Бурхан халдуныг бүртгэсэн батламжийг гардуулав

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Бурхан халдуныг бүртгэсэн батламжийг гардуулав

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ.

Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бурхан халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг гаргасан.

Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан. Сайд нарын хамтарсан тушаал гарсан. Ингээд 2015 оны 6-7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр  Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэсэн. Намайг 2015 оны 12 дугаар сард Парист очиход ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор гардуулан өгсөн.

Ингэж бүртгэж авахад нийт 10 шалгуур тавьдаг. Бурхан халдун уул 2 шалгуурт нь их сайн нийцсэн. Хүн төрөлхтний түүхийн чухал үеийг илтгэсэн дурсгалт газар гэсэн шалгуур, энэ дурсгалт газар нь өөрөө тухайн ард түмний зан заншил, язгуур үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг уран зохиол, түүхийн ном бүтээлд шууд холбогдсон байх ёстой гэдэгтэй Бурхан халдун уул сайн нийцэж байгаа. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг дэлхийн бүртгэлтэй болсонд их баяртай байгаа.

Монголын түүхийн нэгэн гайхамшигтай үе эхэлсэн тэр газар нутаг бол Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар юм гэдгийг баталсан баталгаа болж өгсөн. Уг мэдээлэл ЮНЕСКО-гийн веб сайт, бусад мэдээллийн хэрэгслээр тарсан.

Энэ дашрамд хэлэхэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголоос нийт дөрвөн өв бүртгэгдсэн байдаг. Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар соёлын өвийн ангиллаар, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг мөн соёлын өвийн ангиллаар ороод байна.

ЮНЕСКО-гийн биет бус өвийн ангилалд морин хуур, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, бүргэдийн ан, монгол гэр, шагайн харваа гэсэн зүйлс бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад монгол тууль, ардын бүжгийн урлаг-бий биелгээ, хөөмэй, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, монголын уран бичлэг гэсэн таван зүйл орсон. Баримтат өвийн бүртгэлд “Лу.Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур”, “Сахиусан дара эх” гэсэн дөрвөн өв бүртгэгдсэн.

Ингээд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг гардуулж өгье” гэлээ.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан уг батламжид “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” гэжээ.


 

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг Дэлхийн өвд бүртгэсэн үндэслэл:

“Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх соёлын өвийн 10 шалгуурын “Хүн төрөлхтний түүхэн чухал үеийг илтгэн харуулж чадах барилга байгууламж, уран барилга, технологийн цогцолбор, тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй жишээ байх” 4-р шалгуур, “Дэлхий дахины нийтлэг бөгөөд хосгүй ач холбогдол бүхий үйл явдал, амьд уламжлал, үзэл санаа, сүсэг бишрэл, урлагийн болон уран зохиолын бүтээлүүдтэй шууд биет байдлаар холбогдсон байх” 6-р шалгуураар тус тус бүртгэсэн.

Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацийг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын Нууц Товчоонд судлаачид тогтоосноор тахилгат Бурхан Халдун уул 27 удаа, Биндэр уул 3 удаа дурдагдсан тул дээрх VI ба IV шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн байна.

“Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” нь дэлхийн түүхийн тодорхой үе, тухайлбал дэлхийн болон Евро Азийн XII-XIII зууны түүх, тэр дундаа тэр үеийн дэлхийн түүхийг тодорхойлж байсан монголчууд, Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны амьдрал, түүхийг тов тодорхой баримтаар, үнэн зөв батлан харуулж буй түүхийн хөдлөшгүй гэрч нотолгоо болж байгаагаараа Монгол Улс төдийгүй дэлхий дахины түгээмэл бөгөөд хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй соёлын өвийн газар нутаг болж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд Бурхан Халдун уул бол хүн төрөлхтний түүхийн юугаарч орлуулшгүй гайхамшигт гэрч нотолгоо болж байгаа юм.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлсний ач холбогдол:

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэж алдаршуулсан нь түүний дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч үнэлсэн төдийгүй энэ уул бол Монгол үндэстэн үүсч хөгжсөн, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн эх үндсээ тавьсан газар нутаг, Их эзэн Чингис хаан өсөж торнисон, өөрийн зарлигаар Тахилгат уул болгож өргөмжилсөн түүхт уул юм гэдгийг давхар нотолж баталгаажуулсан хэрэг юм.

Монгол үндэстэн, Монголчууд, Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн  үүрэг, үнэ цэнэ, ач холбогдолыг дэлхий дахинд улам тод, товойлгон гаргаж ойлгуулахад тодорхой хувь нэмэр болно.

Одоо Их эзэн Чингис хааныг энд тэнд төрсөн хэмээн булаацалддаг, Бурхан Халдун уулыг тэнд энд байгаа гэж санаатай буюу санаандгүй зарладаг явдал эцэс болсон гэж үзэж болно.Дэлхийн өвийн жагсаалтанд орсноор Эзэн Чингис хааны нэртэй хамт Бурхан Халдун уулын нэр Дэлхийн өвийн Веб хуудсанд зарлагдан дэлхийн зон олон, сая сая жуулчдын анхаарлыг онцгой татах болно.

Бурхан Халдун хайрхан, түүний орчмын газар нутгийг хайрлан хамгаалж хүн төрөлхтний ирээдүй хойч үед өвлөн уламжлуулж хүргэх явдал монгол хүн бүрийн нэр хүндтэй, эрхэм хариуцлагатай үүрэг болж байна.

БУРХАН ХАЛДУНЫ ТАЛААР ТОВЧХОН

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, 415 012 га газар эзлэн оршино.

Их Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг бол умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих эрс тэс биологийн бүсэд зохицсон генетикийн ховор шинж чанар бүхий биологийн эртний олон арван зүйлийн унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдэн тогтсон дэлхийд өвөрмөц онцлогтой газар нутаг юм.

Дэлхийн усны гурван том ай савын уулзварт Сибирийн мөнх цэвдгийн өмнөх сэжүүрт байрладаг, Их Бурхан Халдун уулын хоёр сугаас эх авсан Онон, Хэрлэн голууд нь Номхон далайд, Туул Хараа, Ерөө голууд Умард мөсөн далайд ариун усаа өгч хайрладаг билээ. Ийм учраас энэ тахилгат газар нутаг дэлхийн усны нөөцийг бүрдүүлж, Зүүн хойт Азийн экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Төв Азийн нүүдэлчид энэ нутагт эртнээс нааш амьдрахдаа байгаль, дэлхийгээ дээдэлж. тэнгэр, газар, уул усаа тахин шүтэж ирсэн юм. Бурхан Халдун уулын орчимд үүсч бэхжин хөгжсөн язгуурын монголчууд бөө шүтлэгээ сахин, уул овоогоо шүтэж, цацлаа өргөж, тайж тахих ёс, зан үйлтэй байсан нь үеэс үед өвлөн уламжлагджээ.

Бурхан Халдун уулыг тахин шүтэх бөөгийн ёс заншил, зан үйл нь Их Монгол гүрний үеэс Их хаадын төрийн тайлга тахилгын ёслол болон өргөжиж, хожмоо бурхны шашны сургаал, зан үйлээр баяжин хөгжсөн юм.

Их Монгол улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Богд Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон билээ. Бурхан Халдун уул бол Монгол үндэстний голомт нутаг, язгуурын Монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан, Чингис хаан өөрөө тахиж байсан, их хаадыг оршуулсан, монголчуудын эрхэм дээд шүтээн уул билээ.

Бурхан Халдуныг тойрсон энэ нутаг нь “Гурван голын эх нутаг" гэж алдаршсан юм. Бурхан Халдун уулын орой дээрээс монголчуудын шүтээн болсон Онон, Хэрлэн, Туул голуудын эх авсан газрууд, алдарт Хэрлэн болон Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа зэрэг “Монголын нууц товчоо" болон бусад сурвалжид дурдсан түүхт газрууд тов тодхоноо харагддаг Бурхан Халдуны эргэн тойронд, “Их газрын даваа”, “Их хааны энгэр”, “Их даваа”, “Их отго”, “Их уул” зэрэг нэртэй шүтлэгт газрууд олон байгаа нь Монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны тод илэрхийлэл юм.

Чингис хаан Бурхан Халдун уулыг монголчуудын сүлд шүтээн уул болгон тунхаглаад, “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн алдарт захиасаа хойч үедээ үлдээсэн. Энэ үеэс монголчууд Бурхан Халдун уулаа хайрлан хамгаалж, төрийн шүтээн тэр ууланд хүрэх ганцхан зөрөг зам дээр Урианхай омгийн 1000 цэргийг харуулаар суулгаж, улмаар бөөгийн болон бурхны шашны зан үйл үйлдэж тахидаг уламжлал XX зууны эхэн хүртэл хадгалагдаж иржээ.

Бурхан халдун хайрханы тухай “Монголын Нууц Товчоо”, “Лу.Алтан товч”, ”Судрын чуулган”, Да Юань улсын түүх зэрэг монголын түүхийн сурвалж бичгүүдэд дурдагдахаас гадна XIX зууны сүүлчээс өрнөдийн орны жуулчид, судлаачид сонирхон судалсаар иржээ. Мөн шинжлэх ухааны үүднээс Х.Пэрлээ (1963), С.Бадамхатан (1997), Ш.Нацагдорж (1991), Р.Сайшаал (1991) зэрэг эрдэмтэд судалсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар Хан хэнтийн уулыг тайх уламжлалыг сэргээн төрийн тахилгат уул болгосон.

Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Бурхан Халдуныг “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн байна.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын соёлын бусад өвийн тухай мэдээлэл:

Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт дөрвөн өв бүртгэгдээд байна. Үүнд:

– 2003 онд “Увс нуурын ай сав газар” байгалийн өвийн ангиллаар (ОХУ-тай хамтран);

– 2004 онд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар” соёлын өвийн ангиллаар;

– 2011 онд “Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар” соёлын өвийн ангиллаар;

– 2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэгдсэн юм.

Соёлын биет бус өвийн тухайд:

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага билээ. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх явдал хамгийн чухал юм.

Монгол Улсаас “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д  7 өв бүртгэгдсэн байна.

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)

  2. Монгол ардын уртын дуу (2008 он, БНХАУ-тай хамтран)

  3. Хөөмэй (2010 он)

  4. Монгол наадам (2010 он)

  5. Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)

  6. Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)

  7. Шагайн харваа (2014 он)

Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалт”-д 5 өв бүртгэгдээд байна.

  1. Монгол тууль (2009 он)

  2. Монгол ардын бүжгийн урлаг – Бий биелгээ (2009 он)

  3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)

  4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа (2011 он)

  5. Монгол Уран бичлэг (2013 он)

Баримтат өвийн тухайд:

Баримтат өвийн үнэт дурсгалуудыг гэмтэж устахаас сэргийлэн хадгалж хамгаалах зорилгоор ЮНЕСКО-гийн 1992 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй 4 судар ном бүртгэгдсэн:

  1. Лу. Алтан товч (2011 он)

  2. Монгол шунхан Данжуур (2011 он)

  3. Есөн эрдэнийн Ганжуур (2012 он)

  4. Сахиусан Дара эх (2014 он)

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж