Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"КЕМБРИЖИЙН ТАТВАРТ СУРГУУЛЬ БҮР ЖИЛД 5000 ФУНТ СТЕРЛИНГ ТӨЛНӨ"
Сүүлийн үед нийгэмд хамгийн их анхаарал татаж буй боловсролын салбарын асуудлаар судлаач, доктор Б.Насанбаяртай ярилцлаа.
-Кембрижийн хөтөлбөрийн тухай яриа манайд шинэ сэдэв биш. Үе үеийн парламентын үед яригдаж байсан энэ асуудал өнөөдөр ч гэсэн дахин сөхөгдлөө. УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгох талаар санал гаргаж, лобби бүлэг хүртэл байгуулсан. Кембрижийн хөтөлбөрийн сайн мууг салбарт нь ажиллаж байсны хувьд хамгийн сайн мэдэх учраас таньтай ярилцахыг хүссэн юм. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Бид зөв буруугаа нээлттэй ярилцан, хэлэлцдэг нийгэмд амьдарч байгаадаа талархах нь зүйтэй байх. Гэхдээ гадаад хэл судлах болон хувийн сургуулиудыг буруутгаж хэт туйлширмааргүй байна. Үүний оронд ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулиудаа чанартай болгоход онцгойлон анхаарах нь чухал. Монгол Улс Үндсэн хуулиндаа “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” хэмээн заасан зорилго нь хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүрдүүлэх хамгийн суурь нөхцөл бол хүн бүр ерөнхий боловсролтой болсноор бүрдэх учиртайг тодорхойлсон явдал гэж би ойлгодог. Гэтэл өндөр өртөгтэй, цөөн тооны хүүхдэд зориулсан Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төр өөрөө бий болгосноор иргэддээ тэгш бус хандсан ерөнхий боловсролын ялгавартай байдлыг бодитоор бий болгож байна. Монгол Улсын Засгийн газар 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатай байгуулсан байдаг. Энэ санамж бичгийг манай иргэдийн эзэмших боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор байгуулсан гэх боловч тусгайлан байгуулсан Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургуульд хамгийн авьяастай цөөн сурагч, багшийг шилж сонгон авч маш өндөр өртөг зардлаар хос хэлээр сургалтыг явуулж байгаа нь нийт иргэдэд хүртээлтэй ажил биш юм. Тэгээд ч ийм онцгой нөхцөлд явуулж буй сургалтын туршлагыг ердийн нөхцөлтэй бусад сургуульд шилжүүлэн нэвтрүүлэх боломжгүй.
-Эхлээд улсын сургуулийн 10 хүртэлх хувьд тус хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэж байгаа?
-Төрөөс иргэддээ тэгш хандаж, тэгш боломж олгон үйлчлэх зарчимд харшилж байна. Монгол Улс иргэддээ заавал эзэмшүүлэх боловсролын үндэсний хөтөлбөрөө өөрсдөө боловсруулж хэрэгжүүлэх чадамжаа бүрдүүлсэн гэж би үздэг. Иймд бусдаас механикаар хуулж, хараат болох ёсгүй. Манай иргэдийн эх орондоо эзэмшсэн боловсрол нь чанарын хувьд олон улсад нийтлэг тавьж буй шаардлагыг хангахад чиглэсэн байх нь төрөөс баримтлах бодлогын үндэс байх учиртай. Үүний нэг зам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурлагын амжилтын үнэлгээнд хамрагдах явдал болно. Ийм учраас 2015 онд батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын 7.8-д “Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд 2021 онд хамрагдана” гэсэн зорилт тусгагдсан. Энэ нь үндэсний хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зарчим баримталж байгаагийн илэрхийлэл. Бид хэн нэгний хөтөлбөрийг нутагшуулж, гадаадын аль нэг байгууллага, шалгалтын төвийн тогтоосон стандарт, ашиг орлогын сонирхолд дөрлүүлэх шаардлагагүй юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА
МОНГОЛ ОРЛОН ТОГЛОГЧИД "МАРВЕЛ"-ЫН КИНО ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино дэлхий дахинаа нээлтээ хийсэн. Уг бүтээлд монгол залуус эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тоглосноос гадна алдарт жүжигчин Жэт Лигийн орлон тоглогчоор амжилттай ажиллажээ.
Монгол киноны орлон тоглогчид 2018 онд Шинэ Зеланд улсыг зорин очиж, хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Тодруулбал, мэргэжлийн 15 орлон тоглогч, морь унаач 35 хүн, дөрвөн орчуулагчийн баг урилгаар ажиллажээ. “Монгол орлон тоглогч” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинбаатар, А.Бямбадорж нартай ярилцсанаа хүргэе.
-“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” кино Монголд албан ёсны нээлтээ хийлээ. Дэлхийн хэмжээний кинонд монгол уран бүтээлчид анх хэрхэн ажиллах болсон тухай ярихгүй юу?
А.Бямбадорж: Өнгөрсөн 2013 онд “Марко Поло” төсөл анх хэрэгжиж, би болон “Монгол орлон тоглогчид”-ын холбооны цөөн гишүүн ажилласан. Тухайн үедээ бид Монголын уран бүтээлчдийн авьяас чадварыг дөвийлгөхөөс илүүтэй “Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллаж болох юм байна. Ийм боловсон хүчин байдаг юм” гэдэг ойлголтыг төрүүлөх зорилготой байсан. Энэ төсөл гурван жил үргэлжилж, 22 цуврал хийсэн. “Марко Поло” төсөл дээр бидний ажилласан үнэлэмж их сайн байсан юм билээ. Тэрнээсээ улбаалан “Мулан” киноны төсөл дээр биднийг татан оролцуулсан юм. “Марко Поло” төсөл дээр хамтран ажиллаж байсан хүмүүстэй эргэн холбоо барьж, “Мулан” киноны зураг авалтаар Шинэ Зеланд руу Монголоос 54 хүн явсан. Үүнд 15 мэргэжлийн орлон тоглогч, 35 морь унаач, дөрвөн орчуулагч багтсан. Мэргэжлийн орлон тоглогчоос гадна морь унаж зураг авахуулах хүмүүс дотроо киноны төрөл бүрийн мэргэжилтнүүдийг авч явсан. Тэдний дунд зураач, оператор, техникийн ажилтан, найруулагч нар ч багтсан байгаа. Ингэснээр дэлхийн том хэмжээний продакшны үйл ажиллагаа хэрхэн явагддагийг өөрсдийн нүдээр үзэж, Монголынхоо кино урлагт хувь нэмрээ оруулахыг хүссэн гэдгийг дурдах нь зүйтэй байх. Энэ төсөл амжилттай болж, холбооны зарим гишүүд Австрали улсад “Марвел” продакшны дараагийн шинэ төсөл дээр ажиллаж байна. Одоогоор нэр нь нууц байгаа юм.
-“Марвел” студийн киноны төсөл дээр хэчнээн орлон тоглогч ажиллаж байгаа вэ?
А.Бямбадорж: Австрали улсад анх 10 хүний бүрэлдэхүүнтэй очиж, 26 хоногийн зураг авалтад оролцсон. Эхний ажлаа гүйцэтгэсэн таван орлон тоглогч эх орондоо буцаж ирсэн. Одоо Австралид нэг орчуулагч, дөрвөн орлон тоглогч ажиллаж байна.
-“Мулан” кинонд дэлхийн хэдэн орны орлон тоглогч ажилласан бэ?
Б.Түвшинбаатар: “Мулан” кино бол маш том төсөл. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн кино. Энэ багт манай багаас 54 хүн, Казахстан улсаас 10 гаруй хүн, Шинэ Зеланд улсын орлон тоглогчид, БНХАУ-ын орлон тоглогчид гээд олон улсын орлон тоглогчидтой хамтран ажилласан. Миний хувьд 2018 оны есдүгээр сарын 4-нд “Мулан” киноны зураг авалтад Францаас ирсэн орлон тоглогчтой хамт явсан. Тэр эмэгтэй “Мулан” киноны гол дүрийн жүжигчин бүсгүйн морь унаачаар ажилласан юм. Шинэ Зеландын ард түмэн их найрсаг, нөхөрсөг санагдсан. Газар зүйн байрлал нь Монгол оронтой их төстэй юм билээ. Бид мориороо дамжуулан үндэсний соёлтойгоо танилцаж, ярилцсан.
-Монгол орлон тоглогчдын ур чадварыг хэрхэн үнэлж байв?
А.Бямбадорж: “Мулан” кинон дээр манай багийн орлон тоглогчид ур чадвараараа дутсан зүйл ажигдлагдаагүй. Адилхан л хийх ёстой ажлаа хийсэн. Монгол уран бүтээлчдийн хувьд ур чадвартай хэдий ч олон улсад гарах нөхцөл боломж нь жаахан хэцүү шүү дээ. “Мулан” киноны зураг авалтуудыг харахад хоёр талын дүрүүдийн тулааны болон морьтой хэсгүүдийн 90 хувьд монгол залуус гарч байгаа. Тэр бүх тоглолтыг үнэмшилтэй хийж, амжилттай ажиллаж чадсан. Өөрөөр хэлбэл, монгол орлон тоглогчдын морио унаж, тулаанаа гаргаж чадаж байгаа байдал нь тэр олон зураг авалтуудаас хамгийн үнэмшилтэй нь байсан болов уу. Харин Бор хааны өөрийнх нь бие хамгаалагчдын дүрд Казахстаны орлон тоглогчдын “Номад” баг ажилласан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН
Г.ГАНЗОРИГ: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮНЭХЭЭР БАГА БАЙНА
Жилийн жилд алдагдалтай ажилласаар ирсэн Монголын хөрөнгийн бирж дампуурах эрсдэлтэй гэсэн мэдээлэл цацагдаж буй юм. Бид Монголын Хөрөнгийн биржийн олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Биржийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн хариулт өгөв. Мөн энэ асуудлаар бид эдийн засагч Г.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.
-Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдлын талаар та эдийн засагч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Монголын хөрөнгийн биржийг хөгжлийн шатан дээрээ явж байна гэж боддог. Дотоодын томоохон компаниуд IPO гаргаж, иргэдэд хувьцаагаа нээлттэй санал болгох үйл явц тасралтгүй үргэлжилсээр байгаа нь маш сайн үзүүлэлт. Цаашдаа ч олон сайн өөрчлөлт гарахаар хүлээгдэж байна. Гэхдээ асуудлууд мэдээж байгаа. Жишээ нь, төрөөс хөрөнгийн зах зээл дээрх дэмжлэг үнэхээр бага байна. Тэр дундаа суурь дэд бүтэц болох хөрөнгийн бирждээ анхаарал хандуулахгүй байна. Жишээ нь, Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргах талаар мэдэгдсэн. Гэхдээ үүнийгээ тусдаа блокчэйн систем үүсгэн худалдаалахаа хэлсэн. Шинэлэг арга барил гарган ажиллаж буйд талархаад баршгүй. Гэвч уг нь эхлээд суурь дэд бүтцээрээ явуулж, хөрөнгийн биржээ дэмжих ёсгүй байсан гэж үү? Мөн жижиг зах зээлд дэндүү олон толгой байна уу даа л гэж харагдах юм. Угтаа капиталист нийгмийн гол хөдөлгүүр нь хөрөнгийн зах, түүний гол дэд бүтэц нь хөрөнгийн бирж шүү дээ.
-Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?
-Ерөөсөө бүхий л оролцогч талд асуудал байна. Нэгд, суурь дэд бүтцийн асуудал. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн суурь дэд бүтцээ их олон хуваачихсан харагддаг. Ийм жижиг зах зээлд угтаа нэг бодлогоор нэг групп дотор базагдаад явбал зүгээр санагдана. Бүгд тусдаа зардалтай, удирдлагатай байх нь асуудлыг улам л хүндрүүлж байна. Үр ашигтай ажилладаг жижиг бүтэц л манай улсад тохирно. Хоёрт, хөрөнгийн зах зээлд дээр гарч буй бүтээгдэхүүн. Энэ бол олон жил явж буй асуудал мөн. Хувьцаат компаниудын ил тод байдал, зөв тайлагналыг сайжруулах ажлууд олон жил явсан. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Гэхдээ дэлхийн түвшинд хүрэхэд алд, дэлэм зай байна. Түүнчлэн манай компаниуд нээлттэй болохын давуу талыг төдийлөн ойлгохгүй байна. Бүр зарим нэг нь хүүгүй мөнгө гэж харж байх шиг байна. Энэ тийм биш шүү дээ. Хувьцаа гэдэг бол цогц харилцаа. Түүнчлэн одоо байгаа компаниуд маань үнэлгээ өндөртэй харагдана. Цөөн хэдэн компанийн л хувьцааны үнэ болон ашгийн харьцаа өнөөгийн зах зээлийн зөвшөөрөгдөх түвшинд байна. Гуравт, хөрөнгө оруулагчид хангалттай бойжоогүй байна. Монгол хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурд удаан байгаа нь иргэдийн санхүүгийн мэдлэгтэй шууд холбоотой. Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулалтын сангууд буюу Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн сан, Даатгалын сангууд бараг хөгжөөгүй гэхэд хилсдэхгүй. Цугларсан хуримтлалыг төсөв рүү шилжүүлэх бус, хөрөнгийн зах зээл рүү шилжүүлэн, ашгийг нь хүртэх тогтолцоо дутаж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.ЖАРГАЛ