Монгол хүүхэд Солонгост хөлбөмбөгийн бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Монгол хүүхэд Солонгост хөлбөмбөгийн бэлтгэл хийнэ

“Мөрөөдөл” зуслан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас хамтран хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн хүрээнд хөлбөмбөгийн орон гэгддэг Бразил улсын нэрт дасгалжуулагч Суэсо Карлос де Алмейда Монголд урилгаар хүрэлцэн ирж, хөлбөмбөгийн спортыг сонирхогч хүүхэд залууст энэ спортын арга барил, ур чадварын техник эзэмшүүлэхээр сар орчим хугацаанд сургалт явуулсан юм. Өнгөрөгч долдугаар сарын эхээр манай улсад ирсэн нэрт дасгалжуулагч хүүхдийн “Мөрөөдөл” зусланд байрлан, хоёр ээлжийн хүүхдүүдэд сургалт явуулаад маргааш эх орон руугаа буцах гэж байна. Тэрбээр уг нь энэ сарын сүүлээр нутаг буцаж, тэр хүртэл “Мөрөөдөл” зусланд нийт дөрвөн ээлжийн турш Монгол хүүхдүүдэд багшлах ёстой байсан ч биеийн байдлын улмаас хугацаанаасаа өмнө нутаг буцахаас өөр аргагүйд хүрчээ.

Суэсо Карлос де Алмейдагийн хамт долдугаар сарын 14-нд эхний ээлжийн хүүхдүүд “Мөрөөдөл” зусланд бэлтгэлд гарсан бөгөөд хоёрдугаар ээлжийн хугацаа өнөөдөр өндөрлөж, хөлбөмбөгийн сургалтанд хамрагдсан хүүхдүүд бразил дасгалжуулагчийнхаа хамт Улаанбаатарт иржээ.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд батламж гардуулах ажиллагаа өнөөдөр 17.00 цагаас болсон бөгөөд энэ үеэр ур чадвар, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан нэг хүүхдийг ирэх зун Өмнөд Солонгос улсад бэлтгэл хийх эрхийн бичгээр шагнасан юм. Хоёр ээлжийн сургалтанд нийт 36 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдгээрээс Сонгино хайрхан дүүргийн 67-р дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Б.Өнөболдыг дасгалжуулагч Алмейда өөрөө сонгож, ирэх жил Өмнөд Солонгост тус улсын хүүхдийн шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэлд гарч, туршлага судлах ховорхон завшаан олголоо. Энэ үеэр ноён Алмейда Монголд байх сайхан байсан, мөн Монгол хүүхдүүд тэсвэр хатуужилтай, хичээнгүй, хөлбөмбөг тоглох авьяастай гэдгийг онцолж байв. Энэ удаад тэрбээр биеийн байдлын улмаас эрт нутаг буцах болсон ч цааш цаашдаа манай улсад ирж, хөлбөмбөг сонирхогч олон хүүхэд багачуудад энэ агуу спортын талаар мэддэг бүхнээ зааж сургана гэдгээ илэрхийлсэн юм. Харин ирэх жил Өмнөд Солонгосыг зорих болсон Б.Өнөболд хүүд хандан ирээдүйд дэлхийн тавцанд Монгол улсыг төлөөлөх чадварлаг тамирчин болох бүрэн боломж байгааг хэлээд, амжилт хүсч байлаа.

Дасгалжуулагч Суэсо Карлос де Алмейдагийн хувьд өдгөө Өмнөд Солонгосын “Korea Ravens FC” хүүхдийн шигшээ багийг гурван жилийн гэрээт хугацаагаар дасгалжуулж байгаа юм.

Ирэх зун Өмнөд Солонгосыг зорих болсон Б.Өнөболдтой уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-За, баяр хүргэе.

-Баярлалаа.

-Ирэх жил Өмнөд Солонгос улсад зочилж, тэндхийн хөлбөмбөгч хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийх эрхээр шагнууллаа. Сэтгэгдэл ямар байна?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Үнэхээр баяртай байна.

-Миний дүү аль сургуульд сурдаг вэ? Өөрийнхөө тухай танилцуулаач.

-Намайг Батбаярын Өнөболд гэдэг. 13 настай. Сонгино хайрхан дүүргийн 67-р сургуулийн 7-р ангид сурдаг.

-“Мөрөөдөл” зуслангийн аль ээлжинд амарсан бэ? Зусланд сайхан амарсан уу?

-Би хоёрдугаар ээлжинд амраад өнөөдөр ирсэн. Зусланд маш сайхан амарсан. Маш хөгжилтэй, хөлбөмбөгийн багшаас гадна зуслангийн багш нар олон гоё зүйл зааж сургасан.

-Зуслан дээр хөлбөмбөгийн бэлтгэл хэр их хийв? Бразил багш нь олон шинэ зүйл зааж өгсөн байх?

-Тийм ээ. Өглөө, орой хоёр хөлбөмбөгийн сургалт орж байсан. Суэсо Карлос де Алмейда багш бидэнд олон зүйл зааж сургалаа. Үнэхээр гоё байсан. Аймаар хэцүү, гэхдээ би хичээгээд л, аль болох заасан болгоныг нь сайн сурахыг хичээж байсан.

-Миний дүү хэзээнээс хөлбөмбөг сонирхож эхэлсэн бэ?

-Бүр бага байхаасаа л хөлбөмбөг сонирхож, гадаа найзуудтай тоглодог байсан. Цаашдаа сайн тамирчин, сайн хүн болохыг хүсдэг.

-Баярлалаа. Амжилт хүсье. Ирээдүйд эх орныхоо нэрийг дуурсгах шилдэг тамирчин болоорой.

-Баярлалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж