөд удахгүй хурлын товыг шинэчлэн товлох ажээ. МҮБХ-ны V Их Эе хурал энэ сарын 19-нд товлогдсон байсан ч ийнхүү хойшилж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ТОВЫГ ЗАРЛАЛАА

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдөр /2020.09.09/-ийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

БҮРТГЭЛ:

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.

ШАЛГАЛТ:

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ШАЛГАЛТАД БҮДРЭВ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ -аас дөрөвдүгээр сарын 20-ны шатахуун түгээх станцуудад /ШТС/ хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулсан.  Тус хяналт шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС дөрвөн агуулахын үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгалт хийхэд шатахууны шахалтын хэмжээ марк дугаар зөрүүгүй, лац ломбо хөндөгдөөгүй гэрчилгээний хугацаа зөрчилгүй, түгээгүүрийн шахалт нь  зөвшөөрөх хэмжээнд хэвийн байжээ. Дээрх 19 ШТС-аас түүвэрчлэн авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг тус тус авч, нууц дугаараар кодлон Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторид шинжлүүлжээ. Ингэхэд бүх дээжний октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд ажлын хэсгийн гишүүд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, саванд ус хийж байгаа болон лаг байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар:

“Тэс Петролиум” ХХК-ийн  нөөцлөх савнаас бохирдол буюу ус илэрсэн.

“Шунхлай Трейдинг” ХХК-ийн АИ 92 авто бензиний савнаас бага зэргийн лаг болон ус илэрсэн.

“Синчи ойл" ХХК-ийн 92 авто бензиний савнаас ус илэрсэн.

“Петрожамп”  ХХК-ийн савнаас ус илэрчээ.

ТЕГ-ЫН ХУРАНДАА Н.БАЯСГАЛАНГ СААТУУЛАВ

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудалтай холбогдуулан ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас Д.Гэрэл нарын тагнуулын найман ажилтныг хууль бусаар бусдыг тагнасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Үүнтэй холбогдуулан Н.Баясгаланг хорьж, шалгахаар болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж