Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.
- Говь-Алтай аймагт адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон 31 настай эрэгтэй А нь эсэн мэнд олджээ. Тэрбээр энэ сарын 7-ны өглөө 10:00 цагийн орчимд адуугаа Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 9-нд аймгийн онцгой байдлын газарт ирсэн билээ. Эрлийн багийнхан өчигдөр алга болсон иргэнийг Есөнбулаг сум , Жаргалант багийн иргэн А-ийн гэрээс эсэн мэнд олж, аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
- Баян-Өлгий аймгийн нутаг Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газарт хандлан хадаж байгаад гэр лүүгээ явсан 33 настай эрэгтэй Ө-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 18-нд 23:00 цагийн орчимд хадлангаас гэрлүгээ харьж явахдаа сураггүй болжээ. Энэ тухай дуудлага наймдугаар сарын 19-нд аймгийн Онцгой байдлын газарт ирснээс хойш эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Сураггүй болсон иргэнийг “Алаг толгой” гэдэг газраас баруун урд зүгт “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоожээ.
- Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт 25 дугаар байрны орчимд өчигдөр иргэн Г-ын “Ниссан Х-Трайл” загварын суудлын автомашин шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Галын дуудлага өчигдөр өдрийн 13:10 цагт ирж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн 15 минутад унтраажээ.
Б.ЦЭЦЭГ