Нас сэтгэхүйд нь тохирсон үзүүлэн музейг хүүхдүүд хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Нас сэтгэхүйд нь тохирсон үзүүлэн музейг хүүхдүүд хүсч байна

Нас сэтгэхүйд нь тохирсон үзүүлэн музейг хүүхдүүд хүсч байна

Соёлын сайдын А/03 тоот тушаалаар есдүгээр сарын 1-нээс эхлэн улсын болон орон нутгийн бүх музейг 18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэж байна. Энэхүү шийдвэр нь хүүхэд, багачуудыг түүх, соёлын баялаг өв өө хайрлан хамгаалж, танин мэдэхэд дөхөм болох шийдвэр мөнөөс мөн хэдий ч хүүхэд тус бүрийн нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийн оновчтой хувилбар манай улсын музейнүүдэд дулимаг байгаад эцэг, эх болон сурагчдын зүгээс анхаарал хандуулахыг хүсч байна.

Музейн боловсролын ажилтны хэлж байгаагаар өмнөх жилүүдэд ес, аравдугаар сард түүхийн болоод бусад музейгээр хүүхдүүд их үйлчлүүлдэг байсан ч энэ жилээс үнэ төлбөргүй болсноор үйлчлүүлэх хүүхдийн тоо улам нэмэгдсэн гэсэн юм. Тэгэхээр хүүхдүүд түүх, соёлын дурсгалаа танин мэдэх хүсэлтэй байгаа хэдий ч зарим дурсгалт олдвор, соёлын салшгүй хэсэг болсон бүтээлийг тайлбарлагч байсан ч ойлгохгүй, тоохгүй байгаа нь учир дутагдалтай асуудал болоод байна.

"ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД МУЗЕЙ БҮРТ ХҮҮХДИЙН ҮЗҮҮЛЭНГ ТУСГАЙЛАН БЭЛДДЭГ"

БНСУ-д гэхэд л түүхийн болоод бусад музей нь өөр, өөрийн гэсэн дурсгалт бүтээлүүдээ хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон оновчтой, энгийн хувилбараар үзмэр болон түр үзэсгэлэн хэлбэртэйгээр музейд тусгайлан байршуулдаг аж. Хэрэв манай улсын түүхийн музей хүүхэд багачуудын анхаарал, сонирхлыг татах үлгэрчилсэн биет хувилбартай болбол хүүхдүүд түүхийн хичээлээ сонирхон судалж, илүү бүтээлчээр суралцах боломж нэмэгдэх нь тодорхой.

Учир нь хүүхэд нийгмийн харилцаанд оролцохдоо бүх зүйлийг сонирхон харж, үзэж, хүрч байж ой тогтоолтдоо тусгадаг. Ингэснээр тухайн хүүхэд тэрхүү мэдэж авсан зүйлээ дахин гүнзгийрүүлэн судалж, мэдэхийг оролддог байна.

Иргэн Э.Энхтайван “Хүүхдэд бага наснаас нь эхлэн төрөл бүрийн музей үзүүлэх нь хүүхдийн хүмүүжил болон ирээдүйн мэргэжил сонголтод нь эерэг нөлөөтэй санагддаг. Аав, ээж минь намайг бага байхад музей үзүүлж байсан нь өнөөдөр намайг үр хүүхдээ яг тэрхүү замналаар өсгөж, хүмүүжүүлэхэд тусалж байгаа гэж боддог. Миний хувьд улсаас гаргасан 18-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй музей үзэх боломжтой болсон шийдвэрийг таатай хүлээж авсан. Гэхдээ манай улсын музейд нийтлэг байдаг нэг сул тал нь 10 хүртэлх насны хүүхдэд үзээд байх үзмэр бараг байдаггүй. Жишээлбэл, түүхийн музейг хүүхдэд үзүүлэхэд ихэнх үзмэр нь палентеологийн олдвор байдаг. Үүнийг нь бага насны хүүхдүүд ойлгодоггүй. Гадаадын томоохон орнуудад бол хүүхдэд түүхийг маш энгийнээр ойлгуулах музейн хувилбартай байдаг. Мөн хичээл бүр музейтэй танилцахад ямар нэгэн байдлаар холбогдож, бага наснаас нь хүүхдийг түүхийн мэдлэгтэй болоход тусалдаг нь зөв санагддаг” гэсэн юм.

Музей  бол нийгмийн  хөгжлийн  тодорхой үе  шат бүрт  бүтээгдсэн  материаллаг болон оюун санааны  соёлын дурсгалуудыг  цуглуулж  хадгалдагаараа онцлог.

17-р сургуулийн 3д ангийн сурагч Б.Мөнх-Амирлан: “Өмнө нь би түүхийн музейг гэрийнхэнтэйгээ үзэж байсан. Тэнд монголчуудын хэрэглэж байсан дээр үеийн гэр бас зөндөө олон зүйл байсан. Багш маань та нар музей үзээд юу мэдэж авсан бэ? гэж асуухаар нь би өвөө эмээгийн маань өмнө үед амьдарч байсан хүмүүс ямар зүйл хэрэглэж байсныг мэдсэн гэж хэлсэн. Харин өнөөдөр үлэг гүрвэл үзэхээр байгалийн түүхийн музейд ирсэн” гэв.


Хоёрдугаар ангийн сурагч Г.Билгүүнзаяа: “Өнөөдөр үлэг гүрвэлийн музейг эгчтэйгээ үзсэн. Маш их таалагдсан. Музей дотор үлэг гүрвэл, өөр амьтад байсан. Өмнө нь ахтайгаа нэг удаа музей үзэж байсан ч яг юу байсныг нь сайн санахгүй байна. Дараа нь ахтайгаа дахиад үлэг гүрвэлийн музей үзнэ гэж бодож байгаа” гэлээ.


Үндэсний түүхийн музейн хувьд монголын түүхэн үечлэлийн дагуу дэглэсэн байдаг. Харин байгалийн түүхийн музейн хувьд илүү бодит, биет хүүхдүүд сонирхон үзэх амьтад, орчин нөхцлийн үзүүлэнтэй учраас хүүхдүүд их сонирхдог болохыг тайлбарлагчид хэлж байв. Тиймээс хүүхдийг бага наснаас нь түүхээ таньж мэдэх тэмүүлэлтэй болоход хамгийн чухал зүйл бол  сонирхлыг нь татсан үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Дэлхийн аль ч улсын музей хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг жишгийг бий болгох шийдвэрийг манай улсын Соёлын яамнаас гаргасан нь сайшаалтай ч цаашид хүүхэд бүрт өв, соёлтойгоо төвлөрөн танилцах боломжийг бүрдүүлэн ажиллах нь чухалд тооцогдож байна. Хүүхэд бол улсын баялаг. Тэд ирээдүйд хойч үедээ түүхийн өв, дурсгалаа тээн залгамжлуулна. Тиймээс музейн үзэгчдийн тоо нэмэгдэхэд бус музей үзсэн хүүхдүүд түүхтэйгээ хэрхэн танилцсанд дүн шинжилгээ хийх нь зүйтэй болов уу.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж