“Малд нүдтэй хүүхэд” тодорлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Малд нүдтэй хүүхэд” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

“Малд нүдтэй хүүхэд” тодорлоо

Жил бүрийн сар шинийн босгон дээр “Намхайнямбуу сан”-гаас “Малд нүдтэй хүүхэд”-ийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Малд нүдтэй хүүхэд”-ээр  Өмнөговь аймгийн малчин хүү Б.Батбэх тодорчээ.  Нүүдэлчин монголчуудын өв эх соёл, дундаршгүй их  баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж,  малч ухаанд шамдан яваа ирээдүйн хөдөлмөрийн баатруудын төлөөлөл болсон Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Б.Батбэх энэ жил 15 нас хүрчээ. Есдүгээр ангиасаа мал аж ахуй дээр гарсан хүү аавтайгаа хамт морь уяж, айраг, түрүү авсан төдийгүй ирээдүйд малын эмч болохыг хүсдэг гэдгээ энэ үеэр ярьж байлаа. Мөн тэрбээр өөрийн малаа алсаас хараад  шууд таньдаг. Ялангуяа ямаагаа шууд л эврээр нь ялгаж чаддаг малд нүдтэй хүүхэд аж.  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхай­нямбуу агсны үр хүүхдүүд  энэхүү шалгаруулалтын 2003 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд энэ 12 жилийн хугацаанд 21 хүүхэд “Малд нүдтэй хүүхэд”-ээр нэрлэгдсэн байна.  

Монгол Улсын малчдын түүхэнд Ардын Их хурлын депутатаар дөрвөн удаа, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан цорын ганц малчин бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат Цэрэндашийн Намхайнямбуу агсан юм. Тэрбээр 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, хоёр түмэн хонийг төлөөр нь өсгөж  нэгдэл нийгэмдээ өгч байсан бөгөөд “Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” хэмээн хэлсэн байдаг.  Мөн түүнчлэн “Бэрхшээл хүнд ялагдах гэж ирдэг, бэрхшээлийн ялагч нь эзэн нь байдаг. “Хүн хөдөлмөрлөх тусам ажлын үр дүнг мэдэрдэг” гэдгийг ч хойч үедээ захиас болгон үлдээжээ. 

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ
 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс