ХУД-ийн иргэн 20 сая төгрөг хонжвороо баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

ХУД-ийн иргэн 20 сая төгрөг хонжвороо баталгаажууллаа

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн Ням гаригт хоёр дахь удаагийн сугалааны тохирол явагдаж, ML55577825 баримтын дугаартай Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болд анх удаа 20 сая төгрөгийн азтан болжээ. Өнөөдөр иргэн Ц.Болдын гэргий А.Урангуа хүүхдүүдтэйгээ Гааль, Татварын ерөнхий газарт ирж, худалдааны баримтаа шалгуулж, 20 сая төгрөгийн хонжвороо баталгаажуулсан байна. Ц.Болдын гэр бүл охин Б.Нандинтүшигтээ гэрийнхээ ойролцоо “Цэлмүүн” дэлгүүрээс сүү, тараг, алимны нухаш зэрэг 27630 төгрөгийн худалдан авалт хийж, ийнхүү азтан болжээ. Эхэндээ Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болд 20 сая төгрөг хожсондоо итгэж өгөөгүй, найзууд нь тоглож байна гэж ойлгожээ.

Азтаны гэр бүл хонжворын мөнгөөрөө хүүхэд хөгшдийг баярлуулж, охин Б.Нандинтүшигтээ хадгаламжийн дэвтэр нээлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогоор тэд НӨАТ-ын аас 18 мянга гаруй төгрөгийн буцаан олголт авах хэмжээний худалдан авалт хийж, www.ebarimt.mn сайтад баримтынхаа дугаарыг хийж бүртгүүлжээ. Сард хоёр удаа явагдах НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн Ням гаригийн тохирлоор нийт 3317 азтан тодорчээ. Ингэхдээ сүүлийн гурван орон таарсан 2990 азтан 20 мянга, дөрвөн орон таарсан 287 баримт 100 мянга, сүүлийн таван орон таарсан 33 азтан 500 мянга, сүүлийн зургаан орон таарсан таван баримт дөрвөн сая төгрөгийн сүүлийн долоон орон таарсан нэг баримт 20 сая төгрөгийг эздэдээ авчирчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж