Монголд гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээл болоод байгаа талаар Монголын банкуудын холбооноос мэдээлсэн билээ. 2020 оны зургадугаар сарын байдлаар банкны салбарт 126 мянган зээлдэгчийн 1.8 их наяд, ААН-ийн 2672 зээлдэгчийн 3.1 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг тодорхой хугацаанд бууруулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд 2020 оны зургадугаар сарын байдлаар банкны системд 92.8 мянган зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт орсон.
Зах зээлд тодорхой бус байдал үүссэн өнөө үед иргэдийн зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах, зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдэхээс сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 122/58 дугаар хамтарсан тушаалаар “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-д түр хугацаанд өөрчлөлт оруулсан билээ.
Өрхийн санхүүгийн дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор банкуудад зээлийн нөхцөлийг сулруулах, хугацааг хойшлуулах хүсэлт олноор иржээ. 2020 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 11 хувь буюу 56591 зээлдэгчийн 493.5 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орж, хугацаа дунджаар 6.6 сараар сунгасан байна.
Мөн цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлтийн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар нэг удаа сунгах, иргэдийн ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч хадгаламжийн байгууллагуудаас олгосон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн хэмжээ 2020 оны зургадугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Чанаргүй зээлийн түвшинд томоохон өөрчлөлт гараагүй ч 2020 оны зургадугаар сарын байдлаар энэ оны эхний сарын үзүүлэлттэй харьцуулахад улсын байгууллагын чанаргүй зээл 13.8 хувиар буурч, иргэдийн чанаргүй зээл 29.2 хувиар өссөн байна.
Арилжааны банкуудын хүүгийн орлого 2020 оны зургадугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.9 хувиар буурчээ. Үүнд “Ковид-19” цар тахлын санхүүгийн зах зээлд үзүүлж буй сөрөг нөлөө, 2020 оны хоёрдугаар сард 677 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл тэглэсэн, зээлийн эргэн төлөлтийн хүндрэлд орсон иргэд аж ахуйн нэгжийн зээлийн хугацааг сунгасан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.
Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсанаар, уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүйд шилжжээ. Мөн уул уурхайн түүхий эд тээвэрлэдэг тээврийн салбарт ч зээлийн чанаргүйдэл нэмэгдэж буй юм байна.
Монголын банкуудын холбооноос мэдээлснээр, оны эцэс, ирэх жилийн эхэнд чанаргүй зээл илүү их нэмэгдэх хандлагатай байгаа аж.
"Ковид-19" цар тахалтай холбоотойгоор эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал үүсч байгаа тул банкуудын зээл олгох шалгуур бага зэрэг чангарчээ. Цар тахлыг хязгаарлах зорилгоор Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь эдийн засгийн зарим салбаруудад сөргөөр нөлөөлж, тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН, хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг бууруулах нөлөө үзүүлж байна.
2020 оны эхний саруудад банкнаас ААН, иргэдэд олгох зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулжээ. Түүнчлэн ирэх сард ААН-үүд болон иргэдийн зээлийн шалгуурыг хэвэнд нь хадгалах хүлээлттэй байна.
Банкнаас шинээр олгосон зээлийн хэмжээ 2020 оны эхний зургаан сард 9.4 их наяд төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 7.7 хувиар буурчээ. Зээлийн төлвийн судалгааны үр дүнгээс үзэхэд банкуудын зээл олголт буурахад "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, эдийн засгийн идэвхжил буурсан зэрэг хүчин зүйлс голчлон нөлөөлсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ