"Гэр бүлээрээ Монголын даамны хөгжилд хувь нэмрээ оруулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

"Гэр бүлээрээ Монголын даамны хөгжилд хувь нэмрээ оруулж байна"

"Гэр бүлээрээ Монголын даамны хөгжилд хувь нэмрээ оруулж байна"

100 буудалт даамын олон улсын их мастер, Азийн хоёр удаагийн аварга, Монголын анхны эмэгтэй их мастер Мөнхбаатарын Нямжаргалтай ярилцлаа. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахим хэлбэрээр зохиосон "Үндэстнүүдийн цом" багийн ДАШТ-д Монголын даамын эмэгтэй баг амжилттай тоглон түрүүлсэн юм.


-Танд өдрийн мэнд хүргэе. Монголын 100 буудалт даамны шигшээ баг сая зохион байгуулагдсан “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээнд түрүүллээ. Юуны өмнө оролцсон тэмцээнийхээ талаар яриач?

-Баярлалаа news.mn сайтын уншигч та бүхэнд ч энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил цар тахалтай холбогдуулан олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулагдсангүй. Тиймээс дэлхийн даамны холбооноос “Үндэстнүүдийн цом” гээд хамгийн том тэмцээнээ зургадугаар сарын 30-наас наймдугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд эмэгтэй 11 улсын баг, эрэгтэй 29 улсын баг оролцсон. Нийт гурван сар гаруй үргэлжилсэн тэмцээний шигшээ шатанд манай баг түрүүллээ. Эхний ээлжинд эмэгтэй 11 улсын багууд хоорондоо тойргоор тоглоход манай баг тавдугаар байранд шалгарч хагас шигшээ шатанд оролцох эрхээ авсан. Ийнхүү хагас шигшээ шатанд Хятад, Оросыг ялан финалын тоглолтонд Беларусь улсын хүчтэй багийг ялан түрүүлсэн.

-Багийн бүрэлдэхүүний талаар яривал. Багийн цөм нь залуу тоглогчдоор бүрдсэн харагдаж байлаа?

-Манай багийн бүрэлдэхүүн ерөнхийдөө жигдхэн, залуу бүрэлдэхүүнтэй оролцсон. Хамгийн хөгшин тамирчин нь 27 настай байсан бол хамгийн залуу нь 13 настай байсан. Багийн дундаж наслалт 18. Өсвөрийн тамирчид багийн цөмийг бүрдүүлсэн. Онлайн тэмцээн байсан учир миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр тоглож байлаа. Нэг багт найман тамирчин байх бөгөөд дөрөв нь л тоглолтонд оролцоно. Зарим тамирчид нь тоглолтонд оролцох боломжгүй үед сэлгээний дөрвөн тамирчнаас оролцох боломжтой байснаараа онцлог.

Өрсөлдөгчтэйгөө нүүр нүүрээ харж тоглох, онлайнаар компьютерийн араас тоглох хоёр хэр ялгаатай байв?

-Үндэстнүүдийн цомын тэмцээн маань рапид буюу 15 минут нэмэх нь таван секундын бонус гэсэн дүрэмтэй. Ерөнхийдөө дор хаяж дөрөв, таван цагийн тоглолтууд явагддаг. Харин саяны тэмцээний хувьд онлайн байсан учир илүү багасгасан хугацаатай зохион байгуулагдлаа.

-Онлайнаар тоглохын тулд бэлтгэл хийсэн үү?

-Даамын спортод практик тоглолт аягүй чухал байдаг л даа. Жирийн үед ч бэлтгэл хийх боломжгүй үедээ гэрээсээ онлайнаар хоорондоо холбогдож тоглодог. Олон улсын тамирчидтай ч шөнийн тэмцээнд оролцож энэ тал дээр их туршлага хуримтлуулж байсан.

-Дэлхийн 11 улсын тив тивийн эмэгтэй баг оролцсон гэхээр тэмцээний явцад цагийн зөрүү гарч байв уу?

-Манай цаг бусдаасаа түрүүлж явж байсан учир шөнийн 22:00, 23:00 цагуудад тоглолт хийх шаардлага гарч байлаа. Яг Хятад улстай л цагийн зөрүүгүй 20:00 цагт тоглож байжээ. Европын багуудтай тоглох үед манайд шөнө байхад Европт 16:00, 17:00 цаг болж байдаг.

-Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль байсан бэ? Беларусь улсын багтай хүндхэн тоглолтыг хийсэн гэсэн.

-Тив дэлхийн тэмцээн уралдаанд олон оролцож байсан миний хувьд өмнө нь учраа таарч байсан тамирчидтайгаа тоглосон. Ерөнхийдөө ихэнхи тамирчдынх нь тоглолтын арга барилыг мэддэг гэж хэлж болно. Өсвөрийн ДАШТ-ээс л эхлэн өрсөлдөж ирсэн тамирчид байсан. Тэмцээний дараа Европын багууд манай багийг жигдхэн бүрэлдэхүүнтэй сайн баг байсныг дурдсан байна лээ. Би ч гэсэн баг маань жигдхэн бүрэлдэхүүнтэй байсан учир ийм амжилтыг үзүүлсэн гэж бодож байна.

Хэн багшийн удирдлага дор саяны тэмцээнд оролцсон бэ?

-Олон улсын их мастер Г.Ганжаргал ах маань бид нарыг дасгалжуулж, бэлтгэсэн. Мөн даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын их мастер/ОУИМ/ Р.Манлай ах бидэнд хажуунаас зөвлөж байсан.

-Онлайн дээрээс нь цагийн зөрүүтэй тэмцээнд оролцжээ. Өөр ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учрав уу?

-Надад ч нэг их гараад байсангүй. Аль болох өөртөө таатай орчныг бүрдүүлэхийн тулд орой өрөөндөө ганцаараа сууж байгаад тоглодог байсан. Харин манай багийн зарим тамирчид хөдөө, интернетгүй газарт явж байсан ч тоглолтондоо оролцож байсан бахархууштай. Заримдаа миний ажил амжихгүй байх үедээ сэлгээний тамирчнаа тоглуулж байсан.

 -Энэ жил цар тахалтай холбогдуулан урлаг, спортын олон арга хэмжээ цуцлагдлаа. Таны хувьд ямар төлөвлөгөөтэй байсан бэ?

-Монголын даамны хувьд хаврын улиралд ихэнхи тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг байсан юм. Даанч цар тахлын улмаас боломж нь бүрдсэнгүй. Тэгсэн ч бид байнгын бэлтгэлтэй байх үүднээс амралтын өдрүүдэд хоорондоо онлайн тэмцээн зохион байгуулдаг байсан. Саяны тэмцээнд тоглоогүй удаж байгаад тоглосон сайхан л байлаа. Уг нь тавдугаар сард Малайз улсад зохион байгуулагдах Азийн АШТ-д оролцох бодолтой байсан. Азийн аваргаасаа шалгарч ДАШТ-д оролцох эрхтэй болдог л доо. Даанч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Дараа жилийн ч тивийн АШТ болон ДАШТ хойшлогдох төлөвтэй байна.

-Та анх хэдэн настайдаа даамны спортод хөл тавив?

-Би анх зургаан настайгаасаа эхлэн даам тоглож эхэлсэн. Манайх ерөнхийдөө гэр бүлээрээ даам тоглодог гэж хэлж болно. Одоо хоёр дүү маань ч хүртэл даамны спортоор амжилттай хичээллээд явж байна.Саяхан нэг дүү маань өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн хоёрдахь эрэгтэй Монгол хүүхэд боллоо.

 -Даамны спортын юунд нь дурлаж, ингэж гүн орж тоглов?

-Аав, өвөө маань их тоглодог байсан л даа. Мөн даамны спортын комбинаци гэж байдаг. Олон нүүдлийн цаанаас тооцоолдог. Нэг өгөөд олон идэх эсвэл хэд хэд өгөөд идэх зэрэг гээд аягүй тактиктай. Үүнд нь л татагдсан даа.Ер нь даамны спортоор хүүхдүүд хичээллэх нь ач тустай гэж боддог шүү. Багаас нь логик сэтгэлгээг нь сайжруулж, тархины олон хэсгийг нэгэн зэрэг хөгжүүлдэг.

-Хэн багшийн удирдлага дор анх даамны спортын эрдмийг сурч байв?

-Анх "Алтан титэм" клубын Т.Пүрэвдорж багшид шавь орж байлаа. Манай багшийг Монголын даамны амьд түүх гэж нэрлэдэг л дээ. 1950-аас оноос эхлэн Монголд нэвтэрч эхэлсэн даамны спортоор хичээллэж, одоо хүүхэд багачуудад зааж сургаж байгаа хүн бий. Би долоон настайгаасаа эхлэн Т.Пүрэвдорж багшийн удирдлага дор тоглож эхэлснээсээ хойш өдийг хүртэл чамгүй олон хүмүүстэй хамтарч ажилласан байна.

-Хэдэн онд анх хилийн дээс алхаж гадаадад тэмцээн уралдаанд оролцсон бэ?

-2007 онд 11 настайдөө Франц улсад зохион байгуулагдсан өсвөрийн ДАШТ-д оролцож байв. Тухайн үед манай улсаас хоёрхон тамирчин тус тэмцээнийг зорьсны дотор би болон манай Г.Гэрэлболд ах багтаж байсан. 11 настайдаа л өсвөрийн ДАШТ-ий 16 хүртэлх насны ангилалд оролцож байсан юм. Харин Г.Гэрэлболд ах маань Монголын анхны дэлхийн аварга болсон.

-Азийн аварга болж байсан мөчөөсөө хуваалцвал?

– Анх 2010 онд эмэгтэйчүүдийн даамны Азийн АШТ Монгол улсад зохион байгуулагдаж байлаа. Тэр тэмцээнд гуравдугаар байранд шалгарсан л даа. Харин дараа нь 2012 онд Малайз улсад зохион байгуулагдсан Азийн АШТ-д түрүүлж, Монголын төдийгүй Азийн анхны эмэгтэй их мастер болсон. Их л баяртай байсан.

-Чухал, шийдвэрлэх тоглолтуудын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Ер нь тоглолт эхлэхээс 10-15 минутын өмнө аль болох өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Юу ч бодолгүй зөвхөн тэмцээндээ л анхаарлаа төвлөрүүлэхийг зорьдог. Саяны онлайн тэмцээний хувьд ч гэсэн их зүгээр байлаа. Тоглолт эхлэхээс өмнө өрөөндөө ганцаараа байж, төвлөрч тоглож чадсан.

Таны санаанаас ер гардаггүй тэмцээн байна уу?

-Оролцож байсан бүхий л тэмцээнүүд маань их дурсамжтай  л даа. Гэхдээ 2020 онд Азидаа дахин түрүүлээд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 10 даамчин оролцсон Орост зохион байгуулагдсан тэмцээнд оролцсон. Тэр бол миний хувьд туршлага хуримтлуулсан, даамны спортын өөр шинэ өнцгөөс харах болсон том тэмцээн болсон гэж боддог. Дэлхийн бүхий л шилдэг даамчид хүрэлцэн ирсэн байсан. Дэлхийн арван удаагийн аварга Алексей Чижов гээд одоогоор дэлхийн номер нэг даамны тамирчин гэж яригддаг хүний тоглолтын хажуунаас нь харж байлаа. Мөн Георгий гээд сүүлийн жилүүдэд хүчтэй түрэн гарч ирж байгаа тамирчны тоглолтуудыг их харлаа. Өөрийнхөө шүтэж, тоглолтуудыг нь хардаг хүмүүстэй нэг тэмцээнд орсон гэсэн үг л дээ.

-Таны ойрын төлөвлөгөө юу вэ?

-Даамны спортын хувьд 19 нас хүртэлх залуучууд гэж явдаг бол 20 наснаас эхлэн насанд хүрэгчдийн гэж явдаг. Өмнө нь бол дандаа л өсвөрийн, залуучуудын ДАШТ-д оролцдог байлаа. Харин насанд хүрэгчдийн ДАШТ хоёр жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Зөвхөн тивдээ аварга болсон тамирчид оролцдог. Миний хувьд 2016 онд Азидаа түрүүлээд 2017 оныхоо ДАШТ оролцож, дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлдөхөд сүүлийн тоглолтондоо ялалт байгуулсан бол шагналт дөрөвдүгээр байранд орох байсан юм. Гэвч сүүлийн тоглолтондоо харамсалтай нь хожигдоод долдугаар байранд шалгарч байлаа. Гэхдээ чамлахааргүй том амжилт. Миний ойрын төлөвлөгөө гэвэл энэ амжилтаа л ахиулах байна даа.

-Та бас даамны спортор хичээллээд багагүй олон жил болжээ. Таны бага байхад байсан Монголын даамны хөгжил, түвшин одоогийнхтой харьцуулбал хэр өөрчлөгдсөн бэ?

-Дээр үед намайг тоглож эхлэж байхад насны ангилал их цөөхөн байсан. Одоо бол нас насны ангилалд тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна. Тэмцээний тоо ч нэмэгдэж, чанар нь сайжирсан гэж боддог. Тамирчдын хувьд ч гэсэн их түвшин ахисан. Жишээлбэл, би нэг л тийм баригдмал өргүүдийг хийдэг байсан бол одоо илүү уян хатан, чөлөөтэй тоглодог болсон. Гадаадад тэмцээн уралдаанд оролцох тусам тамирчид хөгжиж, илүү нээлттэй чөлөөтэй тоглодог болсон. Одооны хүүхдүүдийн түвшин их сайн. Бараг бид нартай ижил түвшинд тоглодог болсон. Гадаад номнуудыг судалж, онол их сайн үздэг болсон байна лээ.

-Монголд даамны спорт хөгжихтэй зэрэгцэн энэхүү спортыг маань ойлгодог, дэмждэг ивээн тэтгэгч байгууллагууд, хүмүүс хэр нэмэгдсэн бэ?

-Даамны спорт маань олимпийн бус төрөл учир ивээн тэтгэгч татах нь сул. Улсаас гадаадад тэмцээндээ сайн оролцоод, шагнал хүртсэн тохиолдолд л шагнаж урамшуулдаг. Тэрнээс биш тэмцээнд оролцох зардал мөнгө бол өгдөггүй. Монголын даамны тамирчид гадаад руу тэмцээнд оролцох болвол өөрсдөө зардлаа даадаг. Миний хувьд аягүй азтай. Өвөө, аав, ээж маань багш байсан учир шавь нар нь намайг их тусалж, дэмждэг. Мөн таньдаг хүмүүс, нутгийнхан маань их дэмждэг.

-Одоогоор Монголын даамны спортод ямар ямар хүндрэлүүд байна вэ?

-Эхний ээлжинд ядаж улсын шигшээ багтай болох хэрэгтэй. Өсвөрийн тамирчид маань их мундаг ш дээ. Тухайн жилийнхээ өсвөрийн УАШТ-д түрүүлсэн тамирчдын гадаад руу тэмцээнд явах зардал, мөнгийг нь дааж байвал их зүгээр санагдсан. Олон л чадварлаг тамирчид зардал мөнгөнөөс болж тэмцээн уралдаанд оролцож чадахгүй нөхцөл байдалтай байна. Залуу үеэ л сайн хөгжүүлэх хэрэгтэй байх.

-Монгол бол Азидаа даамны спортоороо шилдгүүдийн нэгд тооцогддог. Тэгвэл дэлхийтэй харьцуулбал хэр байдаг юм бэ?

-Азид бол Казахстан, Узбекстан, Тажикстан, Монголын багууд шилдэгт тооцогддог байсан юм. 2008 оноос эхлэн Хятадын баг тамирчид их хүчтэй гарч ирсэн. Дэлхийн даамны спортын шилдэг орон Оросоос багш дасгалжуулагчдыг урилгаар ажлуулах нь их байдаг. Өмнө нь Орос, Нидерланд, Беларус, Украин зэрэг улсууд дэлхийд ноёрхдог байсан бол сүүлийн жилүүдэд Хятадууд их хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол ч гэсэн тэднээс дутахгүй, өсвөр үе, залуучуудын ангилалдаа Азидаа хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. Энэ эрчээ л алдахгүй байх нь гол.

-Монголд багш, дасгалжуулагчийн хүрэлцээ, чадвар нь хэр байдаг вэ?

-Багш, дасгалжуулагчийн хувьд Монголын даамны спортын ганц гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг, ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ Р.Манлай ОУИМ Ч.Хашчулуун гэх зэрэг ах нар маань байна. Тамирчин ахуй цагтаа шилдэг байсан тамирчид одоо ингээд багш, дасгалжуулагч болоод клуб нээн ажлуулж байна.

-Таны хувьд ирээдүйд багш болох, шавьтай болох бодол бий юу?

-Аав ээж хоёр маань даамны спортод их хорхойтой учир аавдаа л клуб байгуулж өгнө гэж боддог. Би бол арай л болоогүй байна. Амьдрал тогтворжоод ирэхээр л клуб нээн, дасгалжуулагч болох боломж олдох байлгүй.

-Таны ярианд өвөө, аав, ээж тань хэд хэдэн удаа дурдагдлаа. Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?

-Манай өвөөг Н.Нямцогт гэдэг. Даам, шатрын спортын мастер цолтой хүн байсан. Одоо бол бурхан оронд байгаа. Өвөө маань аавд, дүүд нь зааж өгсөн. Тэр нь надаар болон манай дүү нараар дамжаад явж байна. Дүү маань дэлхийн аварга болоод би Азийн аварга боллоо. Манай бага дүү ч гэсэн одоо тоглож байна. Манай аавыг Н.Мөнхбаатар гэдэг. Мөн даамны спортын мастер. Ээжийг маань Ариунбаяр гэдэг. Олон жил даамны холбооны удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичиг гээд арын албанд ажилсан хүн бий. Манай дүүг М.Шийравжамц гэдэг. 2016 онд зохион байгуулагдсан өсвөрийн ДАШТ-д түрүүлж, 2019 онд Турк улсад зохион байгуулагдсан залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин.

-Гэр бүлээрээ даамны спортод хайртай учир бие биенийгээ их сайн ойлгож, дэмждэг байх?

-Тийм шүү. Манай өвөө л гэхэд 30, 40 жил даамны спорттой холбогдсон. Би 20 гаруй жил холбогдож байна. Анх гадаад руу тэмцээн уралдаанд аав ээжтэйгээ л явдаг байлаа. Зөвхөн надаас гадна олон даамны хүүхдүүдийг хариуцан явж, тэмцээнд оролцдог байсан юм. Гэр бүлээрээ л Монголын даамны хөгжилд хувь нэмрээ оруулж байна даа.

-Танд юу гэж зөвлөдөг вэ?

-Ер нь намайг гадаад руу тэмцээн уралдаанд явж газар үзэж, орон орны тамирчидтай тоглож нүд нээгээсэй гэж их хүсдэг. Мөн намайг дэлхийн аварга болохыг их хүлээж байгаа. Би чинь сүүлийн хэдэн ДАШТ-үүдэд цөөн оноогоор л медальт байрнаас хасагдаж байлаа. Харин үүнийг маань гүйцээж манай дүү дэлхийн аварга болсонд би их баяртай байгаа.Цааш цаашдаа ч гэсэн насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлэхийг зорино.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та манай уншигчдад хэлэх зүйл байна уу?

-Цар тахлын улмаас хүүхдүүд гэртээ телевиз, гар утас л үзэж, амьд харилцаа үүсгэхгүй, өөрсдийгөө хөгжүүлэх нь хомс байна. Ядаж чөлөөт цагаараа тархиа хөгжүүлж, сэтгэлгээгээ сайжруулахын тулд даам биш юмаа гэхэд өөр логик тоглоом тоглоосой гэж хүсч байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж