ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэртэй ярилцлаа.
-Танай нам орон нутагт нэр дэвшигч нараа тодрууллаа. Эндээс яриагаа эхлэх үү?
-Тийм ээ НИТХ-д нэр дэвших 45 нэр дэвшигчээ тодруулж Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлээд байна. Бидний барьсан гол бодлого бол иргэдийн амьдрал, аж байдал мэдэх хүнийг Нийслэлдээ дэвшүүллээ. Энэ хот, гэр хороололоо мэдэх дугаар хорооны иргэн нэр дэвшиж тулгамдсан асуудлаа шийднэ. Түүнээс биш харь улсад тархи толгойгоо угаалгасан, хэн нэгний гар хөл, баян айлын хүргэчүүл иргэдийн асуудал шийдэхгүй ээ.
-ХҮН-ын Нийслэлийн намын хороо нийтдээ 90 хүн дэвшүүлчих шиг боллоо?
-ХҮН-ын урилгагүй зочид хойморт гарч суугаад гишүүнгүй нам болно гэж биднийг ад үзэх хэрнээ 45 хүн сөргүүлэн дэвшүүлж байна лээ. АН-ын гишүүн асан Б.Найдлаа гэгч “Хөдөлмөрийн Үндэсний нам гишүүнгүй” гэдгээ өнөөдөр бас зарлаж байна лээ. Гэтэл хаанаас ч юм бэ 45 хүн олж ирээд дэвшүүлж байна. Гишүүнгүй нам гэхээр энэ намыг үүсгэн байгуулсан, итгэлээ өгч гарын үсэг зурсан иргэд автоматаар хөөгдөж байна гэсэн үг. Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхэнд ноцтойгоор халдаж эхэлсэн учир ХҮН-ыг үүсгэн байгуулагчид аргагүй эрхэнд намын үүрийн 150 гаруй дарга нар ээлжит III хурлаа хийж хууль бусаар сонгогдсон П.Наранпүрэвийг огцруулсан.
-ХҮН-ыг сонгууль болохоор бужигнадаг, бие даадаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Магадгүй аль нэг улс төрийн хүчний явуулга байж болох уу?
-“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үг байдаг даа. П.Наранпүрэв гэгчийг гишүүдээсээ асуулгүй Сүхбаатарын талбай дээр гурван хүн зогсож сонгоогүй, тамга тэмдэгтэй анхан шатны үүрүүдтэй харьцаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Өөрсдийгөө боловсролтой гэж рекламдах дуртай нөхдүүд сонгуулиас бусад үед намын гишүүдээ тоож уулздаггүй, хурлаа хийдэггүй. Тэдний хувьд гишүүд нь огт хэрэгцээгүй илүү зардал учраас гишүүнгүй нам гэж зарлаж эхэлсэн бухимдал бий болгосон. Хөдөө орон нутгийн гишүүд Онц их хурлаа хийхийг шаардаж байхад дүлий царайлаад, дээгүүр хараад яваад байсан юм. Хөрс суурьгүйгээр хөөрнө гэж байхгүйг эдгээр залуус ойлгодоггүй юм. 2016 онд Ц.Элбэгдорж С.Ганбаатар даргатай ХҮН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэхэд Б.Найдлаа, Т.Доржханд, Д.Гантулга нар бие даагаад дэвшсэн. Бид УДШ дээр аргаа бараад гүйж байхад тэд аль хэдийнэ бие даан нэр дэвших бичиг баримтаа бүрдүүлснээс үзвэл С.Ганбаатарыг ч Т.Ганболдыг ч бүртгэхгүй гэдгийг мэдсэн байж таарна.
-Та нарыг С.Ганбаатарын дүү нар, хамаатан гээд П.Наранпүрэв ярьж байна лээ?
-Бидний дунд С.Ганбаатартай хамаатан садан нэг ч хүн байхгүй. Харин С.Ганбаатарын үзэл бодлыг “Эрс шинэчлэл”, “Соёмбо” хөдөлгөөний үеэс дэмжсэн. Эдгээр хөдөлгөөний суурь дээр ХҮН-ыг үүсгэн байгуулж байхад П.Наранпүрэв, Б.Найдлаа, Т.Доржханд, Д.Гантулга нар МАН, АН-ын үүд хавиар эргэлдсэн залуус байлаа. Бидний ар талд аль нэг улс төрийн хүчин, санхүүжүүлэгч байхгүй. Харин ХҮН-ыг үүсгэн байгуулагчид, үзэл бодлоороо нэгдсэн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр тэмцэж байна.
-Та хотын дарга болох уу?
-Манай нам ардчилалтай, дүрэмтэй нам. Тийм учраас олонхийн санал авсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоотой нэр дэвшигчээ Хотын даргад дэвшүүлнэ. Ялалтыг шагнал болгож албан тушаал өгдөг тогтолцоог өөрчлөх цаг болсон. Бидэнд хотын түгжрэл, утаа, ажилгүйдэл, архидалтыг шийдэх бодол, бодлого биш “Төлөвлөгөө” бий.
-Хотын иргэдэд тулгамдсан “Түгжрэл” гэдэг том асуудал бий?
-Улаанбаатар бол 1.3 сая хүн амтай метрополис хот шүү дээ. Хүссэн хүсээгүй метро барих нь мэдээж. Тэр болтол богино хугацааны арга хэмжээ авна. Тухайлбал төрийн байгууллагын ажилтнууд бүх яам, албан газрын зогсоолыг бөглөн машин өдөржин тавьдаг асуудлыг эдийн засгийн аргаар шийдэх хэрэгтэй. Тухайлбал хотын захдуу Таван шар, Дэнжийн мянга, Офицер хавьд үнэ төлбөргүй авто зогсоол барина. Тэндээ машинаа тавиад нийтийн тээврээр хот руу ордог, төвийн зогсоолууд өндөр төлбөртэй болгох. Олон хүний багтаамжтай, “Ажилтнуудын автобус” гэдгийг дэмжих бодлого барихад “Түгжрэл” буурна. Энэ мэт түмэн шийдлүүд байна шүү дээ.
-ХҮН-ыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрд эргэн ирэх үүд хаалга гэж ярьдаг л даа?
-ХҮН-ын анхны дарга С.Зоригтбаатар шүү дээ. Түүний дараа дарга болсон С.Боргилын гарын үсгийг Б.Найдлаа гэгч хуурамчаар зураад Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг юм. Хүний гарын үсэг хуурамчаар зурсан Эрүүгийн гэмт хэрэг үйлдчихээд байхад Б.Найдлааг бүртгэсэн нь далдын хүч нөлөөлсөн хэрэг дээ. Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж, Баабар нарын байгуулсан “Электорат” хөдөлгөөнтэй эвсэл болон орсон, мөнгөлөг байгаа нь хардах үндэс болдог. Нэг нөхөр сонгуульдаа 6,6 тэрбум төгрөг зарцуулж дээд хязгаарыг тогтоосон нь улс төрийн хүрээнд цочир сонин үзэгдэл болсон шүү.