Монголын кино урлаг "шал арчиж" байна

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Монголын кино урлаг "шал арчиж" байна

Монголын кино урлаг "шал арчиж" байна

Манай киночид сүүлийн үед “Зэрлэгүүдийг хүлээхүй”, “Хар сувдны нууц 2”, “Хэлгүй жим”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “37 дугаар точка” зэрэг уран сайхны киногоор үзэгч олныг баясгаж байна. Хэдийгээр дэлхий дахинаа цар тахлын улмаас хөл хориотой байсан ч цоо шинэ уран бүтээлүүд ар араасаа төрөн гарч, эхнээсээ онлайнаар нээлтээ хийгээд буй. Харамсалтай нь үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгах кино тун цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Монгол кинонуудад өнгө будаг, зүс царай, тансаг машин, үнэтэй костьюм, үнэтэй орд харшаас их юм алга. Сүүлдээ лайв хийж, шорлог зарж олны танил болсон Осоржамаа гэх залуугийн амьдралаар кино хийх л дутаж. Сүүлийн үед хэн дуртай нь камер барьж, олны анхаарлыг татан ашиг олохыг хүсдэг болж, хатуухан хэлэхэд Монголын кино урлаг шал арчиж байна.

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” хэмээх шинэ киногоо танилцуулсан нь олны шүүмжлэлд өртөөд буй. Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ шүүхээс  долоон жил 10 сарын хорих ял сонсч, гурван сар 10 хоног хоригдоод, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Харин жүжигчин Д.Оюунтуулын хувьд торгуулийн ял хүлээгээд зогсохгүй эрүүл мэндийн хувьд насаараа хохирогч болоод үлдсэн. Жүжигчин Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдсэн тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Кинонд юу өгүүлэх вэ гэдгээс үл хамааран нийгэмд үлгэр дууриал үзүүлэх үүрэгтэй урлаг, соёлынхон өрөвдүүлэх, өөрийн эрх ашгаа харсан, бусдыг буруутгасан зэрэг урлаг гэх утгаа алдаж, соён гэгээрүүлэх үндсэн үүргээсээ ухрах вий гэсэн болгоомжлол олон бий.

Олны шүүмжлэл дагуулж буй “Эхиймаа” киноны талаар найруулагч Д.Золбаяр ярихдаа “Юуны өмнө би жүжигчин Ц.Алдармаагийн тухай биш өөрсдийнхөө тухай ярьсан дээр байх. “Монгол фильм” групп бол цэвэр уран сайхны киногоор дагнаж ирсэн компани. Бид дангаараа болон бусад уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Өнгөрсөн өвөл Ц.Алдармаа бидэнд хандаж, кино хийх санал тавьсан. Тэр утгаараа “Монгол фильм” компанийн захиалгын кино гэсэн үг. Бид бол зөвхөн гүйцэтгэгч. Зарим хүн “Мөнгө олох гэж ийм кино хийж байна” гэж шүүмжилсэн байна лээ. Бидний хувьд зохих үнэ хөлсөө тохирч, киног хийж өгсөн.

Жүжигчин Ц.Алдармаатай холбоотой хэргийн талаар хүмүүс мэднэ. Бид киногоо ямар өнцгөөс хийх гэж байгаа талаар өөрөөр нь эхлээд яриулсан. Ц.Алдармаагийн хувьд тухайн үед үзсэн зовлонгоо үзэгчдэдээ хуваалцах юмсан гэдэг хүсэлтийг тавьсан. Бид болсон явлын талаар бүгдийг нь яриулсны дараагаар “Энэ бол эх хүний тухай байх ёстой юм байна” гэж ярилцаад, зохиолоо гаргасан.

Энэ кинон дээр болж өнгөрсөн хэргийн талаар ярьж, хэн нэгнийг буруутган яллаж, хохирогчийг гомдоосон асуудал байхгүй. Өнөөдөр би зориуд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Энэ кинон дээр тухайн үедээ болж өнгөрсөн гэмт хэргийн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэр гэмт хэргийн тухай үйлдэл гарахгүй. Шоронд хоригдож буй эх хүний сэтгэл ямар байдаг вэ гэдгийг л харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгнийг яллаж, шүүдэг шүүхийн байгууллага биш. Бид уран бүтээлч хүмүүс.Тийм учраас жүжигчин Ц.Алдармаагийн үзсэн, харсан зүйл дээр уран сайхны баяжуулалт хийж, киногоо хийсэн” гэв.

Тэрбээр “Бид энэ киног хийхийн тулд судалгаа хийсэн. Орчин үеийн хорих ангиуд хүний эрхийг дээдэлдэг болсон байна. Тэнд ядаж л өнгө будаг нь гэгээлэг өнгөтэй, том цонхтой, гэрэл гэгээтэй байдаг болсон. Гэхдээ бид энэ кинон дээр ингэж хийгээгүй. Баримтат кино шиг хорих ангийн орчныг тэр чигээр нь харуулах бус энэ киног үзээд тийм газар руу очихгүй юмсан гэж хүмүүсийг бодоосой гэдэг үүднээс зориуд хүмүүсийн төсөөлөлд байдаг шоронг дүрсэлсэн. Энэ бол уран сайхны арга шүү. Хүмүүс шоронг айдас хүчирхийлэлтэй газар гэж харж болох ч хүний эрхийг дээдэлдэг болсон байна. Гэхдээ бид амралтын газар очсон юм шигээр гаргаж болохгүй учраас уран сайхны хэтрүүлэг жаахан хэрэглэсэн” гэдгийг онцлон хэлсэн юм.

Өдгөө манай зах зээлд “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Өргөө” зэрэг цөөн хэдхэн кино театр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ойролцоогоор бүтэн жилийн туршид сар бүр 4-5 кино шинээр нээлтээ хийдэг байна. Монголын кино театруудад кино үздэг давтамжуудыг авч үзвэл жилд гурван сая орчим тасалбар борлуулдаг аж.

Уран бүтээлчдийн хувьд цөөн хэдхэн кино театрт “баригдчихсан” гэж хэлж болно. Кино урлагийн нэгдсэн зохицуулалт байхгүйгээс кино театрынхан мөнгө олдог киног л дэлгэцнээ гаргадаг гэдгийг зарим уран бүтээлчид хэлж байв.

Нэг үеэ бодоход киноны уран бүтээлчид цаг үеэ мэдэрсэн кино хийхийг хичээдэг болсон нь анзаарагдах болсон. Мөн сэдвийнхээ эрлийн жолоог хүний сэтгэлийн гүн рүү хандуулж,  амьдралын үнэнийг бодитоор харуулахад нэлээд анхаардаг болсон нь сайшаалтай. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон жүжигчин найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд театрын уран бүтээлчид монгол кинонд түлхүү орж ирснээр кино урлагийг “амь оруулж” байна гэдэгтэй уран бүтээлчид санал нийлэх байх.

 “Энэ хүүхнүүд үү” /1963/, “Суварган цэнхэр уулс”/1978/, “Сэрэлт”/1957/ зэрэг хуучны монгол кинонуудыг хэзээ ч, хэдэн ч удаа үзсэн уйдаахгүй хэвээрээ. Учир нь, эдгээр кинонд бидний амьдралд эрхэмлэдэг хүн хүнээ хүндэтгэх, хайрлах, сайн сайхны төлөөх хүмүүс хоорондын зөрчилдөөн гээд  бодит амьдралыг уран сайхны аргаар дэлгэцийн урлагт өгүүлж чадсаных юм.

Найруулагч Д.Золбаяр “Миний хувьд оюутан байхдаа 1996 онд анх кино хийж эхэлсэн. Тэр цагаас хойш би 25 жил цэвэр уран сайхны киногоор дагнаж байгаа хүн. Хүмүүс “Одоо монгол кино хөгжиж байна” гэж ярьдаг. Үгүй юм. Монгол кино угаасаа хөгжиж байсан. Уран бүтээлчид 1990-ээд онд ч, 2000 оны үеэр ч олон кино хийж байсан. Ерөөсөө л жигд хөгжилтэй яваад байгаа. Орчин цагт техник технологи нь илүүтэй хөгжсөн байх. Бид анх 1990-ээд оны үед кино хийж байхад видеогоор хийдэг байлаа. Одоогийн дижитал камертай харьцуулбал, 4К гэдэг хэмжээнээс 20 дахин жижиг, мэргэжлийн бус техникээр кино хийдэг байлаа. Гэтэл одоо бол шинжлэх ухаан, технологи хөгжиж, сайн чанарын камерууд олшрохоос гадна хямдарсан учраас хэн ч  кино хийх боломжтой болжээ. Зарим үзэгчдийн хувьд киноны дүрсний чанар нь сайжрахаар маш сайн кино болсон гэж өрөөсгөл ойлгодог юм шиг.

Өнөөдөр кино урлагийн зах зээлд шинээр маш олон кино гарч байгаа учраас бүгд үзэгчдэд тэр бүр хүрч чадахгүй байна. Зарим сайн киног ч хийж байгаа. Энэ бол зах зээлийн жам. Хэн дуртай нь муу кино хийж байхад зарим нь олон жил бодож байгаад кино хийж байна. Нэг бодлын кино гэдэг чинь өөрөө их аюултай зэвсэг. Киног буруу хийвэл хүн төрөлхтөнийг буруу тийш нь дагуулж, болзошгүй. Тийм учраас кино урлагийг бодлогоор зохицуулдаг байх хэрэгтэй. Жишээлбэл, хамгийн ардчилсан улс болох АНУ-ын кино урлаг нь төрийн зохицуулалттай. АНУ-д ямар нэгэн кино хийчихээд Америкийн киноны холбооноос зөвшөөрлөө авдаг. Ингэхдээ тус холбооноос “Энэ киног энэ ангилалд оруулна”, “Энийг хүүхдэд үзүүлж болохгүй” зэргээр ангилж, зөвшөөрлийг нь олгож, зохицуулдаг” талаар ярилаа.

“Өнгөрсөн хугацаанд манай уран бүтээлчид жилд 40-50 кино хийж байхад сайн кино ч их байсан, муу кино ч их байсан. Кино бол хамтын уран бүтээл учраас дотор нь задалж ярих цаг болсон" гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал яриандаа онцлов.

Тэрбээр "Зөвхөн жүжигчин нь сайн тоглоод бусад нь муу кино байхад маш муу зохиолтой мөртлөө маш сайн зураг авалттай кино их байдаг. Хамтын уран бүтээлийг АНУ-ын кино академи задалж шүүдэг шиг киног бас задлах хэрэгтэй. Ингэхдээ кино зохиол, найруулга, жүжигчний тоглолт, тайз зураг чимэглэл, хөгжмийн найруулгыг тус бүрт нь ярьж байж сайн кино болсон уу гэдгийг ярилцана. Өнөөдөр уран бүтээлийн шаардлага хангахгүй кино олон байна. Кино урлаг дүрслэн үзүүлэхээс гадна бие даасан урлаг шүү дээ. Үүний цаана хэлэх гэсэн санаа, өгүүлэх өгүүлэмжтэй, баярлах жигшүүлэх  үйл явдал, сэдэвтэй байх хэрэгтэй.

Түүхэн киноны хувьд “2000” гээд үйл явдал сонгосон ч залуу шинэ үеийнхэн улс эх орон, эрх чөлөө, хувь заяаныхаа төлөө хэрхэн тэмцэж, ямар үүрэг хариуцлага ухамсарлаж авч үлдэхийг огт өгүүлээгүй мэт санагддаг. Тухайн түүхэн үйл явдал, өнгө будаг, баатарлаг үйл явцуудыг хараад л нэг удаа үзээд маргааш нь сэтгэлд үлдэхээргүй кино хийж байна. Хуучны монгол киног үзэхээр ерөөсөө мартагддаггүй. Тэр амьдралд их ойроос гадна маш их бүтээлчээр хандсан тул дүр болгон нь урлагийн түвшинд үнэмшилтэй зөв байсных биз.

Хэрвээ энэ олон жижиг продакшн хүчээ нэгтгэж чадвал арай дөмөгхөн уран бүтээл рүү орж болох юм шиг санагддаг. Би өнөөдөр гэрэл тавих, зураг авалт, хөгжим, зураачийн тухай ярьсангүй. Тус тусын мэргэжилтнүүд нь өөрсдийн байр сууриа  хэлэх хэрэгтэй. Мөн монгол киноны диалоги буюу харилцан яриа ерөөсөө таалагдахгүй байна. Уран сайхны кино бол урлаг. Бидний эгэл жирийн гудамжны яриа урлаг болж чадахгүй. Яагаад гэвэл киногоор дамжуулан хэлж буй үг нь зорилготой, далд давхар санаатай, ёжлол егөөдөлтэй, хүний хорыг маажсан байж хүний сэтгэл зүрхэнд хүрдэг нигууртай. Энэ бүхэн байхгүй болохоор хүний сэтгэлд ерөөсөө хүрэхгүй байна. Хоёр хүн “Сайн, сайн байна уу. Сайн сайн” гээд л өнгөрдөг. Гэтэл киноны харилцан яриа нь уран зохиолын дэвсгэр дээр хөгжсөн, киноны нэг бүрэлдэхүүн хэсэг. Тийм үг хэзээ ч цээжнээс ховхрохгүй аливааг ухааруулж, сэнхрүүлэх хүчтэй байдаг” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал өгүүлсэн юм.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
184
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
16
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж