НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн мэдүүлэв.

Дотоодын тариалангийн үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангах үүднээс байгаль цаг уураас ихээхэн хамааралтай үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалтын зардлаа удаан хугацаанд нөхдөг тариалангийн салбарыг төрөөс татвар, зээлийн бодлогоор тууштай дэмжих шаардлагатай.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн Монгол Улсын хуулиар “Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан бурлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл чөлөөлж байсан, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дээрх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуульд нэмэлт оруулж, мөрдөх хугацааг сунгасан. Энэ нь зардал өндөртэй уналтанд байсан газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулах, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болсон талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Цаашид газар тариалангийн техник шинэчлэлийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн дэмжлэг болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6 хувийг шинэчилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жилд техник шинэчлэлийг 90-100 хувьд хүргэх бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.

Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өөр хуулийн төсөлд тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж